Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн бодлогод тусгах шаардлагатай ”барилгын талх”

Барилга, байгууламж бүтээн босгоход нэн чухал бүтээгдэхүүн бол цемент. Тийм ч учраас “барилгын талх” гэж мэргэжлийн хүмүүс нэрлэдэг биз. Нэгэн мэргэн хүн “Талхаар тэжээснээс талх хийх аргыг нь зааж өг” гэх утгатай үг хэлсэн байдаг. Монголын барилгын салбар өнөөдөр дийлэнх “барилгын талх”-аа хятадуудаар бэлтгүүлж, бүтээн байгуулалтдаа ашиглаж байна. Өөрсдөө үйлдвэрлэдэг хэдий ч үндэсний хэрэгцээний 30 хувьд л хүрэлцдэг аж. Тодруулбал, монголчууд жилд 1.5 сая тонн цемент хэрэглэдэгээс “Хөтөл”, “Эрэл” тэргүүтэй компани 500 мянга орчим тонныг үйлдвэрлэдэг. Үлдсэн нь БНХАУ-аас импортоор орж ирдэг. Хятадууд хэдэн жилийн өмнөөс манайд экспортолдог цементээ эх оронд маань шууд үйлдвэрлэдэг болох зорилго тавьжээ. Тэгээд Төв аймагт 2009 онд үйлдвэрийн шав тавьсан ч өнөөдөртөө ажил нь урагшлаагүй зогсонги байна. Нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ажиллаад эхэлбэл “барилгын талх”-ны үнэ одоо байгаагаас ч хямдарч, үндэсний үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болно. Нийслэлийн 100 айл дахь барилгын материалын дэлгүүрүүдээр орвол хятад цементийг шуудайг нь 9000 төгрөгөөр зарж байв. “Хөтөл”-ийн цементийг сураглавал  “Тэр чинь гарахаа байсан шүү дээ” гэж худалдагч эмэгтэй хариулав. “Тийм үү, хэзээнээс. Яагаад” гэж угсран асуутал “Мэдэхгүй ээ, ирэхээ байсан. Гадуур ч олдохгүй. Одоо ердөө хятад цемент л зарж байгаа” гэж хээв нэг хэллээ. Байгаа цементээ зарахын төлөө худлаа хэлэхийг үгүйсгэхгүй.
Гэхдээ хэлсэн үгэндээ үнэхээр итгэчихсэн бол, үндэсний үйлдвэрүүд дампуурчихсан гэж худалдан авагчдадаа итгүүлж, түгээж суугаа бол яах вэ.

Үндэсний “үйлдвэрлэлгүй” цемент

“Хятадууд цементийн салбарыг бодлогоор барих гэж оролдож байна” гэж Үндэсний үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн, эдийн засагч Н.Дашзэвэг тэргүүтэй хүмүүс ярилаа. Монголд худалдаалж буй цементийн хамгийн доод үнийг хятадууд тогтоож, зах зээлийг аажмаар эзэлж, үндэсний үйлдвэрүүдийг шахаж байна гэв. Бодоод үзвэл жилдээ 2.7 тэрбум тонн цементийн эргэлттэй Хятадын зах зээлээс ганцхан сая тонн цементийг үнэгүй өгсөн ч хотойхооргүй аж. Хилийн чанадад нэг тонн нь 67 мянган төгрөг байдаг бол Улаанбаатар хотод ирэхдээ дунджаар 100 мянган төгрөгт хүрдэг. Хэрэв тэд Төв аймагт цементийн үйлдвэрээ байгуулаад, үнийг нь улам хямдруулчихвал зах зээлийн хуулиараа монголчуудын үйлдвэрлэсэн цемент эрэлтгүй болж мэдэх юм.

Гэхдээ бидэнд энэ асуудлаа шийдэх гарц, боломж байна. Монголын томоохон компани жилд сая тоннын гарцтай, хуурай аргын үйлдвэр байгуулахаар болжээ. Мөн Францын “Лампарж” компани ч экологид хамгийн ээлтэй, жилд сая тонн хүчин чадалтай цементийн үйлдвэр барих төслөө өгсөн. Үүнийг яаралтай шийдвэрлэж, баталбал 2016 он гэхэд Дорноговь аймагт хоёр сая тонн цементийн хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орох аж. Монголчууд “барилгын талх”-аа өөрсдөө хийж, илүү гарсныг экспортлох нөхцөл тийнхүү бүрдэх гэнэ. Үүнийг анхааралдаа авч, барилгын хамгийн чухал бүтээгдэхүүнээ хятадуудаас мөнхийн хараат болохоос өмнө үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг санууллаа. БНХАУ-ын үйлдвэр боссон хойно Засгийн газрын төвшинд хэлэлцэх үү, оройтоогүй дээрээ өнөөдөр асуудлаа шийдэх үү гэх асуултыг цементийн бизнес эрхлэгчид төрийн түшээдэд тавилаа. Нөгөө талаас Хятад улс байгаль орчинд хөнөөлтэй хуучин, жижиг үйлдвэрүүдээ хааж, нэгдсэн, орчин үеийн технологи нэвтрүүлж эхэлжээ. Харин Монголд тэдгээр хуучин үйлдвэрийн техник технологи орж ирэх магадлал өндөр. Францын “Лампарж” компанийн оруулж ирэх үйлдвэр нь экологид ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологи учраас давхар ач холбогдолтойг дуулгалаа.

Цементийг стратегийн салбарт тооцъё

Эдийн засгийн стратегийн салбарт эрчим хүч, харилцаа холбоо, эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл багтдаг байна. Эрдэс баялаг дотроо шохой, гөлтгөнө гэх зэргээр цемент үйлдвэрлэхэд шаардлагатай үндсэн түүхий эдийг тодорхой тусгажээ. Гэвч бэлэн бүтээгдэхүүн болох цементийг огт тооцоогүй аж. ОХУ, БНХАУ тэргүүтэй бусад улс оронд цементийг эдийн засаг төдийгүй аюулгүй байдал талаас стратегийн чухал салбар хэмээн тодорхойлсон байдаг аж. Газар хөдөлж, гамшиг тохиолдоход цементийн чанар л эрсдлийг даван туулах нөхцөл болдог. Эс тэгвэл хүний амь, хүч хөдөлмөр, эд хөрөнгө маш ихээр сүйрэх юм. Тэр ч үүднээс цементийн салбарт үнээс илүү чанарыг чухалчилдаг.

Өмнөд хилийн боомтуудаар орж ирэх цементүүд чанарын хувьд маш муу байсан тухай Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны төлөөлөгчид хэллээ. Чанараас гадна боодол, савлагаа, шинжилгээ дүгнэлт, хэмжээний хувьд ч асуудалтай байсан аж. Нэг шуудай нь 50 кг байх ёстой атал 43-47 кг хүрдэг аж. Хятад улсаас авахдаа жинг нь үзэхэд 64 тонн байсан хэрнээ хил даваад, Монголд жигнэхэд 62 тонн болчих жишээтэй. Худалдаачид сох дутсан хоёр тонн цементийн үнийг дуугүй төлөхөөс аргагүй. Энэ мэтээр хувиараа цемент импортолдог 44 аж ахуйн нэгж байдгийг холбооны гишүүд хэлсэн юм. БНХАУ-аас баримталж буй цементийн бодлогын үрээр дээрх байгууллагууд ч хүнд байдалд ороод буй аж.
Монголчууд цемент импортлох зөвшөөрөл, бизнесийн зээлээ хөөцөлдөж байх зуур хятадууд 6-7 сарын өмнө 100 мянган тонн цемент оруулж ирээд, нөөцөлсөн гэнэ. Их бүтээн байгуулалтын сургаар одоо ч өдөр бүр 25 вагон цемент орж ирж байгаа гэлээ. Харамсалтай нь, дээрх цементүүд хугацаа нь дуусчихсан аж. Хуурай, гэрэл тусахгүй газарт цементийг 3-6 сар хадгалах ёстой гэж мэргэжлийн хүмүүс хэллээ.

Гэтэл хятадуудын импортолж буй цемент уут савлагаа муутай, хадгалах хугацаа дууссан эсвэл хугацаа нь дуусахад 10 хоног үлдсэн бүтээгдэхүүнээ хямдхан нийлүүлдэг аж. Товчхондоо, хог дээр хаяхад хоёр хоног үлдсэн цементээ хил давуулан бидэнд өгч буй хэрэг. Тиймээс цементийг стратегийн салбарт яаралтай тооцож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, барилга байгууламжийг чанаргүй цементээр босгож буйд хяналт тавихыг хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан