Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манайд тансаг хэрэглээний татвар хэрэгтэй юу


2008 оноос гараагаа эхэлсэн Дэлхийн эдийн засгийн хямрал гээч том “мангаа” одоо ч бужигнуулсаар л байна. Нөлөө нь асар их. Манайх шиг хөл дээрээ тогтож ядаж байгаа жижиг орноос эхлээд АНУ, Хятад, Европын холбоо зэрэг хамгийн хүчирхэг эдийн засагтай орнууд хүртэл бүгд хямарлаа. Үүний нөлөөгөөр эгэл жирийн иргэдээс эхлээд тэрбумтнууд хүртэл энэ хямралаас их бага хэмжээний хохирол амссан. Энэ бүхэн нь дэлхийн хэмжээнд эдийн засгийн хөгжлийн цаашдын хэтийн төлөв, улс төрийн тогтолцооны явцад ихээхэн нөлөө үзүүлэв.
Наад зах нь зөвхөн 2012 онд дэлхийн хэмжээнд болсон сонгуулиар гэхэд л дийлэнхэд нь зүүний талыг баримтлагч нам, тэдний төлөөлөгч ялалт байгуулсан юм. Зүүний талын үзэл баримтлалтай тэдгээр улстөрчдийг ерөнхийдөө нийгмийн баялгийн хувиарлалтыг шударга болгох, авлигатай эрс хатуу тэмцэх гэсэн уриагаар нэгтгэж болох юм. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Америкийн Ерөнхийлөгч Барак Обама, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавес гээд олны танил болсон алдартнуудаас эхлээд хаана байдгийг нь мэдэхгүй шахуу жижиг улсын парламентын олонхи хүртэл ийм уриа дэвшүүлэн гарч ирсэн. Зарим нь эхнээсээ хэрэгжүүлээд байна. Оффшор бүсийн тухай дуулиан үүний нэг. Олсон орлогоо оффшор бүсэд бүртгэлтэй компаниудаар дамжуулан татвараас зугатаалгаж, авлига, мөнгө угаах үндсийг нь тавьж байна гэж татвар, бүртгэл, санхүүгийн хөнгөлөлт үзүүлдэг ийм компаниудыг шүүмжлээд олон жил болж байгаа. Гэтэл энэ жил Кипр арал санхүүгийн хямралд орж гарахын тулд оффшор бүс гэж гадаадаас орж ирсэн мөнгөн хадгаламжийн 30 хувийг нэг удаагийн татвар байдлаар авч хямралаас гарах болсноор дуулиан эхэлсэн. Энэ дуулианы хүрээнд оффшор бүсэд мөнгө хадгалуулж байгаа гадаадын иргэдийн жагсаалтыг ил болгохоор болж, заримаас илчилж эхлэхэд манайхаас эхлээд цөөнгүй орны зарим улстөрч тун ч эвгүй байдалд орж байсан.

Швейцарь, Люксембург гэх мэт банк санхүүгийн хүчирхэг салбартай орнуудад банкинд хадгаламж нээх замаар татвараас зугатаж байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг нээлттэй болгохоор шахах гэх мэт олон арга хэмжээ авч байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд Францын Сангийн сайд ихээхэн хэмжээний мөнгийг Швейцарь дахь банк руу гуйвуулан татвараас зугатаж байсан нь илэрч бөөн дуулиан тарьсан юм.

Мөн төрийн тодорхой хэмжээний оролцоотой, төрөөс бага хүүтэй зээлийн тусламж авсан гэх мэт томоохон компаниудын удирдах албан тушаалтны бонусын хэмжээг хязгаарлах тал дээр шийдэмгий арга хэмжээ авах тухай яригдаж байна. АНУ–д 2008 оны хямралын дараа төрөөс олон тэрбум, их наядаар нь тусламж авч байж хөл дээрээ тогтсон зарим компаниуд жилийн эцсээр удирдах албан тушаалтнууддаа асар их хэмжээний бонус өгсөн нь олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэсэн. Швейцарьт мөн л удирдах албан тушаалтнуудын ажлын бонус, халагдсаны нөхөн төлбөр зэргийг ухаалаг, боломжийн хэмжээнд хязгаарлахаар ажиллаж байна. Орост ч мөн сүүлийн үед Төрийн  мэдлийн том компаниудын удирдах албан тушаалтнууд жилийн эцсээр эсвэл өөр ажил руу шилжихдээ нөхөн төлбөр, бонус хэлбэрээр ихээхэн хэмжээний мөнгийг зүгээр авч байсан нь олон нийтэд ил болж бухимдал төрүүлсэн. Иймээс ч энэ байдлыг өөрчлөх тал дээр оросууд идэвхтэй ажиллаж байгаа.

Гэхдээ дэлхийн хэмжээнд олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байгаа зүйл бол эд баялаг, тансаг хэрэглээний татвар гэгч юм. Тухайлбал, Франц улс хувь хүнээс авах орлогоо  жилд олж байгаа ашиг орлогын хэмжээнээс хамаараад өндөр байх ёстой гэдгээ сонгуулийн амлалт болгож байсан. Тиймээс түүнийг ялалт байгуулсны дараа Францын саятнууд, тэрбумтнууд толгой дараалан эх орноосоо зугатсан. Хамгийн их дуулиан тарьж зугатсан хүн нь Францын кино од Жерар Депардье. Тэрээр шударга хөдөлмөрөөрөө олсон ашиг орлогоосоо бусдаас илүү татвар төлөх сонирхол огт үгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж иргэний үнэмлэхээ хүлээлгэж өгөөд Оросын иргэн болчихсон. Олланд 150 мянган еврогоос дээш орлоготой иргэдэд 45 хувийн татвар, нэг сая ба түүнээс дээш орлоготой иргэд 75 хувийн татвар төлөх ёстой гэж мэдэгдээд байсан юм. Шүүх болон дээд шүүхээс хувь хүнээс ингэж өндөр татвар авах нь хууль бус гэж мэдэгдсэн хэдий ч Олланд жилдээ нэг сая еврогоос дээш цалин өгдөг компаниудын  татварыг 75 хувь болгоно гэдгээ зарласан.

Оросын Засгийн газар Путины өгсөн чиглэлийг эд баялгийн гэхээс илүүтэйгээр тансаг хэрэглээний дагуу энэ оны арваннэгдүгээр сараас эхлэн эд баялгийн татварыг оруулах гэж байгаа аж. Шинэ хуулийн дагуу жишээлэхэд, 5-10 сая рублийн үнэтэй, үйлдвэрлэгдээд таваас цөөн жил болсон машинаас авдаг татварын хэмжээг хоёр дахин нэмнэ. Үйлдвэрлэгдсэнээс хойш 10 –аас цөөн жил болсон 10-15 сая рублийн үнэтэй машины татварын хэмжээг гурав дахин нэмнэ. Машины үнийг Оросын Худалдаа аж үйлдвэрлэлийн яам нь гааль, худалдааны бичиг баримтыг үндэслэн тогтоож байх ажээ.

Элдэв хууль бус аргаар баяжсан оросын олигархууд, саятнууд, өндөр албан тушаалтнууд өндөр үнэтэй, тансаг машин худалдан авдгаараа алдартай. “Ламборжини”, “Порше” машиныхаа тоогоор Оросын тэрбумтнууд толгой цохидог. Оросын тэрбумтнуудын эхнэрийн өмсөх дуртай булган шуба гэхэд л 240 мянган ам.доллараас дээш үнэтэй байх жишээтэй. Аймшигтай үнэтэй машиныг хаанаас олсон нь мэдэгдэхгүй их мөнгөөр худалдаж авчихаад моторын багтаамжаараа адилхан орос машинтай адил татвар төлж гэмгүй царайлаад яваад уурлаж бухимдсан жирийн иргэдийг  тайвшруулж байгаа хэрэг. Цаашилбал, өндөр үнэтэй тансаг харшуудад ногдуулах үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээ, онцгой тохиолдолд хилийн чанад дахь өндөр үнэтэй усан онгоц, үл хөдлөх хөрөнгөөс хүртэл татвар авах тухай ч яригдаад авсан.

Ам. метр нь цалингийн хамгийн бага хэмжээнээс 1000 дахин давсан үнэтэй байрнаас авдаг үл хөдлөх татварын хэмжээг нэмэх саналыг Украйнд гаргажээ.
АНУ ч үүнээс хоцорсонгүй орлогын хэмжээ нь сая ам.доллараас давсан иргэдийн татварыг 30 хувь болгох саналыг Обама гаргасан байна.
Гэхдээ ийм хандлага гэнэт гараад ирчихсэнгүй маш олон оронд байсаар ирсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Жишээлэхэд, Мексик, Австрали, Унгар улсад эд баялгийн татвар гэж байна. Чили, Тунис, Алжир улсад өндөр үнэтэй бараа худалдан авсан тохиолдолд НӨАТ дээр нэмж татвар авдаг. Итали, Аргентин, Норвеги, Энэтхэг, Швейцарь зэрэг улсад үнэтэй зураг, хувьцаа, аль үнэт эдлэл гэх мэт хөрөнгийн хэмжээ нь хэдий чинээ их байна түүнээс төлөх татварын хэмжээ нь өндөр болдог.

Манайд энэхүү эд баялгийн нэмэлт татвар гэгчийг яаж хэрэгжүүлэх вэ гэсэн асуудал гарч ирнэ. Дондогдулам хатны барьж байсан үнэтэй хөөрөг, наадмаар эсвэл Цагаан сараар зүүдэг мөнгөн бүс, удам дажсан мөнгөн баавартай хуучны эмээл гэх мэт зүйл үүнд багтах уу гэдэг асуулт гарч ирнэ. Тансаг машин гэдэгт ямар зэрэглэлийн ямар үнэтэй, ямар загварын машин оруулах вэ. Монголд олон явж харагддаг “Хаммер” жийп энэ тансаг зэрэглэлд багтаад жил болгон илүү өндөр татвар төлдөг болох уу. Эсвэл зөвхөн моторын багтаамжаар нь тооцдог байх.

Энд нийгэмд бухимдал төрүүлэхгүйн тулд маш нарийн бодож боловсруулах хэрэгтэй байх. Ямартай ч Франц гэх мэт зарим оронд байдаг эд баялаг, тансаг хэрэглээний татвар нь эдгээр улсын төсөвт жилдээ 2.6 тэрбум ам.доллар оруулж байдаг ажээ.

0 Сэтгэгдэл
Mash zuv asuudliig hundsun baina. Tansag heregleegee ehleed sain yalgaj bas angilchihaad tatvaraa avah heregtei.Huulichilj hurdan heregjuuleh heregtei baina daa. Tom mashin unaj baigaa bol gangan unetei mashin unah erh edelj baigaa bol uurgee huleeh l heregtei. Uhehgui yum shig engiin hunees hed dahin unetei baishind hamgaaluulan amidarch baigaa bol bas tatvaraa tuluh l heregtei. Ene bol horih bish zugeer zuvshuuruud tatvaraaraa shiidchih heregtei. Gehdee tatvariin albaniihan iddeg uudgaa bas bolih heregtei.
Хамгийн их уншсан