Сүүлийн жилүүдэд барилгын салбарт шинэ техник, технологи асар хурдацтай нэвтэрч байна. Дуу үл нэвтрүүлэх, дулаан хадгалах чадвараараа уламжлалт материалуудаас хэд дахин илүү ч төдий хэмжээгээр хөнгөн, хямдхан материал нэвтэрсээр байна. Цаашилбал, материалын төдийгүй байшин гэдэг нэг баригдсан газартаа хөдөлгөөнгүй байдаг үл хөдлөх хөрөнгө гэсэн үндсэн ойлголтыг өөрчлөх чиглэлд ч зарим цөөнгүй санаа гарч эхнээсээ хэрэгжээд эхэлчихсэн.
Үүний нэг тод жишээ нь Данийн “N55” студийн бүтээсэн өөрийгөө эрчим хүчээр бүрэн хангах чадвартай, модуль хэлбэрийн алхдаг байшин юм. Үндсэн модуль нь нарны зай, бага оврын салхины цахилгаан станцаар тоноглогдсон болохоор эрчим хүчээр өөрийгөө бүрэн хангана. Үүний дээр борооны ус хуримтлуулах, бордоо үйлдвэрлэх төхөөрөмжтэй, ногоо тарих хүлэмжтэй. Байшин нь ган каркас, хөнгөн цагаан, мод, шил, поликарбонтаас бүрдсэн. Модулийн зургаан хөл нь ган хийцийн тусламжтайгаар хөдөлдөг. Хөл нь нарийн мэдрэгчтэй болохоор хаана тулж гишгэхээ өөрөө тооцоолон гаргадаг. Алхах явцад хотын асфальтан зам, чулуун гадаргад хамгийн бага хохирол учруулна. Алхам хурд нь цагт 60 метр. Ийм байшинд суугаа хүн ажлын байр, хүүхдийн цэцэрлэг, автобусны буудал гээд өөртөө хамгийн тохиромжтой хэсэгт чөлөөтэй алхан очиж байгаль орчинд хамгийн бага хохирол учруулан амьдрах боломжтой болж байгаа юм.