Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг одоогоос гурван жилийн өмнө батласан. Гэвч манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуй нэгжүүд одоог хүртэл валютаар худалдаа эрхэлсээр л байгаа. Тухайлбал “Таван богд” групп, “Топ мебель” тавилгын худалдаа зэрэг нь зарим бараа бүтээгдэхүүнээ валютаар худалдаалсаар байгаа. Тэр ч бүү хэл хувийн бага сургууль, цэцэрлэгүүд сургалтын төлбөрөө ам.доллараар авч буй нь нэгэнт хэвийн үзэгдэл болж. Уг нь, 2009 онд баталсан дээрх хуульд зааснаар зөрчлийг арилгуулах талаар шаардлага тавьж, тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж улсын орлого болгоно гэсэн заалт бий. Энэ шаардлагыг биелүүлээгүй бол зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 1.0-3.2 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 5.4-10.8 сая төгрөгөөр тус тус торгоно гэсэн заалттай. Гэсэн хэдий ч үүнд хяналт тавих ёстой Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноо үүнд анхаарал хандуулсан удаагүй. Энэ байдлыг цэгцлэх, төгрөгийн ханшийг сулруулахгүй байх агуулгаар ШӨХТГ-аас Монгол Улсад валютаар худалдаа эрхэлж байгаа байгууллага, аж ахуй нэгжүүдийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийж байхыг анхаарууллаа. Тус байгууллагад зарим аж ахуйн нэгж, байгууллагууд бараа үйлчилгээнийхээ үнэ тарифыг гадаад валютаар тогтоож, худалдаалж байгаа талаар хэрэглэгчдээс санал гомдол олонтаа иржээ. Иймээс тус байгууллагаас өчигдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай анхааруулга өгч буй аж. Сануулсан хугацаанд зөрчлөө арилгаагүй аж ахуйн нэгж, хувь хүнийг хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгээ ч албаныхан мэдэгдлээ.