Алдарт хөлбөмбөгч, англичуудын хайртай хүү Дэвид Бекхэм их спортоо орхиж, зодог тайлах болсноо зарлалаа. Хамгийн сүүлд Францын “Paris St Germain” багтай таван сарын гэрээ байгуулан тоглосон тэрээр зодог тайлахад хамгийн тохиромжтой үе нь одоо гэж үзжээ. Ийнхүү хөлбөмбөг хэмээх агуу спортод 21 жил зүтгэсний эцэст Дэвид Бекхэм 38 насандаа зодог тайлж байна.
Хүн бүхэн түүний гайхамшигтай карьер, хүрсэн амжилтын талаар өнөөдөр ам дамжуулан шуугьж, Английн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн алдартай төлөөлөгч нь байсан хэмээн тодорхойлж байна. Түүн шиг дөрвөн орны лигт аваргалсан тоглогч Англид байхгүй юм.
Өнгөрсөн 21 жилийн хугацаанд Манчестер Юнайтед, Реал Мадрид, Лос Анжелес Галакси, ЭйСи Милан, Пари Сен Жермэйн гээд таван ч том багт тоглож байсан тэрээр спортоо орхисноор бизнес арилжааны ажилд ихэнх цагаа зарцуулах байх хэмээн хэвлэлүүд таамаглаж байна. Хөлбөмбөгийн ертөнцөд 165 сая фунтээр үнэлэгдэх тамирчин бизнес, ажил хэргийн ертөнцөд бол 300 сая фунтээр ч үнэлэгдэхээр их нэр хүндтэй гэлцэж байна.
Түүнийг эхнэрийнхээ үүсгэн гаргасан брэнд бүтээгдэхүүн болоод Pepsi, Samsung, Marks and Spencer гээд томоохон брэндийг сурталчлах, Хятадын хөлбөмбөгийг дэлхий дахинаа сурталчлан таниулах гээд их ажил хүлээж буй. Түүнээр бараа бүтээгдэхүүнээ сурталчлуулж, дэлхий нийтэд танигдах сонирхолтой хэдэн арван компани бий. Гэвч түүн рүү чиглэсэн бизнесийн энэ их ашиг сонирхол заримдаа түүний сэтгэлийг гонсойлгоход хүргэдэг тухай нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг. Д.Бекхэм ярихдаа “Заримдаа хүмүүс миний талбай дээр гаргасан амжилтыг биш, өөр зүйл сонирхоод байгаа нь намайг гонсойлгодог. Ямартай ч би бол дэлхийн хамгийн том клубуудэд, дэлхийн хамгийн шилдэг тоглогчидтой хамт, дэлхийн хамгийн сайн менежерүүд, дасгалжуулагчийн удирдлага дор тоглож, хөлбөмбөгийн спортод хүрч болох бүхий л зүйлд хүрсэн хүн. Гэвч энэ бүхний эцэст хүмүүс энэ тухай биш, өөр зүйлийн тухай асуухад миний сэтгэл эмзэглэдэг” хэмээн өгүүлсэн байдаг.
Тэрээр зодог тайлах болсон тухайгаа Британийн “Sky” телевизэд ярихдаа “Би энэ спортод үнэхээр хайртай. Би үүнээс ч ихийг хийж чадна гэж одоо хүртэл надад бодогдож байгаа ч одоо явахад хамгийн тохиромжтой үе гэж бодож байна” хэмээн тайлбарласан байна.
Түүний “ПСЖ” багийн бүрэлдхүүнд тоглох хамгийн сүүлийн тэмцээн энэ сарын 26-нд болох юм.