Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Намрын 10 хоногтой тэнцэх хаврын нэг өдөр

Ирэх өвөл, хавар монголчууд хэдий хэмжээний, ямар гурил идэх, цагаан сарын маань хэвийн боов, буузны гурил ямар өнгөтэй байхыг шийдэх алтан мөч ирлээ. Энэ бол намар, өвөл, хаваржин тэнгэр ширтэж, хур чийг ямар байгааг ажиглан, жилийн дугуйд борви бохисхийхгүй хөдөлмөрлөн трактор,  чиргүүл дүүжингээ засварлаж байсан тариаланчид маань талбайдаа гарах цаг. Хавартаа тариалах цаг хугацаа, өнгөрсөн жилийн хийсэн уриншийн чанар, жилийн туршид  орсон хур чийг гээд намрын ургацын чанарт нөлөөлөх зүйл тун олон. Ийм болохоор хаврын тариалалтын бэлтгэлээ манай тариаланчид эртнээс, тун чамбай базаадаг. Манай тариаланчид хэдийнээсээ л намартаа бол “Үрээ идэхээс үнээгээ ид” гэдэг бол хавартаа “Хаврын нэг өдөр намрын 10 өдөртэй тэнцдэг” гэж тун нарийн тооцоотой, цаг мөчтэй уралдан ажиллаж ирсэн хүмүүс.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Булган аймгаас эхэлж одоо улсын хэмжээнд үндсэндээ жигдэрч байгаа энэ хаврын тариалалтаар манай улс ирэх намар буудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооныхоо 60 орчим хувийг дотоодын ургацаас хангах зорилт тавиад байгаа.
Энэ бол 393.5 мянган га талбайд тариалахаас  324.7 мянган га талбайд үр тариа тариалах бол үүн дотор улаан буудайг 313.7 мянган га талбайд тариална.  Харин 15.5 мянган га-д төмс, 7.6 мянган га-д хүнсний ногоо тариална гэсэн үг. Үүнээс гадна  20.7 мянган га-д  малын тэжээл, 25 мянган га-д тосны ургамал тарих юм байна. 

Өнгөрсөн жилүүдэд “Атрын гуравдугаар аян”-д урамшсан тариаланчид маань тариагаа тарихаар талбайдаа ханцуй шамлан гарч байна.
Гэхдээ л бодох юм бас байна аа. Улсын хэмжээнд 393 мянган га талбайд тариалахад тариаланчдад маань 20.3 мянган тонн шатах тослох материал хэрэгтэй.  Энэ жилдээ шатахууны хүрэлцээ хангамж гайгүй байгаа болохоор тариалан эрхэлдэг аймгуудад зохих хэмжээний нөөц хангалттай бий гэж шатахуун импортлогчид, ХАА-н салбарынхан мэдээлж байна. Ганцхан хэцүү зүйл өнгөрсөн намраас хойш орлого олохоосоо байнга л зарлага гаргаж суугаа тариаланчдад маань халаасны мөнгө байхгүй. Шатахуун авах нь бүү хэл, өнгөрсөн намар үрээ нөөцөлж базаагаагүй зарим нь тарих үр авах ч мөнгөгүй шахам байгаа. Үүнийг яах вэ гэдэгт ҮХААЯ-наас  шатахууны 50 хувийг зээлээр олгох шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, тариаланчид маань хэрэгцээт  шатахууныхаа үнийн  50 хувийг төлөөд авч болох,  үлдсэн 50 хувийг намар ургацаа хураасны дараа төлнө. Энэ жил улсын хэмжээнд нийтдээ 1100 орчим аж  ахуйн нэгж үр тариа, төмс хүнсний ногоо  тариалахаас 1-500 га талбайтай 800 орчим, 500-1000 га талбайтай 115, 1-3 мянган га талбайтай 130,  3000 болон түүнээс дээш га талбайд тариалдаг 30 шахам аж ахуйн нэгж байгаа юм.

Өнгөрсөн намар өвөл харьцангуй хур тундас элбэгтэй, хавар ч чамгүй цас унасан болохоор “энэ жил чийг сайтай байна” хэмээн сэтгэл өөдрөг байгаа тариаланчид маань одоо тариалалт дуустал тэнгэр тогтуун сайхан байгаасай хэмээн ханцуй дотроо залбирч байна. Өнгөрсөн зун, намар хур бороо элбэгтэй сайхан байж малчдыг баярлуулсан атлаа, тарианы болц оройтож тариаланчдын сэтгэлийг жаахан гонсойлгосон. Энэ ч хэрээр, өвөл хаварт гурилын зарим үйлдвэрийн гурилын чанар муудаж хэрэглэгчдийг чирэгдүүлэн үйлдвэрийнхний нүүрийг улайлгасан явдал бий. Тэгэхээр ёстой л “хавар нэг өдрийг алдахгүйгээр”  хугацаанд нь тариад авбал намар оройтож цас хяруунд даруулахгүй гэсэн үг.
“Атрын гуравдугаар аян”-ны хүрээнд улаан буудайн үнийг өндөр тогтоосон, дээр нь улсад тушаасан тонн буудай тутамд урамшуулал өгч эхэлснээр тариаланчдын тарьж ургуулах, улсдаа тушаах сонирхол нэмэгдсэн. Энэ нь жилээс жилд тарих талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж байгаа нь сайн хэрэг ч “саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ” гэдэг үгийг эрхгүй санагдуулж байгаа. Өмнөх Засгийн газар бага оврын элеватор хэдэн арвыг байгуулна гэсэн ч тэр нь хараахан бэлэн болоогүй болохоор саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Дархан-Уул, Орхон, Булган аймгийн нутгаар явж иргэд хөдөлмөрчидтэй уулзахад энэ тухай санал нэг биш удаа тавьж байсан нь үүнийг гэрчилж байна.

Үнэхээр ч замын чанар муу, зам засч арчилдаг хэдэн компани аж ахуйн нэгж нь хэдийнэ зах зээлд орж, ажлын чанараас илүүтэй багахан зардлаар ихээхэн ажил хийсэн болж хулхиддаг болсон энэ үед хураасан буудай, ургацаа хол газар тээх нь үнэхээр алдагдал ихтэй. Энэ нь холын тээвэрт шатахуун их зарцуулахаас гадна, муу замд алдаж асгах нь их. Булган аймгийн баруун талын сумд бол байнга ийм бэрхшээл тоочдог ч өмнөх Засгийн газар Булган аймагт хувийн элеватор түрээсэлж аргалсаар халаагаа өгсөн болохоор аргагүй.
Хаврын тариалалтын ард гарчихвал тариаланчдад уринш бэлтгэл гэж том ажил залгана. Дараа жилийн тарих талбайгаа бэлтгээд, чанар сайтай уринш хийгээд  авна гэдэг тарих, хураах гээд их ажлын нэлээд хэсгийг нь амжуулчихлаа гэсэн үг.

Манай орны нөхцөлд тариаланчдын байнга хэлдэг  нэг бэрхшээл бас л энэ жил үргэлжилнэ. Энэ бол тарианд мал орох. Яг өдий тонн будаа, төдий га талбайг мал идсэн  гээд барин тавин хэлчихэж чадахгүй ч төр засгийн өндөр тушаалын хүн л явбал хэлж, дээш дээшээ уламжилж өгөхийг хүсч байдаг бэрхшээл бол энэ. Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тариалангийн бүс нутгаар явахад тариаланчдын хэлж ярьж, захиж байгаа зүйл бас л энэ байлаа. Үнэхээр дөрвөн цагийн эргэлтэд хөдөлмөрлөж, өдий төдий хөрөнгөө зарж байж тариалсан талбайд нь мал ороод идэхийг нь идэж, талхлахыг нь талхалчихаар ямар байх билээ.

Судалгаагаар үр тарианы 20 орчим хувийг мал идэж сүйтгэдэг гэсэн баримжаа тоо ч гаргасан байдаг. Тэд бүр аргаа бараад тариан талбайг хашаажуулахад л төр засаг хөрөнгө мөнгөний тусламж үзүүлээч гэсэн санал гаргаж байна.
Гэхдээ л дээр үед бол САА-н тариа ногоонд малаа оруулсан хүнийг байтугай зун намрын цагаар талбайд  ойрхон буусан малчин айл, хүнийг нам захиргааны байгууллага дуудаж ирээд торгодог, шийтгэдэг байсантай адилгүй болохоор энэ бүхнийг зохицуулах тун хэцүү. Өнгөрсөн 20 жилд манай тариаланчид ийм гомдлоо мянгантаа тавиад шийдэж өгсөн хүн, байгууллага нэгээхэн ч байхгүй. Нийт талбайн эргэн тойрны урт хэдэн км болохыг ч мэдэх албан тушаалтан алга.
Юутай ч, та, бидний ирэх өвөл хавар идэх гурил, ногоог базаахаар тариаланчид талбайдаа гарлаа. Ойрын хэдэн өдөр малчид маань “хур бороо ороосой, хүйтэн намдсан болохоор ногоо гарна даа” хэмээн тэнгэр харж суух бол тариаланчид ”Үрлэгээ  дуустал бороо хур л битгий ороосой билээ” гэж байгаа юм.  Газар нь шимтэй, ургац нь арвин байх болтугай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан