Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хонины морины уяа сойлгыг тааруулах үүрэг

Нар ээсэн амралтын өдөр үзэг нэгт нөхдийн хамт Үндэсний нислэгийн авиа компани МИАТ-ээр аялалаа. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн баярыг хуваалцаж, тэр бүр нээлттэй бус МИАТ-ээр аялсан маань давхар баяр болсон юм.

Бидний аялал эхэлж, өглөөний 11:00 цагийн орчим МИАТ-ийн Засварын төвийн үүдэнд буулаа. Гурван жилийн өмнө албаны тодруулга авахаар тус байгууллагын үүдээр нэвтрэх гэж улсын хил гарахтай адил шалгуулж, нэг­жүүлж, байцаагдаж байж сая нэг “түр нэвтрэх зөвшөөрөл” авч байсан санагдана. Гэтэл энэ удаа ёстой “сим сим онгой” гэдэг нууц үг хэрэглэсэн аятай л орсондоо баясаж явлаа. МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан бидний хэсэг нөхдийг угтан авч “Өнөөдөр цаг агаар сайхан байна. Бид ийм өдрийг нислэгийн өдөр гэж нэрлэдэг. Тийм болохоор та бүхэндээ нислэгийн өдрийн мэнд хүргэе” гэлээ. МИАТ-ийн Засварын төвийн хашаанд “Царцаа ногоон”-оос эхлээд Монголын агаарын тээврийн түүх мөнхийн зогсоолдоо зогсчээ.

МИАТ компанийн хамгийн том бахархал бол өөрсдийн хүчээр засвар үйлчилгээний төвтэй болсон явдал. 14 хэсэгтэй 24 цагийн ажиллагаатай засварын төв нь чанарын Евро стандартын гэрчилгээ болон Солонгос улсын онгоцыг засварлах эрх эзэмшдэг аж. Онгоцыг хүний бие гэж үзвэл энэ засварын төвд бүх биеийн шинжилгээ хийх нарийн тоног төхөөрөмж болон эмч нар байна. Мэргэжилтнүүдийн тайлбарласныг өөрийнхөөрөө ойлгосон маань л энэ. Онгоцны засварын хэлт­сийнхэн өөрсдийн нөөц бо­лолцоог дайчлан гурван жилийн өмнөөс өөрийнхөө онгоцнуудад хяналт тавих төхөөрөмж суурилуулсан бай­на. Тэр төхөөрөмжөөр онгоц­ны жолоочтой мессэжээр холбогдож болох гэнэ. Одоо­гоор МИАТ компани түрээсийн дөрвөн агаарын хөлгөөр зургаан чиглэлд аялал хийдэг. Биднийг очих үед засварын төвд “Бойнг 767-300 ER” онгоц засвар хийлгэж байсан юм. Дугуйны хээ нь элэгдсэн учраас сольж байгаа гэнэ. Хэдийгээр хээ нь элэгдсэнээс дугуйг нь сольж байгаа ч заавал дотор талынх нь обудыг нарийвчлалтай шалгах ёстой байдаг аж. Энэ мэтчилэн ажлыг нарийн зохион байгуулалттай хийдгийн бас нэг жишээ бол “Онгоцыг амжилттай хөөргөж, амжилттай газардуулах” гэсэн уриатай засварын хэлтсийн хамт олон өглөө бүр өөрөөсөө би ажлаа хийх чадвартай байна уу, амжилт гаргах урам зоригтой байна уу гэх зэрэг асуултыг асууснаар ажлын нэг өдөр эхэлдэг байна. Харин орой дуусахдаа ажлаа дүгнэж өөрөөсөө асуултууд асуух нь ажлын байрны үүрэг, дүрэм журам.
Засвар үйлчилгээний төвийн хамт олон гадаадын онгоцнуудад өнгөрсөн жил найман тэрбум төгрөгийн засвар үйлчилгээ хийжээ. Энэ жил энэ тоог 24 тэрбум хүртэл ахиулах зорилт тавьснаа Засвар үйлчилгээний хэлтсийн дарга Т.Аюуш дуулгасан. Удахгүй Тайландын онгоцыг засварлах эрхээ гардаж авахаар бэлдэж байгаа учраас орлого үүнээс ч илүү өсөх боломжтой гэнэ.  

МИАТ  компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан хаалттай газрыг нээлттэй болгож, сэтгүүлчидтэй яриа өрнүүлсэн юм.

-МИАТ компанийн нис­лэг хийж байгаа онгоц бүгд түрээсийнх гэлээ. Манайх хэзээ өөрийн гэсэн өмчтэй болох вэ?
-Бид энэ сарын 16-нд шинэ онгоцоо Бойнгийн үйлдвэрээс гардаж авах гэж байгаа. 2016 он гэхэд өөрийн хоёр, түрээсийн хоёр шинэ онгоцтой болохоор төлөвлөсөн.

-Үйлдвэрээсээ гарч ирсэн онгоцонд хэдэн жилийн баталгаа өгдөг юм бол?
-Хэдэн жилийн гэж заасан нас байдаггүй. Ерөнхийдөө олон улсын хэмжээнд 11 настай болоод ирэхээрээ л хөгшинд тооцогдож хэрэглэхээ больдог. Тийм онгоцоо бусад оронд түрээсэлдэг байхгүй юу. Манай түрээсэлж байгаа онгоц ч гэсэн яг л тийм. Гэхдээ Засгийн газартай хийсэн баримт бичигт 2020 оноос хойш 20-оос дээш настай онгоц нисгэхгүй гэж заасан байна билээ.

-Одоо орж ирж байгаа онгоц 20 нас хүртлээ зардлаа нөхөх байх л даа. Гэхдээ дахиад шинэ онгоц авах хэмжээний хөрөнгө мөнгө олж чадах болов уу?
-Бид 2016 онд дэлхийн агаарын компаниудын мө­рөөд­дөг Бойнгийн үйлдвэрийн хамгийн сүүлийн загвар “Мөрөөдлийн онгоц”-ыг авах зорилт тавьсан байгаа шүү дээ. Гэхдээ чиний асуусан асуулт зөв байна. Их алсаа харсан. Сүүлийн 20 жил төрөөс тусламж өгөөгүй учраас бид өмнө нь 2013 оныхоо л ажлыг төлөвлөөд, хийгээд явдаг байж. Тэр бидний алдаа. Одоо алс ирээдүйг бодож ажлаа төлөвлөж байгаа.

-МИАТ зургаан чиглэлд нислэг хийдэг гэлээ. Хаашаа хаашаа нисдэг бэ?
-Сөүл, Бээжин, Берлин, Москва, Японы Токио, Хон­конг гэсэн үндсэн зургаан чиг­лэлд нисдэг. Зуны гурван сард Японы Осака руу нислэг үйлддэг.

-Яагаад орон нутаг руу нислэг хийдэггүй юм бэ?
-Манай зах зээл хэтэрхий жижиг. Хэрэв манайх орон нутагт нислэг хийгээд эхэлбэл нөгөө гурван жижиг авиа компани шууд л дампуурна. Аль болох их өрсөлдөөн үүсэх тусам нэгнийгээ унагана гэсэн үг. Тиймээс бид зах зээлээ хувааж авч байна.

-Манайд олон улсад нислэг хийдэг авиа компани орж ирсэн шүү дээ. Тэгэхээр МИАТ-ийг ч гэсэн таны хэлсэн өрсөлдөөн рүү оруу­лаад байгаа юм биш үү?
-Turkish airline, Air China, Call үйлчилгээ гээд дэлхийд данстай авиа компанид нэгдээд манай зах зээл рүү ороод ирлээ. Манай компанийн энэ жилийн үзүүлэлт өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад доогуур байгаа. Энэ яагаад ийм байна  гэхээр Turkish airline орж ирснээс Бээжин, Европын урсгал багассан. Хятадад шувууны ханиад гарлаа. Мөн л Бээжинг зорих зорчигчийн тоо буурсан. Бас МИАТ-ийн удирдлагуудын хэрэг нөлөө үзүүлж байна. Мориор яривал манайх Монголын ганц хонины морь байхгүй юү. Хурдан морь болоогүй, хонь хариулж яваа мөртлөө л хурдан морьдын тоосонд ороод давхиад байгаа. Гэтэл хөөрхийг ганц удаа бүдрэхэд нь толгой түрүүгүй нүдээд байвал бүр хонины ч морьгүй болох цаг ойрхон байна. Хурдан морь болгоход сэтгүүлч та бүхний үүрэг ч гэсэн байх ёстой. Гадаадын авиа компаниуд нислэгээ цуцалдаг уу цуцалдаг. Саатал гаргадаг. Төгс юм хаана ч байхгүй. Гэтэл тэрийг хэн ч ярьдаггүй. Салбарт нь ажиллаж байгаа учраас би сайн мэдэж байна. Солонгосчууд яагаад Монголд ирчихээд үндэснийхээ хоолыг иддэг юм. Тэр чинь үндэс­ний үзэл. Биднийг хонхорт байрлачихсан, цагаан хаал­ганаас цааш мэдээллээ өг­дөггүй гэж шүүмжилдэг. Тэг­вэл үүнээс хойш манай үйл ажиллагаа хэний ч өмнө нээлттэй.

-Хурдан морь болохын тулд үйлчилгээгээ өргөжүү­лэх хэрэгтэй байх. Нислэ­гийнхээ чиглэлийн тоог хэзээ нэмэх бол?
-Жишээ нь, АНУ-руу нислэг хийе гэхэд тус улсаас нислэгийн зөвшөөрөл авах хэрэгтэй. Тавигдсан шаард­лагуудыг биелүүлэх ёстой. Онгоцны болон үйлчил­гээний чанар гээд цогцоор нь шаардлагад нь нийцүүлж байж сая эрх авдаг. Манай компани дан ганцаараа хийчих юм биш, улс тэр чигээрээ хөдөлж байж хийх зүйл. 2016 онд шинээр онгоцны буудал ашиглалтад орвол их зүйл шийдэгдэнэ. Орчин үеийн транзит буудалтай болчихвол бидэнд их зүйл өгнө.

-Тэгвэл одооноос эхлээд бэлдлээ гэхэд АНУ-руу нис­лэг хийдэг болох хүртэл хэ­дэн жилийн хугацаа шаард­лагатай вэ?
-Манайх аль 1950-аад оноос л бэлтгэл хийсэн байхгүй юү. Бидний энэ хугацаанд бий болгосон нөөц бололцоог нэмээд бэлтгэлээ хийх юм бол хоёр, магадгүй гурван жилийн ч хугацаа шаардагдана.

-Манайх олон улсад нис­лэг хийж байгаа. Тэгэхээр га­­даадын байгууллагын хя­налт шалгалт хэр хийгддэг бэ?
-Хоёр жил тутамд олон улсын аудитын байгууллага шалгалт хийдэг. 953 асуулт биднээс асуудаг. Өнгөрсөн гуравдугаар сард анхан шатны шалгалтаа хийгээд явсан. Тэр шалгалтаар бид тавхан зөрчилтэй байсан. Одоо ирэх есдүгээр сард жинхэнэ шалгалт ирнэ. Тэр үед гарсан зөрчлөө арилгасан байна.

-953 асуултад компанийн бүх үйл ажиллагаа багтсан байх уу?
-Тэгэлгүй яахав. Зөвхөн нислэг зохицуулалтын төв л гэхэд 190-ээд асуултад нь хариулах ёстой гэдэг ч юм уу. Бүх хэлтэст тусгай асуултууд ирдэг.
МИАТ компаниар аял­сан дараагийн зогсоол маань Нис­­лэг зохицуулалтын төв бай­лаа. Онгоцны нисгэгч он­го­­цоо жолооддог бол энэ төвийнхөн онгоцны нисгэгчийг жолооддог. Нислэг аюулгүй байхын үндэс бол агаарын нөх­цөл байдал, дайн самуун гээд олон зүйлээс хамаардаг. Энэ бүхнийг хянаж байхын тулд Нислэг зохицуулалтын хэлт­сийнхэн үндсэн гурван дэл­­гэцээр бүх мэдээллээ ав­даг. Эхний дэлгэцээр улс оронд болж буй үйл явдлыг шуурхай мэдээлдэг телевизийн суваг. Харин голын дэлгэцэнд Засварын хэлтэст байсан шиг онгоцнуудаа хянадаг дэлгэц байрладаг. Агаарын хиймэл дагуу­лын тусламжтайгаар өөрийн онгоцоо хянадаг бол­сон нь манай улсын хувьд том дэв­шил. 10-аадхан жилийн өмнө л онгоц замаа олохгүй төөрлөө гэх мэдээ цацагддаг байсан бол одоо огт тийм зүйл болохгүй гэнэ. Харин дараагийн дэлгэцээр гадаадын улс оронд бол буй үйл явдлыг шуурхай мэдээлдэг суваг гарах аж. Энэ гурван дэлгэц бол Нислэг зохицуулалтын хэсгийнхний гол багаж техник хэрэгсэл.

МИАТ компанийн урдаа барьдаг алба бол Үйлчилгээний хэлтэс. Өмнө нь, онгоцны үйлчлэгч нарыг топ модель байх ёстой хэмээн төсөөлж, зөвхөн цай зөөдөг гэж боддог байсан бол одоо үгүй болжээ. Онгоцны үйлчлэгч  зорчигчийн аюулгүй ажиллагааг хангадаг байх ёстой. Тийм ч учраас жил бүр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагддаг гэнэ. Мөн МИАТ компани дотоод журамдаа онгоцны үйлчлэгч хүн 45 нас хүртлээ ажиллаж болно хэмээн заасан нь мэргэжлийн туршлагатай хүн мэдлэг дээрээ тулгуурлан ажиллах гол зорилт гэнэ. Ни­сэхийн компаниудад зэрэг­лэл олгодог олон улсын Skytrax компаниас гурван одны зэрэглэл авсан нь тус хэлт­сийнхний чадварыг харуулж байна билээ. Энэ байгууллага хамгийн ихдээ таван одны зэрэглэл олгодог гэнэ. Гэхдээ үйлчилгээний төрөлдөө онгоцны буудлыг хамруулж шал­гадаг учраас манай улс транзит буудалтай болохгүй л бол хэзээ ч таван одны зэрэглэл авахгүй гэнэ.
Ингээд бидний аялал МИАТ компаниар хагас өдрийн турш үр­­гэлжилсэн. Аялалынхаа эцэст нөгөө л муулаад байдаг, хаалт­тай МИАТ компани маань бидэнд байгаа ганц хо­нины морь гэдгийг ойлгосон юм. МИАТ-ийнхан ч сэтгүүлч бидний санаа бодлыг сонсч, үйл­чилгээнийхээ чанарыг улам сайжруулна гэдгээ мэ­дэгд­­сэн. 600 хүний хүчин чар­майл­таар урагшилж буй Үндэсний тээвэрлэлтийн маань хөгжлийн хурд 1000 км.цаг байх болтугай.

0 Сэтгэгдэл
Honinii moriig uyaj soidog yum uu? medehgui l yum bna. harin hurdnii moriig uyaj soidog yum. 900 km/ts hurtel hurdagldag ongotsuudiig honinii nomhon moritoi zuirleh ni bas haashaa ch yum be dee.
Хамгийн их уншсан