“Save the Children” байгууллага жил болгон хүүхэд төрөхөд хамгийн ээлтэй улсыг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн жагсаалт нэгдүгээрт орсон улс нь Финлянд, адагт нь орсон улс Конго болж таарсан байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой улс Финлянд, хүүхэд төрүүлээд хэрэггүй улс нь Конго болжээ. Энэхүү жагсаалтыг гаргахдаа эхчүүдийн эрүүл мэнд, хүүхдийн нас баралт, боловсрол, орлого гэх мэт үндсэн үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн юм байна. Эдгээр шалгууруудаар дэлхийн 176 орныг харьцуулж үзэхэд хүүхэд төрөхөд хамгийн ээлтэй улс нь Финлянд, дараа нь Швед, удаахь байранд нь Норвеги улс оржээ.
Ингээд харьцуулж эхлэхэд их сонин дүр зураг үүссэн байна. Тухайлбал, Энэтхэг улсад 300 мянган нярай хүүхэд төрснөөс хойш 24 цагийн дотор нас бардаг бөгөөд энэ үзүүлэлт нь дэлхийн хэмжээний төрсний дараахь нас баралтын 24 хувь юм.
Нярай хүүхдэд хамгийн ээлгүй нь Африкийн орнууд тодорчээ. 176 орны дотроос хамгийн сүүлийн 10 байрыг Африкийн улсууд эзэлж. Энд жирэмслэлттэй холбоотой эмгэгийн улмаас 30 эмэгтэй тутмын нэг нь нас бардаг, тав хүртэлх насны хүүхдүүдийн долоон тутмын нэг нь нас бардаг болж таарсан юм. Хүүхэд, эхчүүдийн нас баралтын олон шалтгаан байдгаас нэг нь өлсгөлөн, хүнс тэжээлийн дутагдал. Судалгаанаас харвал Африкийн эхчүүдийн 20 хувь нь хүүхэд тээхэд шаардлагатай жингээс дутуу байсан.
Конго, Сомали, Сьерра-Леоне, Мали, Нигер, Төв Африкийн бүгд найрамдах улс, Гамби, Нигери, Чад, Кот-д’Ивуар гэсэн улс энэ жагсаалтын хамгийн адагт байгаа юм. Гэхдээ хамгийн хачирхалтай нь нэгж хүн амд ногдох төрөлтийн тоогоороо энэ орнууд бас л толгой цохидог. Өөрөөр хэлбэл, төрөлтийн тоогоор дэлхийн хамгийн өндөр байдаг орнууд нь төрөөд хамгийн хэрэггүй гэсэн жагсаалтыг тэргүүлж байна. Хэрэв Швейцарь гэх мэт улсууд нь Африк шиг төрөлттэй байсан бол өдгөө хүн амынх нь тоо хэд хүрэх байсныг хэлэхэд бэрх.
Жагсаалтын нэгдүгээрт орсон, өөрөөр хэлбэл төрөхөд хамгийн тохиромжтой улсаар тодорсон Финляндад жирэмсний үед нас барах эрсдэл нь 12200-т нэг. Хүүхдүүд бие даасан амьдралд хөл тавихын тулд 17 жилийн турш суралцдаг аж. Финляндын араас Швед, Норвег, Исланди, Голланд гэсэн улс жагсаалтыг тэргүүлсэн байна. Скандинавын орнуудын өвөрмөц социализм гэж нэрлэгдсэн үзэгдлийн нөлөө нь энэ байх. Жагсаалтын эхэнд орсон орнуудад нийгмийн халамжийн бодлого үнэхээр сайн. Шударга бус хүн бол зохих ёсны бичиг баримтыг ухаалгаар бөглөж чадвал ажилд орсон нэр зүүгээд л гэртээ зүгээр хэвтэж байгаад ажилтай хүнээс илүү өндөр цалин, тэтгэлэг аваад явдаг байсан нь илэрч дуулиан тарьсан.
Эдийн засгаараа дэлхийд тэргүүлдэг АНУ нь энэ жагсаалтад 30 дугаар байранд оржээ. Аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн улсууд дотроос нярайн эндэгдэл хамгийн өндөр улс нь АНУ болсон байна. АНУ-д жил болгон 11 мянга 300 нярай төрсөн өдрөө нас бардаг аж. Америкт найман жирэмслэлт тусмын нэг нь дутуу тээлттэй байдаг нь энэ таагүй статистикт нөлөөлдөг байх.
Өмнөд Азид эх, хүүхдийн эндэгдэл маш өндөр бөгөөд дунджаар 423 мянган нярай төрсөн даруйдаа хорвоог орхидог. Эдний дотроос эхийн эндэгдлээр толгой цохидог улс нь Энэтхэг. Энэтхэгт жилдээ төрөлтийн хүндрэлийн улмаас 56 мянган эмэгтэй хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг.
Дэлхийн хэмжээнд анагаах ухааны хөгжил өндөр төвшинд хүрсэн хэдий ч тэр бүхэн улс болгонд хүрч чадахгүй, хүрлээ ч хүн болгон шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг авах төлбөрийн чадваргүй байгаатай холбоотойгоор эх, хүүхдийн эндэгдэл өнөөдөр ийм өндөр байна.