Хүн төрөлхтнийг хэл соёл, үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг үл харгалзан нэгэн дор нэгтгэж чаддаг зүйл бол спорт билээ. Тэр дундаа дэлхий нийтийг бүхэлд нь байлдан дагуулдаг спорт бол яахын аргагүй хөлбөмбөг. Сая сая хөгжөөн дэмжигчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж, гайхамшгийг мэдрүүлж чаддаг энэ спортыг манай гаригийн нийт хүн амын 80 гаруй хувь нь шимтэн сонирхдог. Дэлхийн хүн амыг нэгэн зорилго, хүсэлд нэгтгэдэг дэлхийн хөлбөмбөгийн 20 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн ирэх жил болно. Цэнхэр гариг тэр аяараа хөлбөмбөгөөр амьсгалж, зургаан тэрбум хөгжөөн дэмжигчийн уухайн дуу тэнгэрийн уудамд хадах цаг мөч ойртсоор л...
Хөлбөмбөгийн эх орон хэмээдэг Бразильд болох гэж буй ДАШТ-ийг албан ёсны эрхтэйгээр эх орон даяар шууд нэвтрүүлэх эрхийг “Тод харуулна” уриатай “ETV” телевиз өнгөрөгч сарын 28-ны өдөр “Олон улсын хөлбөмбөгийн холбоо”-ноос авсан билээ. Энэ тухайгаа өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд зарлалаа. 2012 оны Европын аваргын тэмцээнийг дамжуулж байсан туршлагатай тус телевиз нь дэлхийн аваргын тэмцээний хүрээнд орон даяар 21 аймаг, 330 суманд дамжуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Мөн дэлхийн аваргын тэмцээн болох үеэр шинэлэг зүйл санаачлах, хамтран ажиллах менежментийн багийг сонирхсон хувь хүн, албан байгууллагуудад нээлттэй ажээ. Тэмцээний тайлбарлагчаар хөлбөмбөг сонирхогчдын дотны танил болсон Э.Балжинням ажиллах юм байна. Тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дууссаны дараа ETV-ийнхэндээ дэлхийн аваргын эрхийг л аваарай гэж захиж байсан бол өнөөдөр тэр өдөр нь ирлээ. Миний хувьд их баяртай байна. Одоо хүлээх л үлдлээ” хэмээсэн юм.
Манай оронд дэлхийн аваргын тэмцээний үеэр “Олон улсын хөлбөмбөгийн холбоо”-ны уриа, лого, нэвтрүүлгийг хууль бусаар ашиглан, албан ёсны дамжуулах эрх зөрчигдөхөөс хамгаалах зорилгоор тус телевиз Оюуны өмчийн газартай хамтран ажиллах юм байна. Дээр дурдсан оюуны өмчийн хүчин зүйлсийг хууль бусаар ашиглавал олон улсын гэрээ конвенцоор хамгаалан хариуцлага хүлээлгэх ажээ. “ETV” телевизийн хувьд албан ёсны эрх авснаар дэлхийн аваргын тэмцээнийг хэвлэл мэдээллийн бүхий л төрлийн хэрэгслээр түгээх эрх эзэмших ажээ. Мөн тус телевиз нь тун удахгүй спортын мэдээ мэдээллээр дагнан үйл ажиллагаа явуулдаг сонин болон радиотой болох гэнэ.
Бразильчуудын хөлбөмбөгийн гайхамшигтай тоглолтууд одоо ч, хөлбөмбөгийн фанатуудын дунд яригдсаар байдаг. Тус улсын шигшээ баг 1950 онд болсон дэлхийн аваргын тэмцээний алтан цомыг Уругвайн шигшээ багт талбай дээрээ алдаж байсан нь хөлбөмбөгийн түүхийн хуудсанд алтан үсгээр бичигдэх аугаа тоглолт болсон гэж хөлбөмбөг сонирхогчид ярьдаг билээ. Аваргын цомын төлөө Бразиль, Уругвайн шигшээ багууд тунаж үлдээд байв. Тоглолтын хоёрдугаар хагас эхлээд хоёрхон минут өнгөрч байхад Бразилийн шигшээ багийн довтлогч Фриака анхны гоолыг Уругвайн хаалганд оруулж тоглолтыг хошуучилж эхэлсэн бөгөөд цэнгэлдэх дүүрэн хөнжөөн дэмжигчид нь багаа дэлхийн аварга болсон мэт догдолж байсан бол тун удалгүй тэдний баяр хөөрийг үгүй хийн эсрэг багийн хамгаалагч Жуан Счэффино 66 дахь минутанд оноог тэнцүүлж улмаар тоглолтын хувь заяа хаашаа ч эргэж болох эгзэгтэй мөчид Уругвайн шигшээ багийн хагас хамгаалагч Алсидэс Гиггиа хожлын гоолыг оруулж 2:1 харьцаатайгаар Бразилийн шигшээ багийг талбай дээр нь буулган авч байлаа. Энэ бол хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн байлаа. Эх орондоо, талбай дээрээ хожигдсон Бразилийн хөгжөөн дэмжигчид болоод хожсон Уругвайн фанатууд болох цэнгэлдэх дүүрэн фанатууд тэр аяараа уйлж байсан гэдэг. 20 сая хүнийг нэгэн зэрэг уйлуулж чаддагийн учир хөлбөмбөгийг “хаан” спорт хэмээн өргөмжилдөг биз ээ.
Энэ удаагийн дэлхийн аваргын хувьд буурал Европын бага тамирчид хүчтэй байх нь мэдээж. Учир юу гэвэл, өмнөд Америкт болж байсан дэлхийн аваргын тэмцээнүүдэд Европын баг аваргалж байсан тохиолдол байдаггүй аж. Мэдээж, бөх хүн бүр наадамд түрүүлэх гэж барилддагийн адилаар дэлхийн аваргын тэмцээнд оролцох 32 баг бүхэн хожлын төлөө бүхий л боломж бололцоогоо дайчлах нь гарцаагүй. Зохион байгуулагч орон болох бразильчууд ч гэсэн өөрийн нутагт зургаа дахь түрүүгээ авахыг хүсч л байгаа. Аль улсын бага тамирчид аваргын цом болох алтан дагиныг эх орондоо авчрахыг хүлээх л үлдлээ. Манай орноос цөөнгүй телевиз дэлхийн аваргын тэмцээнийг дамжуулах эрхийн төлөөх тендерт оролцож ETV телевиз дангаараа албан ёсны эрхтэйгээр дамжуулах эрхийг авсан бол Хятдын CCTV, Арабын орнуудад Аль-Жазира, Японы NHK, Солонгосын SBS зэрэг телевиз Азийн орнуудаас дамжуулах эрх авчээ. Ирэх оны зургадугаар сард дэлхийн аваргын тэмцээн эхэлж 204 улсаас шигшигдэн шалгарсан 32 баг нийт 64 тоглолт хийж, сар гаран дэлхий нийтээрээ зөвхөн хөлбөмбөгөөр амьсгалах нь ээ.