“МИАТ” компанийн шинэ “Боинг 767-300ER” агаарын хөлөг энэ сарын 15-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардана. Ийнхүү “МИАТ” компани өөрийн өмчлөлийн анхны орчин үеийн агаарын хөлгөө хүлээн авах юм.
Тус компани 2011 оны зургадугаар сард АНУ-ын “Боинг” компаниас гурван агаарын хөлөг худалдан авах гэрээ байгуулж хагас зуун жилийн түүхэндээ анх удаа өөрийн гэсэн “Боинг” онгоцтой болж байгаа нь энэ. Уг онгоц нийт 220 суудалтайгаас 25 нь бизнес ангиллынх.
“Боинг” компани шинэ агаарын хөлгийн нисэх баг, инженер техникийн ажилтнуудыг сургасан бөгөөд “МИАТ” компанийн нисгэгчид АНУ-аас жолоодон ирэх юм. Монголын үндэсний тээвэрлэгч “МИАТ” компани шинэ онгоцоо олон цаг үргэлжилдэг холын зайн нислэгт ашиглахаар төлөвлөж байна.