“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Хувьцаа хариуцсан газрын захирал Б.Ганзоригтой ярилцлаа.
-“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааг иргэд, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх ажлын явц ямар байна. Танай компанийн зүгээс одоогоор ямар ажил явуулж байна вэ?
-УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгох шийдвэр гарсан. Иргэдэд 20 хүртэлх хувийг, аж ахуйн нэгжүүдэд 10 хүртэлх хувийг нь хувьцаа болгон эзэмшүүлсэн. Ард иргэдэд үнэ төлбөргүйгээр 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлээд байгаа. Харин аж ахуйн нэгжүүдэд хамгийн дээд талд нь 36240 ширхэг хувьцаа худалдсан. “Эрдэнэс Таван Толгой” компанийн үнэлгээг хамгийн дээд хэмжээнд байлгах үйл ажиллагааг бид хийж байгаа.Тухайн орд газрын дэд бүтцийг хөгжүүлэх, усан хангамжаа байгуулах, нүүрс угаах үйлдвэрээ байгуулах, төмөр замаа барих ажил хийж байна. Компанийн үнэлгээг боломжит хамгийн дээд хэмжээнд байлгаснаар хөрөнгө босгох, ард иргэдэд хүргэх үнэлгээ дээд хэмжээндээ байх юм. Энэ хувьцааны талаар эрх бүхий байгууллага Засгийн газар, Сангийн яам, Үнэт цаасны төлбөр тооцооны төвөөс холбоотой шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байгаа.
-Иргэдээс зарим нь хувьцаагаа Засгийн газарт худалдаж, бэлэн мөнгө болгож авъя гэсэн хүсэлт гаргасан шүү дээ. Тэдний мөнгийг хэзээ олгох юм бол. Бэлэн мөнгөө авах хүсэлтээ хэчнээн хүн илэрхийлсэн юм бэ?
-Үнэт цаасны төлбөр тооцооны төвд бүх бүртгэл хийж байгаа. Бид Татварын ерөнхий газар, Үнэт цаасны төлбөр тооцооны төв, Нийгмийн халамжийн газраас судалгаа авах зорилгоор мэдээлэл цуглуулсан. Өнөөгийн байдлаар Засгийн газарт хувьцаагаа буцаагаад зарах хүсэлт гаргасан ойролцоогоор нэг сая 180 мянга гаруй иргэн байна. Энэ иргэдийн хүсэлтийг манай компани шийдэхгүй. Бид шийдэх эрх бүхий байгууллага нь биш. Сангийн яам, Төрийн өмчийн хороо мөнгө төгрөгийн асуудлыг шийдэх ёстой. Тэгэхээр “Эрдэнэс Таван Толгой” компани энэ асуудалд ямар нэг үйл ажиллагаа хийхгүй гэж ойлгож болно.
-Танай компанид мэдээ, мэдээлэл нь ирээд, шийдвэрээ Засгийн газрын яам, агентлаг гаргаад явах нь гэсэн үг үү?
-Тийм. Бид бүртгэж авч байгаа эрх бүхий байгууллага нь биш. Үнэт цаасны төлбөр тооцооны төв гэж түрүүн хэлсэн. Мөнгө олгох эрх бүхий байгууллага нь ганцхан Сангийн яам.
-Монгол Улсын иргэн л бол “Эрдэнэс Таван Толгой”-н 1072 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй. Гэхдээ үүнээсээ илүү хувьцаа авах эрх бий юү?
-Үнэгүй 1072 ширхэг хувьцаа олгож байгаа шүү дээ.
-Гэхдээ 1072 ширхэг хувьцаагаа үнэгүй авахаас гадна нэмж худалдаж авах эрх нээлттэй юү гэж асууж байгаа юм?
-Худалдаж авах эрх нь нээлттэй. Бид зах зээлийн хоёр дахь арилжааг эхлүүлэхэд иргэд нэмэлт хувьцаа худалдаж авах эрхтэй.
-Яг одоогоор нэмэлт хувьцаа худалдаж авах боломж байгаа юу?
-Одоохондоо байхгүй.
-Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг саяхан олон нийтэд ил боллоо. Тэнд мэдүүлснээр УИХ-ын зарим гишүүн гэхэд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 1072 ширхгээс илүү тооны хувьцаа зэмшиж байна. Тэд ямар учраас ийм олон ширхэг хувьцаа авчихсан юм бол?
-УИХ-аас “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааны 50 хүртэлх хувийг ард иргэд, аж ахуйн нэгжүүд эзэмшиж, олон улсын хөрөнгийн бирж дээр гаргана гэж тогтоол гаргасан. 20 хүртэлх хувийг ард иргэдэд тэнцүү хэмжээгээр хуваарилна гэсэн. Тэнцүү хэмжээгээр шүү дээ. Тэгэхээр манай компанийн хувьцааг ард иргэдэд тэнцүү хэмжээгээр хуваарилахаар нэг хүнд 1072 ширхэг л ногдоно. Түүнээс илүү байх үндэслэл байхгүй.
-Тэгвэл гэр бүлийнхээ хүний нэр дээрх ч юм уу, хүүхдүүдийнхээ нэр дээр байгаа хувьцааг шилжүүлж авах эрхтэй юү?
-Тэгэх эрх байхгүй. Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд хувьцааны хоёр дахь зах зээл арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, захиран зарцуулах эрхгүйгээр тараахыг заасан. Худалдаж авч, өгч болохгүй.
-Нэг хүн...
-1072 хүн хувьцаа эзэмшинэ. 1072 ширхгээс бага байх боломжтой. Зарим ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаагаа бэлэн мөнгө хэлбэрээр авсан. 1072-оос их байх боломж байхгүй.
-Энэ хүмүүсийн илүү хувьцааны талаар мэдээлэл танайд байхгүй юу?
-Манай компаниас хувьцаа олгоогүй. Бүртгэл тооцоог Үнэт цаасны төлбөр тооцооны төвд хийж байгаа.
-Нэгж хувьцааны үнэ 1000 орчим төгрөг гэж заасан. Энэ үнэ, хувьцааны үнэлэмж хэзээ сайжрах боломжтой вэ?
-Нэрлэсэн үнийн хувьд Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолоор нэг сая төгрөгтэй дүйцүүлээд 933 төгрөг байна гэж заагаад өгсөн. Хөрөнгийн биржид хоёр дахь арилжаа эхлэхэд энэ үнэ яаж ч хэлбэлзэж болно. 933 төгрөг гэдгийг үүнээс нь илүү өндөр болгоход бид “Эрдэнэс Таван Толгой” компанийн үнэлгээг өндөр байлгахад хүчин чармайлт гарган ажиллаж байна.
-Хоёр дахь арилжааг хэдийд хийх бол?
-Энд нэг асуудал тулгараад байгаа юм. Гадаадын хөрөнгийн биржид таатай бус нөхцөл үүсчихээд байна. Хөрөнгийн зах зээлийн хямралтай холбоотойгоор хөрөнгийн биржүүд зогсонги байдалд орсон. Үүнээс болоод IPO хийх, хөрөнгө оруулалт хийхэд эмээх хандлага үүссэн байна. Манай компанийн үнэлгээ одоогийн байдлаар харахад хамгийн дээд цэгтээ, бидний хүсч буй хэмжээндээ хүрэхгүй байх магадлалтай. Тиймээс бид түр хугацаагаар хойшлуулчихаад байна. Дээр нь нүүрсний зах зээл уналттай байна. Ийм үед IPO хийхийг хэн ч хүсэхгүй. Олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах боломжит бүх хувилбарыг харгалзаж үзлээ. Ингэхээр бид олон улсын хөрөнгийн биржийн шаардлагыг хангах арай илүү боломжит хувилбар нь хадгаламжийн бичиг гаргах юм байна гэж үзсэн. Дотоодын хууль эрх зүйн орчин хангалттай болоогүй байна. Үнэт цаасны тухай хуульд ч энэ талаар тусгаагүй. Тэгэхээр үнэт цаасны тухай шинэ хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж, батлахаар болсон. Энэ нь бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд дөхөм болно.
-Хадгаламжийн бичиг гэдгээ та тодруулаач?
-Манай “Эрдэнэс Таван Толгой” компани гэхэд олон улсын хөрөнгийн бирж дээр шууд бүртгэгдэхийн тулд олон шаардлага хангах ёстой. Лондонгийн хөрөнгийн бирж дээр гарахын тулд маш олон шаардлага хангах учиртай. Үүнийг хангахын тулд арай нааштай хувилбар нь хадгаламжийн бичиг. “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцааг дотоодын зах зээл дээрээс Монгол дахь кастодиан банк өөрийн нэр дээр худалдан авч харин тэрхүү худалдан авсан хувьцаанд үндэслэн хувьцаагаа гаргах. Гадаадын хөрөнгийн бирж ажиллаж байгаа улсад буй хадгаламжийн банк нь хувьцаа авах сонирхол бүхий хөрөнгө оруулагчдад хувьцаа гаргаж өгөх хувилбар юм.
-Аль хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах вэ?
-Бид судалгаа хийж үзээд Лондонгийн болон Хонконгийн хөрөнгийн бирж гэдэг хоёр хувилбарт тогтсон.
-Аж ахуйн нэгжүүд 36 мянга 240 ширхэг хувьцаа худалдаж авсан гэлээ. Хувьцаагаа ямар нэг байдлаар эргэлтэд оруулах боломжийн тухайд?
-Бид аж ахуйн нэгжүүдэд хувьцаагаа худалдаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд аж ахуйн нэгжүүдээс санал гомдол ирж байгаа. Гэхдээ дийлэнхдээ даатгалын компаниудаас. Уг нь, даатгалын компаниуд манай “Эрдэнэс Таван Толгой”-н хувьцааг авсан юм билээ. Уг нь, Даатгалын тухай хуульд даатгалын компани аливаа хувьцаа худалдаж авахыг хориглосон байдаг. Тэгэхээр Санхүүгийн зохицуулах хорооноос эдгээр компанийг хувьцаа худалдаж авахаа зогсоох шаардлага хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор манай компанид хувьцаагаа буцаагаад худалдъя гэсэн даатгалын компаниуд хүсэлт тавьсан юм. Эдний хүсэлтийг авч хэлэлцэж шийдэх эрх бүхий байгууллага нь манайх биш учраас Сангийн яамтай холбож өгч байгаа. Сангийн яаманд бүх хүсэлт төвлөрч байгаа. Тэгээд энэ компаниудын хүсэлтийг шийдэж өгье гэхээр холбогдох зохицуулах журам байхгүй. Аж ахуйн нэгжүүдэд худалдах журмыг л Засгийн газраас батлаад өгсөн юм.
-Тэр журамд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны чиглэлээр нь хязгаарлаж өгөөгүй хэрэг үү. Даатгалын компаниуд худалдаж авч болохгүй гэж?
-Тухайн даатгалын компаниуд холбогдох хуулиа мэдэж байх ёстой. Даатгалын компаниудыг аливаа компанийн хувьцаа худалдаж авах эрхгүй гэж хуульд нь заагаад өгсөн шүү дээ. Тэгэхээр манай компанийн ч бай бусад ямар ч компанийн хувьцааг авах эрхгүй байтал ийм байдал үүсээд буцаая гэсэн. Гэтэл буцаах зохицуулалт байдаггүй. Зарах зохицуулалт л байдаг. Ингээд 2013 оны дөрөвдүгээр сар 6-ны өдрийн Засгийн газрын 132 дугаар тогтоолоор зарим аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг шийдвэрлэх болсон. Зарим аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу худалдаж авсан хувьцааг буцаая гэсэн. Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газар мэдэгдэл гаргаад байгаа. Тавдугаар сарын 31-ний дотор аж ахуйн нэгжүүд хүсэлтээ гаргаад хувьцаагаа буцаах боломжтой болсон.