Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголоос Японд экспортолдог бүтээгдэхүүний 70 хувь нь нүүрс


Монгол Улс дэлхийн 140 гаруй улстай худалдаа хийдэг билээ. Өнгөрсөн онд гадаад худалдааны эргэлт  10.3 тэрбум гаруй ам.долларт хүрсэн. Манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад чухал байр суурь эзэлдэг улсын нэг бол Япон. Тус улсын   530 гаруй компани  1990-2012 онд 184 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн тооцоо бий.  Энэ нь манай улсад орж ирсэн  гадаадын нийт хөрөнгө оруулалтын 1.6 хувийг  эзэлж байгаа юм. Ингээд тус улс манайд хөрөнгө оруулагчдын жагсаалтын 11-т бичигдэж байна.  Японы хөрөнгө оруулалтын дийлэнх нь худалдаа, нийтийн хоол, 18 хувь  нь хөнгөн үйлдвэр, зургаан хувь нь мэдээлэл, холбооны технологи, 7.3 хувь  нь банк санхүүгийн салбарт ногдож байгаа аж.  Харин геологи, уул уурхайн  олборлолтын салбарт 2.7, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын салбарт 1.1 хувь нь ногдож буй юм. Өнгөрсөн онд  Монгол, Японы хооронд 507 сая ам.долларын худалдаа хийжээ. Үүнийг задлаад үзвэл  экспорт 5.7, импорт 501 сая ам. доллар тус тус болж байна.  Манай экспортын гол бүтээгдэхүүн нь чулуун нүүрс, зэс молибдены баяжмал,  малын гаралтай  бүтээгдэхүүн юм. Харин манай улс Японоос автомашин, хүнсний бүтээгдэхүүн, эм, архи, тамхи, гэр ахуйн бараа, уул уурхай, барилгын машин механизм, цахилгаан бараа, холбооны техник хэрэгсэл авдаг.

Япон улс ашигт малтмалын импортоор дэлхийд нэлээд дээгүүрт ордог. Тэр дундаа нүүрс, төмрийн хүдрийн хэрэглээ нь улам нэмэгдэж буй юм. Иймээс манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулах, ашигт малтмал авах сонирхолтой байгаа.  Тэр дундаа нүүрс авах сонирхол бий. Ийм ч учраас манай улсын японд экспортолсон бүтээгдэхүүний  70 хувийг чулуун нүүрс эзэлж байна.  Цаашид энэ тоо өсөх дүр зураг ажиглагдаж байгаа юм. Японд ашигт малтмал экспортлоход хойд,  урд хөршийнхөө төмөр замыг ашиглахаас өөр аргагүй. Иймд өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-тай тээвэрлэлтийн хэлэлцээр урьдчилсан байдлаар хийгээд буй. Мөн БНХАУ-тай энэ сард дамжин өнгөрүүлэх тээврийн хэлэлцээр хийх ажээ.  Хэрэв эдгээр хэлэлцээр амжилттай болвол манай төмрийн хүдэр, нүүрс, зэсийн баяжмал Япон болон Өмнөд Солонгост хүрэх төдийгүй олон зах зээлтэй болох болно.

Монгол, Японы Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн зургадугаар Зөвлөлдөх уулзалт өнгөрсөн баасан гарагт боллоо.  Энэ уулзалтын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монгол Улсын Засгийн газар байгалийн баялгийн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо эрчимтэй хөгжлийг хангах зорилттой ажиллаж байгаа. Эдийн засгийн бүх салбарт ялангуяа Геологи Уул Уурхайн салбарт Монгол орны үнэ цэнэтэй эрдэс баялгийн түүхий эд, Японы санхүү- эдийн засгийн чадавхи, байгальд ээлтэй техник-технологийн дэвшил нь цоож түлхүүр лугаа адил шүтэлцээтэй болохын хувьд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, зах зээлд гаргах боломжийг бүрдүүлнэ хэмээн итгэдэгээ  тэмдэглэхийг хүсч байна. Иймд  эдийн засгийн харилцааны хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлж идэвхжүүлэх зорилгоор  Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийг Япон Улсын Засгийн газартай ойрын үед байгуулна” хэмээн хэллээ.

0 Сэтгэгдэл
Оросоор дамжуулан гаргасан нь дээр. Одоо тэр зүгт Орос, Монгол, Япон, Солонгос улсын ашиг сонирхол нэгдэж байгаа. Энэ нь Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлыг "тогтвортой" хангаж чадна.
Хамгийн их уншсан