Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Баярсайхан: Цементийн тээвэрт гацаа үүсэхгүйгээр, ачаа эргэлтийн 50 хувийг нугалж байна


Жил бүрийн хавар Замын-Үүд  боомт дээр ачаалал үүсч, өдөрт 8000 шахам хүн, 1500 шахам тээврийн хэрэгсэл хилээр дамжин өнгөрдөг бөгөөд ид  ачааллын үед ачаа 20 хүртэл хоногоор саатдаг.  Үүнээс үүдээд хил гаалийн нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд авч хэрэгжүүлэхээр эхлүүлсэн хэд хэдэн ажил байгаагийн эхнийх нь шинэ терминаль тавих. Өдгөө ачаа тээвэр, зорчигч тээвэр нэг терминалиар нэвтэрч байгаа нь ачаалал үүсгэх үндсэн шалтгаан болж байгаа юм. Гурван жилийн өмнө төсөл төлөвлөгөө нь гарч, хөрөнгө мөнгө нь бүрэн шийдэгдчихсэн ч энэ ажил удааширсан байна. Тиймээс ирэх сарын 1-ний дотор багтаан хүлээлгэн өгөхийг Ерөнхий сайд холбогдох яамд болон орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосон.
Ачаалал бууруулах хоёр дахь шийдэл бол цементийн тээвэрт зохицуулалт хийх. Замын-Үүд дээр оочер дараалал үүсгэн олон хоногоор саатдаг гол бараа нь цемент. Өнгөрсөн онд л гэхэд 800 мянган тонн цемент Замын-Үүд боомтоор орж иржээ. Өөрөөр хэлбэл, боомтоор нэвтэрч буй том оврын ачаа тээврийн автомашины 60 шахам хувь нь урд хөршөөс цемент зөөсөн автомашин байдаг аж. Авто тээврээр орж ирж буй нийт цементийн тал хувийг төмөр замын тээвэрлэлтэд шилжүүлэх замаар үүнийг зохицуулах боломжтой. Төмрийн хүдэр тээвэрлэн Хятадын хил рүү гарч байгаа дотоодын вагонд Эрээн хотоос цементээ ачин төмөр замаар Улаанбаатарт шууд хүргэдэг болчихвол Замын-Үүд дээрх бөглөрөл 50 хувь буурна хэмээн Ерөнхий сайдыг Замын-Үүд боомтод ажиллах үеэр Эдийн засгийн сайд хэлж байсан. Тиймээс нийслэлд ирсэн цементийг хүлээлгэхгүйгээр буулгадаг шуурхай зохицуулалт хийхийг  төмөр зам, гаалийн байгууллагынханд үүрэг болгосон. Өнөөдөр Замын-Үүд боомтод вагон саатсан, олон хоногоор хүлээлгэсэн зүйл алга. Өнгөрсөн долоо хоногт  хил гааль, боомт дээр хүлээгдсэн цемент байсангүй. Зах зээлд нийлүүлэгдэж байгаа цементийн ханш хэвийн байсан юм.Тэгэхээр төмөр замынхан Ерөнхий сайдын үүрэг даалгаврыг шуурхай биелүүлж чаджээ.

Бүтээн байгуулалт ид өрнөж байгаа үед ачааллыг хэрхэн зохицуулж, ачааны галт тэрэг саадгүй зорчих боломж олгож байгаа талаар  “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Замын-Үүд нэгдсэн өртөөний орлогч дарга Ш.Баярсайхантай уулзаж ярилцлаа.

-Энэ сарын байдлаар Замын-Үүд өртөөнд ачаа тээврийн эргэлт хэр нэмэгдэж байна. Танай өртөө ачаалалд хэр бэлтгэлтэй ажиллаж байна вэ?
-Одоогийн байдлаар импорт нэмэгдсэн ч тээвэрлэлт хэвийн байна. Ямар нэг ачаалал үүссэн зүйлгүй. Харин ч ачаа тээвэрлэх вагон үйлчлүүлэгчдээ хүлээж байна. Энэ сарын эхээр Зам тээврийн сайд А.Гансүх өртөөний үйл ажиллагаатай танилцсан. Өмнөх жилүүдэд Замын-Үүд өртөөнд 200-300 хүртэл вагон ачаа саатдаг байсан нь төмөр замчдын үйл ажиллагааны тээврийн хөдлөх бүрэлдэхүүний хүрэлцээгүй байдлаас шалтгаалж байсан гэж үзэж байгаа. Тиймээс бид энэ жил ОХУ-аас 100 битүү вагон түрээсээр авч зөвхөн цементийн тээвэрлэлтэд ашиглахаар болсон. Энэ нь үр дүнгээ өгч байна. Өнөөдрийн байдлаар цемент тээвэрлэлт хүлээгдэж ачаалал үүссэн явдал алга. 2008 оны гурав, дөрөвдүгээр сард цементийн тээвэрт ачаалал үүсч саатаж байсан явдал бий.

-УБТЗ-ын хувьд цемент тээвэрлэх хэчнээн вагонтой вэ. Хойд хөршөөс вагоноо ямар ханштайгаар түрээсэлж байна?
-Түрээсийн вагонтойгоо нийлээд 240-өөд вагон цемент тээвэрлэж байна. Үүнээс 48 нь хаалгатай хагас вагон, цементээ бүтээгээд тээвэрлэдэг. 200-гаад нь битүү вагон. Өмнөх жилүүдэд бид түрээсийн вагон ашигладаггүй байсан. Энэ жил иргэдэд шуурхай үйлчлэх, өртөөнд цементийн тээвэрлэлт саатсанаас болж үнэ нэмэгддэг зэрэг байдлыг гаргуулахгүй байх гээд олон асуудлыг шийдвэрлэх, ачаа эргэлтийг шуурхай байлгах үүднээс анх удаа битүү вагон түрээсээр авч ашиглаж байна. Дотоодын тээвэр, хөдлөх бүрэлдэхүүнээр бид ялангуяа цемент тээвэрлэх эргэлтийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа юм. Тийм учраас вагоныг зайлшгүй нэмэх шаардлагатай гэдгийг Засгийн газрын түвшинд яриад ОХУ-аас битүү вагоныг өдрийн 50 мянган төгрөгийн түрээстэйгээр авч ашиглаж байна. Ингэснээр цементийн тээвэрт гацаа үүсэхгүйгээр, ачаа эргэлтийн 50 хувийг нугалж байгаа гэж хэлж болно.

-Өнөөдрийн байдлаар цемент тээвэрлэлтэд ямар ч ачаалал үүсээгүй байна гэж та хэлсэн. Тэгэхээр цементийн импорт одоогоор бага байна уу эсвэл вагон нэмэгдсэн болохоор энэ жил ачаа эргэлт ийм ачаалал багатай байна гэсэн үг үү?
-Барилгачид энэ жил цементийн импортоо эрт эхлүүлсэн. Өнгөрсөн хоёр, гуравдугаар сард бид хоногтоо  80-100 вагон цемент ачиж байсан. Тэгэхлээр ид ачаалал нэмэгдэх үеэр цементийн тээвэрлэлтэд ачаалал үүсдэг байсан өмнөх жилүүдийн байдлаас барилгачид туршлагажиж цементээ эртхэн татаж агуулах савандаа хурааж ажилдаа бэлтгэсэн юм шиг байгаа юм. Энэ сараас барилгачдын ажил эрчимжиж бүтээн байгуулалт руугаа орж байгаа байх. Тиймээс тэр хэмжээгээр импорт, тээвэрлэлт өсөн нэмэгдэж байна. Бид Замын-Үүд рүү орж ирсэн цементийг хоёр хоногийн дотор Улаанбаатарт хүргэж байгаа. Үндсэндээ хилээр орж ирсэн даруйдаа, хоёр хоногтоо хотод очиж байна гэсэн үг. Гэтэл өмнөх жилүүдэд, тухайлбал,  2008 онд ачаалал нэмэгдэх үед  цемент тээвэрлэлт 15 хүртэл хоног саатаж байсан явдал бий. Үүнээс болж үйлчлүүлэгчид, ард иргэд бухимддаг, барилга, орон сууцын үнэ ханшид нөлөөлдөг байсан. Вагоны хүрэлцээ муу байсан явдал мэдээж төмөр замынхантай холбоотой болохоор барилгын материалын үнэ өсөхөд биднийг буруутгадаг, ард иргэдэд Замын-Үүд дээрх ачааллын дарамт ирж байна гэсэн шүүмжлэл гардаг байсан. Харин энэ жил ийм яриа гарахгүй байх.

-ОХУ-аас вагон түрээсэлж байгаатай холбоотойгоор ачаа тээвэрлэлтийн үнэ өсөх үү?
-Үгүй, ямар ч үнэ өсөхгүй. Бид ард иргэддээ түргэн шуурхай үйлчлэхийн тулд ийм арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Хоногийн 50 мянган төгрөгийн түрээсийг УБТЗ өөрийнхөө нуруун дээр үүрч байгаа шүү дээ. Тиймээс бид ч бас вагоноо сул зогсоохгүйн тулд цементийг шуурхайн тээвэрлэж ачаа эргэлтээ саатуулахгүй байхаар ажиллаж байна.

-Ер нь битүү вагон түрээсэлж байхаар УБТЗ  худалдаад авчихаж болдоггүй юм уу?
-Вагон худалдаж авна гэдэг машин авахтай адил биш. Үнэ өртгийн хувьд асар үнэтэй. Тийм учраас Засгийн газраас томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж, бүр бодлогын түвшинд төлөвлөж байж хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх шаардлагатай юм. Гэхдээ өөрсдийн боломжийн хүрээнд зарим шинэчлэлийг хийж байгаа. Тухайлбал, энэ жил 50 битүү вагон, 200 толгой авна. Тэгэхлээр бид боломжийн хэрээр өөрсдийн парк шинэчлэлийг хийж байна. Бид зүтгүүрийн паркаа ерөнхийдөө бүрэн шинэчлээд дуусч байна.

-Ер нь хоногт ойролцоогоор хэчнээн вагон цемент импортоор орж ирдэг вэ?
-Одоогийн байдлаар доод тал нь 30, дээд тал нь 50 вагон хоногтоо нэмэгдэж байна. Зөвхөн импортын цемент ч бус Хөтөлийн цемент гээд  хоёр талд тээвэрлэлт хийгддэг. Түүнээс гадна Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд хоёр хатуу зуурмагт галт тэрэг аялуулж байгаа. Энэ нь цементийн болоод өргөн хэрэглээний бараануудын хангалтын вагонуудыг авч ирэх зориулалттай. Замын-Үүд өртөөнд хоногоор зогсохгүй, шууд суудлын галт тэрэгний хурдаар орж ирж 18-22 цагт ачилтад ороод буцаж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Замын-Үүдэд ирэнгүүт нь бид 11 цагийн дотор тэр вагонуудад ачаа ачаад, тээврийн бичиг баримтыг нь хийгээд буцааж байна. Харин Замын-Үүдээс гурван хатуу зуурмагт галт тэрэг явуулж байгаа.  Өглөө 9 цагаас, шөнө 02 цагаас, орой 19 цагаас гэсэн хуваарьтай. Хатуу зуурмагт галт тэрэг гэдэг нь цагийн график хатуу мөрдөнө гэсэн үг л дээ. Цагийн хуваарь ямар ч үед нааш, цааш хөдлөхгүй. Графикаараа явж, графикаараа очино .Энэ бол маш том зохион байгуулалтын ажил болсон.

-Урьд нь ачааны вагон хэдэн цагийн дотор явдаг байсан юм бэ?
-Хамгийн наад тал нь 28-30 цаг.Үүнийг хатуу зуурмагт оруулахад суудлын галт тэрэгний графикаар явна гэсэн үг. Энэ чинээгээрээ вагоны эргэлт хурдасч ачаа эргэлт түргэснэ.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
alivaa ylsiin hugjild tumur zam mash ih nuluu vzvvldeg tednii ajil ih hvnd hudulmurt hamaaragddag 24 tsagiin uil ajilgaatai bosoo udirdlagtai baingiin hyanalt shalgalttai bas ih daramttai gehdee daramt baihgvi bol bas boldoggui um shig bainlee asar vntei tehnik tonog tuhuurumj vnte centei baraa tavaar olon hunii ami nas geed
manai ylsiin ih buteen baigyylaltad tumur zamchdiin oruulah vvreg roli mash chuhal shvv niit achaa teeveriin 90 orchim huvi tumr zamaar teegdej baina tiim uchraas tumur zamchdadaa amjilt hvse
tumur zamchdiin yaryy aldar badartygai ted chadna
Хамгийн их уншсан