Дэлхийн эмэгтэй шатарчдыг чансаагаараа тэргүүлж буй 12 тамирчны дунд зохиогдсон “Том цом”-ын тэмцээнд Дэлхийн шатрын холбоо/ФИДЕ/-ны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов айлчилжээ. Швейцарийн Женев хотноо болсон шилдгүүдийн дунд Монголыг төлөөлж их мастер Т.Батчимэг оролцож, 11 дүгээр байрт шалгарсан юм. “Том цом”-ын тэмцээнд анх удаа өрсөлдөж буй Т.Батчимэгийн амжилт цуурайтахаас гадна К.Илюмжиновтой холбоотой бас нэгэн сонирхолтой үйл явдал болсон юм. Монголын их мастер Т.Батчимэг 11 өрөг тоглохдоо тав тэнцэж, тав хожигдсон бол ганц удаагийн хожил нь дэлхийн аварга Хоу Ифань байсан юм. Өнөө цагийн эмэгтэй шатарчдын нэг номерын тамирчинг хожсон Т.Батчимэг 12 тамирчны дунд чансаагаараа хамгийн сүүлд жагссан гэнэ. “Том цом”-д Гүржийн тамирчин, олон улсын мастер Бела Котанашвили найман оноотой түрүүлсэн бол Словенийн их мастер Анна Музечук, Оросын их мастер Татъяна Косинцева нар удаалжээ. Харин Т.Батчимэг сүүлчийн учраа болох Украйны их мастер Катерина Лагнотой тэнцэж 3.5 оноо авсан юм.
Ноён К.Илюмжинов Женевт айлчлахдаа ангийн найзтайгаа уулзаж, халуун дотно яриа өрнүүлжээ. Москвагийн их сургуулийн нэг ангид суралцаж явсан найз нь Монгол Улсаас Швейцарийн холбооны улсад суугаа байнгын төлөөлөгч буюу элчин сайд Л.Оргил юм. Монгол гэрт өрнөсөн уулзалтын үеэр Л.Оргил элчингийн зөвлөх, туршлагатай дипломатчидын нэг Г.Жаргалсайхан ФИДЕ-гийн ерөнхийлөгчтэй гурван өрөг шатар нүүжээ. Цаг дуусахын өмнө эхний өрөгт Г.Жаргалсайхан хожсон бол хоёр дахь өрөгт ч мөн хожсон байна. Гурав дахь өрөгт мөн л элчин зөвлөх хожихдоо цаг дуусахтай зэрэгцсэн гэнэ. Ийнхүү Женев хотоос Монголын шатарчдад давхар баяртай мэдээ иржээ. “Том цом”-д анх удаа оролцсон тамирчин нь дэлхийн аваргыг хожиж, эх орноо төлөөлсөн дипломатч ФИДЕ-гийн ерөнхийлөгчийг дараалан гурав хожсон нь монголчууд оюуны их спортоор дэлхийд дээгүүр орж буйг дахин баталсан хэрэг боллоо.