Хоол хүнсэндээ шавьж хэрэглэх нь дэлхий нийтээр өлсгөлөнтэй тэмцэхэд том тус болно гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдэгдэж байна. Тус байгууллагын тооцоогоор өнөөдөр хоёр тэрбум гаруй хүн хүнсэндээ шавьж хэрэглэж байгаа гэнэ. НҮБ-ын мэргэжилтнүүд хэлэхдээ “Шавьж хаа сайгүй байдаг. Маш хурдан үрждэг. Хүрээлэн буй орчиндоо ч хор хөнөөл багатай” хэмээн энэ төрлийн хүнсний давуу талыг сурталчилж буйн зэрэгцээ тэжээлийн дутагдалд орсон хүүхдүүдэд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн маягаар хэрэглүүлэх нь зохимжтой гэсэн байна.
Тухайлбал, хүнсэнд хэрэглэдэг хүрэлзгэнэ хэмээх шавьж үхрийн махтай ижил хэмжээний уураг агуулдаг бөгөөд хүрэлзгэнэ өсгөхийн тулд үхрээс 12 дахин бага тэжээл шаардагддаг гэнэ.
Гэвч шавьжаар хооллоно гэдэг ихэнх хүний хувьд төсөөлж ч боломгүй явдал хэвээр байгаа учир зоогийн газруудын цэсэнд шавьжаар хийсэн амтлаг хоол нэмэх замаар олон нийтийн таашаал нийцүүлэх хэрэгтэй гэж НҮБ зөвлөжээ.