Голомт банкинд юу болоод байна вэ. Банк байх уу, үгүй юу гэдэгтээ тулав уу. “Голомт” банкны ТУЗ-ийн гишүүд нь хоорондоо хөлөө жийлцэж буйгаа ил тод зарлаж эхлэв. Аль өнгөрсөн жилээс л энэ маргаан хэвлэлээр гарсан. “Голомт банк”-ны ТУЗ-ийн гишүүд хоорондоо түнжин хагарчээ, тус банк дампуурахад ойрхон байна гэх мэдээлэл нэг биш хэвлэлээр гарсныг санаж байна. Харин энэ бүхэнд “Голомт” банкны удирдлагууд, хувьцаа эзэмшигчид мэдэн будилсан хариу өгч байсан нь нууц биш. Тэрч байтугай энэ тухай мэдээллийг нийтэлсэн зарим сонин хэвлэлд албан тоот илгээж, дахин худал мэдээлэл цацаж, бизнесийн нэр хүндэд халдвал шүүхийн байгууллагад мэдэгдэх болно гэхчлэн сүрдүүлж байсан удаа бий. Гэтэл тэр мэдээлэл нь үнэн хэрэгтээ худал биш байж.
Өнөөдөр дээрх мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Болд олон нийтэд ил болголоо. Тэрээр твиттер хуудсаараа дамжуулан бодит байдлыг хүргэж байна гэж зураг хүртэл нийтэлж.
Үндэсний өдөр тутмын зарим хэвлэлээр “Голомт” банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Л.Болдын өмгөөлөгч З.Сүхбаатар гэгч Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд хандан захидал бичсэн байгаа юм. Эл захидалд “Голомт” банкинд үүсээд байгаа нөхцөл байдлыг тодорхой дурьджээ.
Түүний бичсэн захидлаас нэгэн жишээг энд татъя. “Банкны хувьцаа эзэмшигчдийн 2013 оны ээлжит хурлаа хийж чадсангүй. Энэ тохиолдолд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах ёстой бөгөөд хэрэв энэ хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болно” гэсэн хууль зүйн нэн хортой үр дагаварт хүрч байна” гэдгийг дурьдаад Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалаас Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн зааснаар “Банкны гүйцэтгэх удирдлагуудыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, чөлөөлөх” зэрэг холбогдох албадлагын арга хэмжээ авч өгөхийг хүсчээ.
Мөн захидалд тухайн банкны одоогийн удирдлагууд үүрэгт ажлаа муу гүйцэтгэж, ажлаа орхин зугтааж байгааг дурьджээ. Тэр нь мэдээж ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан. Тэрээр Японы нэгэн нэртэй корпорацитай хамтарч гэрээ байгуулж зарим компаниудын өмнөөс гаргаж өгсөн нийт 23 аккредитивын баталгаа хуурамч байсан нь олон улсын “FCICapital” аудитын байгууллагын шалгалтаар тогтоосон гэж байгаа гэжээ. Японы нэртэй компани гэдэг нь Иточу хэмээх нэгэн ч байна.
Үүнээс харахад Д.Баясгалан томоохон хувьцаа эзэмшигчидтэйгээ зөрчилдөж, үүсгэн байгуулагч Л.Болд, ТУЗ-ийн дарга Л.Болдхуяг нарынхаа эсрэг том дуугарч эхэллээ. Уг нь, тус банкны хувьцааны дийлэнхийг “Бодь” групп эзэмшдэг. Тодорхой өгүүлбэл, Голомт банкны 84,66 хувийг Бодь групп, 10,16 хувийг Свисс МО ХХК, 5,02 хувийг Трафигура ХХК, 0.16 хувийг олон жил банкиндаа хувь нэмэр оруулсан 44 ажилтан нь 2012 оны ТУЗ-ийн гишүүдийн шийдвэрээр эзэмших болж.
“Голомт” банкны дийлэнх хувьцаа буюу 84,66 хувийг Бодь группийг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн М.Зоригт, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан нар хувь нийлүүлж босгосон гэдэг. Тэгэхээр тулааны нэг талд Д.Баясгалан гарчихаад өөрийнхөө удирдлагад байгаа хурган дарга нараа удирдаж, томоохон хувьцаа эзэмшигчдийнхээ эсрэг тоглолт хийгээд эхэлж. Мөн Л.Болдын албан төлөөлөгч Л.Сарангэрэлийн “Бодь” цамхаг дахь албан өрөөг хүч түрэмгийлэн нурааж, эд зүйлийг нь эвджээ.
Энэ тухайг УИХ-ын гишүүн Л.Болд зарим сайтаар дамжуулан олон нийтэд мэдээллэх гэсэн ч өрсөлдөгчид нь мэдээллийг нь устгуулсан хэмээн гомдоллосон байна.
Ийнхүү байдал хүнд байгааг УИХ-ын гишүүн Л.Болд твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэсээр...
Хувийн хэвшлийн салбарт 18 жилийн өмнө орж ирэн, Монгол Улсын банк санхүүгийн салбарт өөрийн байр сууриа эзлээд байсан “Голомт” банк дампуурлаа зарлавал монголын эдийн засагт жинхэнэ бум болох нь дамжиггүй. Эдийн засаг тэдэн хувиар өссөн, Монгол Улс баян улс болсон хэмээн зарлачихаад байхад банк нь дампуурвал эрх баригчдын хэлж байгаа үг худалж болж таарна. Тэгвэл Д.Баясгалан энэ банкийг дампууруулах гээд байна уу эсвэл өрх тусгаарлаж, хөрөнгөө тасдаж авах гээд байна уу. Ямартай ч Голомт банкны хувь заяа хэцүүдэж эхэллээ.