Өдгөөгөөс 17 жилийн тэртээ Дорнод аймгийн Матад суманд газрын тос олгойдон гарч Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат цагаан дээлээ мялааж байсан түүхтэй. Тэгвэл Монгол Улсын газрын хөрснөөс олгойдсон энэхүү газрын тосныг Хөх хотын боловсруулах үйлдвэрт боловсруулж, гарсан шатахуун буюу “Монгол 93” бензинийг Монголын хэрэглэгчдэд өнөөдөр анх удаа нийлүүлж байна. Монгол-93 бензинийг хэрэглэгчдэд танилцуулах ёслолын ажиллагаа Зүүн дөрвөн замд байрлах “Петровис”-ийн шатахуун түгээх станц дээр боллоо. Ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, ЗГХЭГ-ын дарга Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг болон бусад албаныхан оролцож, энэхүү түүхэн өдрийн гэрч болсон юм.
Монгол-93 безнинийг олон нийтэд танилцуулах энэхүү арга хэмжээнд оролцсон Ерөнхий сайд хэлэхдээ, “Өөрийн гэсэн өмчтэй байх сайхан. Тэгвэл Монгол Улс өөрийн гэсэн автобензинтэй боллоо. Бидний өвөг дээдэс, өмнөх дарга нар ч хэлдэг байсан. Та хэд өөрийн гэсэн бензинтэй, дотооддоо газрын тос боловсруулдаг үйлдвэртэй болох хэрэгтэй гэж. Үүний эхлэл болгож Монгол-93 бензинтэй боллоо. Цаашид Шинэчлэлийн Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна” гэсэн юм.
Харин Уул уурхайн сайд хэлэхдээ, “Дотоодынхоо газрын тосыг боловсруулж шинэ бензин гаргаж байгаа явдал бол эхлэл. Цаашид бид газрын тосоо өөрсдөө болосвруулж, мөн нүүрсийг шингэрүүлэх, шатдаг занараа ашиглах байдлаар шатахуун гаргаж эх орныхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч болох зорилтыг тавьж байна. Шинэчлэлийн Засгийн газар шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүн ч нааштай гарч байна. Энэ сараас бид ОХУ-ын Роснефть компаниас авч байгаа түлшээ тонн тутамд 150-260 ам.долларын хямд үнээр авахаар болоод байна. Ингэхээр шатахууны жижиглэнгийн үнэ буурах байх” гэсэн юм.
Манай улсын хувьд 1996 оноос хойш өнөөг хүртлэх хугацаанд Монгол Улсын хэмжээнд газрын тосны хайгуулын 21 талбайд 16 компани хайгуул, судалгаа хийжээ. Үүнээс “Петрочайна дачин тамсаг” ХХК, “Доншен газрын тос” ХХК -иуд газрын тос олборлож нийт 1.8 сая тонн газрын тосыг БНХАУ-д экспортолж, нийт 332.3 тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
Одоогоор Монгол Улсын газрын тосны нийт баталгаат нөөц 332.6 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц 43.2 сая тонн болж байна. Ийнхүү Монгол Улс газрын тосны нөөцтэй, газрын тос олборлогч орон болж буйг албаныхан хэлж байна. Монгол Улсад олборлон экспортлогдож буй газрын тосны үнэ Сингапурын хөрөнгийн бирж дээр Дачин-33 нэрээр үнэлэгдэн зарагдаж байгааг ч хэлсэн юм.
Монгол-93 бензин нь бидний өдөрт тутмын хэрэглэдэг АИ-92 шатахуунтай дүйх, Евро стандартыг хангасан шатахуун гэдгийг салбарын сайд онцолсон юм. Өнөөдөр ийнхүү худалдаанд гарч байгаа Монгол-93 автобензин нь АИ-92 бензинтэй адилхан үнэтэйгээр борлуулагдах юм байна.
-АИ-92 бензинийн үнийг тогтоохдоо газрын тосны бүтээгдэхүүнийг үнэнээс тооцон үздэг. Тэгэхээр газрын тос экспортолж, түүнийхээ оронд энэхүү шатахууныг авч байна. Энэ үед Роснефть компани тавдугаар сард шатахууныхаа үнийг 150-260 ам.доллараар бууруулж ирүүлсэн. Тиймээс шатахууны үнэ ирэх сард 50 төгрөгөөр буурна.
-Шатахууны нөөц хэр байгаа вэ. Шинэ шатахууны төрөл маань хэдий хэмжээгээр нийлүүлэгдэх юм бэ?
-Сард гурван төрөлд 10 мянган тонныг авчирна. Шатахууны нөөц 60 хоног болсон.
-Монгол-93 шатахуун орон даяар борлуулагдах уу?
-Энэхүү шатахууныг Петровис, Магнай трейд, Шунхлай гэсэн гурван компанийн ШТС-аар дамжуулан худалдаална. Энэ компанийн ШТС байдаг бүх газарт борлуулна гэсэн үг. Мөн шатахууныг олон салбараас оруулж ирнэ. Ингээд ирэхээр жижиглэнгийн үнэ цаашид улам л буурах болно.
-Дархан газрын тосны үйлдвэрийг барих ажлыг Засгийн газраас холбогдох сайд нарт даалгасан. Хэрэв энэ үйлдвэр ашиглалтад орж, дотоодынхоо газрын тосыг өөрсдөө боловсруулаад эхэлбэл, дотоодын хэрэгцээний хэд орчим хувийг хангах боломжтой вэ?
-Газрын тосны үйлдвэр ашиглалтад орвол дотоодын хэрэгцээнийхээ 70 орчим хувийг хангах боломжтой гэсэн тооцоог хийгээд байгаа.