Бид бүгдээрээ сайхан амьдралд тэмүүлсээр. Өөр өөрийн замаар, өөр өөрийн аргаар, өөр өөрийн чадлаар. Ажил хийсэн хүний ам тосддогийг хар багаасаа сонсч өссөн ч өнөөдөр энэ үг биеллээ олж ажилтай хүн сайхан амьдралд хүрч чадаж байна уу гэвэл үнэхээр өрөөсгөл ойлголт болно. Цөөхөн хүн амжилтад хүрсэн хэдий ч нийт олонхийн хувьд шал өөр байгаа юм. Учир нь миний сайхан амьдрах нь ганцхан надаас хамаарах зүйл биш. Хамаатнууд, найзууд, хөршүүд сайхан амьдарч байж сая миний сайхан амьдрах нөхцөл бүрэлддэг байна. Үүнийг Монголбанкнаас томъёоллоо.
Өдөр бүр ажиллаж, сар бүр цалин авч байгаа ч иргэд мөнгөтэй болж чадахгүй байна. Хувцас эдлэл, зугаа цэнгэл, хоол хүнсний төлбөр, тооцоонд бага багаар өссөөр дараагийн цалин хүрэхэд өр тавьчихсан байх нь нийтлэг. Хүн бүр мөнгөө хураая гэж боддог ч гэнэтийн асуудалд үрчих нь бий. Ер нь хүнийг мөнгө цуглуулах ажилд сургах тийм ч амар биш. Аав нь хэлж, ээж нь зэмлэж, ах дүүс нь зөвлөөд ч мөнгөө хураахад суралцсан хүн цөөхөн.
Харин үүнийг шийдвэрлэх аргыг Монголбанкныхан олжээ. Бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээл эхлүүлэхээр зэхэж байна.
Өнгөрсөн хугацаанд жилийн зургаан хувийн хүүтэй зээл шуугиантай эхэлж, дуулиантай өрнөөд, өнөөдөр нам жим болж гацсан. Тэгвэл Монголбанкны зээл нь 7-9 хувийн хүүтэй байх ба “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрөөс олон талаар ялгаатай. Юун түрүүн анх удаа байр авч байгаа, 55 ам.метр хүртэлх талбайтай, ашиглалтад орсон орон сууцанд 50 сая төгрөг хүртэлх зээл олгоно гэх шаардлага тавихгүй бололтой. Энэ нь байртай болохыг хүссэн бүх иргэнд хамааралтайг илтгэнэ. Ийнхүү мэдээлэл түгээхээр орон сууц руу хошуурч маш олон хүн хаана, хэзээ, яаж гэсэн асуултаар мэргэжлийн хүмүүсийг булах биз. Товчхон хэлэхэд энэ нь байр худалдан авах шаардлага хангасан хүн бүрт олгож болох 20 жилийн хугацаатай зээл юм. Үүний тулд та ажил хийдэг, тогтвортой орлоготой байх ёстой. Мөн сонгосон байрны тань үнийг 20 жил төлөхөөр хуваасан хэмжээ нь тухайн өрхийн нэг сард олох орлогын 50 хувиас давах учиргүй. Ийм шаардлага хангаж байгаа тохиолдолд та Монголбанкнаас баталсан банкуудаас аль нэгийг нь сонгон зээл авах боломжтой. Байрандаа орсон оршин суугч та сар бүр зээлээ эргэн төлөх ёстой. Энэ нь таны шинэ цагийн хуримтлал юм.
Зээлтэй хүн ядаж л баасан гарагт найзуудтайгаа уулздаг байснаа больж, болихгүй юм гэхэд цөөрч, цөөрөхдөө аль болох бага мөнгө зарцуулах нь. Мөн ажилдаа албан тушаал ахиж, цалингаа нэмүүлэх эрмэлзлэл ихэснэ. Ядаж л дургүй хүрсэн үедээ ажлаа хаяад өөр газарт шинээр орчихдог явдал зогсох юм. Учир нь, моргейжийн эргэн төлөлтөө цалингаасаа хийх ёстой. Энэ мэтээр моргейжийн зээл хэрэгжиж эхэлснээр гэр хороолол цөөрч, хот төлөвлөлт сайжирч, орон сууцтай монгол иргэн нэмэгдэж, бүх нийтээрээ сайхан амьдрах нөхцөл сая бүрдэнэ.
Монгол орны хөгжлийн нэгэн чухал зорилт нь эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүрэх явдал. Үүний тулд гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, дундаж давхрагын иргэдийг хуримтлалтай болгох, инфляцыг нам төвшинд тогтвортой барих, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, орон сууц нийлүүлэх, ипотекийн зээлийг нэмэх зэрэг олон шатны ажил хэрэгжих ёстой. Монголбанкнаас голлон анхаарч буй асуудал нь дундаж давхаргын иргэдийг хуримтлалжуулах. Энэ ажлыг дээр өгүүлсэн орон сууцтай болгох замаар шийдэхээр өнгөрсөн хагас жилийн хугацаанд боловсруулан, ажиллажээ. Өөрөөр хэлбэл урд нь хуримтлалыг мөнгөөр төсөөлдөг байсан бол одоо орон сууцаар ойлгох цаг ирээд байна. Монгол Улсын хүн ам, орон сууцны хамгийн сүүлд хийсэн тооллогоор 750 мянган өрхийн ердөө 30 мянга нь орон сууцанд, бусад нь гэр, байшинд суудаг гэсэн судалгаа гарсан байдаг. Тэгвэл бусад 720 мянган өрхийг орон сууцтай болгох зах зээл, боломж юу билээ. Үүнийг ч Монголбанк тооцоолж үзжээ. Яг одоо арилжааны банкаар дамжуулж барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл олгож буй нь өнөөх зах зээлд нөлөөлөх гэсэн алхам юм. Орон сууц барих ажлын зээлийг нээлттэй олгож, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэнэ. Товчхондоо, эзнээ хүлээсэн шинэ орон сууцны давалгаа эхэлж байна.
Өнгөрсөн жилээс эхэлсэн “100 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөр” буюу иргэдийн дунд “жилийн зургаан хувийн хүүтэй орон сууц” нэрээрээ танигдсан хөтөлбөрийг Монголбанкны моргейжийн зээлтэй харьцуулж бодох хүн гарч мэдэх юм. Олон талаар ялгаатайг мэргэжилтнүүд хэлж байна. Юун түрүүн зээлийн санхүүгийн эх үүсвэрийг Засгийн газраас баталгаатай шийдвэрлэжээ. Хоёрдугаарт, хүү нь жилд 7-9 хувь/8+, 8-/ болгож тогтоосон нь ялгаатай. Гуравдугаарт, зорилтот бүлгийг бус бүх нийтийг орон сууцжуулахад чиглэгдсэн. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрөөр анх удаа байр авч буй, 55 ам.метр талбайгаас ихгүй орон сууцыг 50 сая төгрөгийн зээлээр авна гэж заасан байсан. Харин энэ удаад эхний ээлжинд 80 ам.метр талбай хүртэлх орон сууц авч болох нь. Цаашдаа тухайн өрх, иргэний сарын орлого л хүрч байвал хэдэн ч ам.метр орон сууц авч болох аж. Өөрөөр хэлбэл зээлийн шаардлага хангах хэмжээндээ таарах байрыг та сонго гэж Монголбанкнаас мэдэгдэж байна.
АНУ-ын эдийн засгийн их хямрал орон сууцны моргейжээс үүдэлтэй байсныг санаж буй хүн олон. Харин мэргэжилтнүүд үүний хариуд дараахь мэдээллийг өглөө. Энэ төрлийн зээлийн хэмжээ ДНБ-ий талаас илүү гарч ирсэн тохиолдолд анхааралтай ажиглах хэрэгтэй гэнэ. Тиймээс манай улсад нийт зээл гурван их наяд төгрөг хүртэл айх зүйлгүй ажлаа хийж болох аж. АНУ-д нүүрлэсэн их хямралын шалтгаан нь зээлийн хэмжээ ДНБ-ий 70 хувьдаа хүрчихсэн байснаас үүдсэн гэнэ. Нөгөө талаас моргейжийн чанаргүй зээл гарах эрсдлийг ч бид тодруулсан юм. Худалдан авч буй байрандаа орчихоод зээлээ төлж чадахгүйд хүрвэл орон сууцнаасаа гарах ёстой. Гэвч ийм төрлийн эрсдэл тийм ч их гардаггүй аж. Ямар ч шалтгаантай байлаа гэсэн нэгэнт амьдарч эхэлсэн байраа орхихыг иргэд хүсдэггүй. Харин ч асуудлыг яаж ийгээд шийдвэрлэж, төлбөрөө барагдуулдаг байна. Тиймээс хагас жил боловсруулсан хөтөлбөртөө Монголбанкныхан итгэл дүүрэн суугаа юм. Явцын дунд асуудал гарах нь мэдээж, түүнийг цаг тухайд нь засна гэдгээ ч хэллээ. Барилгын улирал эхэлчихсэн энэ үед шинэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр яарч буйгаа ч дуулгасан юм. Ажилтай, цалинтай иргэд ээ, шинэ орон сууцнуудтай тайван танилцаад, 20 жил төлөх зээл буюу хуримтлалаа зөв сонгоод, байрандаа ороорой.