Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Булганыхан хаврын тариалалтаа эхэлжээ

Манай улс энэ онд 325 мянга орчим га-д тариалалт хийж хэрэгцээт буудай, төмсөө 100 хувь, хүнсний ногооныхоо 60 орчим хувийг дотоодын ургацаас хангах зорилт тавиад байгаа. Булган аймаг улсын хэмжээний нийт үр тарианы 10 орчим хувийг, төмс хүнсний ногооны 4,1 хувийг үйлдвэрлэдэг байна. Тус аймаг энэ жил 32,8 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэх зорилттой ажиллаж байгаа юм байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багт ажиллаж, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзлаа. Мөн хаврын тариалалтын бэлтгэл ажил болоод “Хонгор агро Булган” ХХК-ийн гурилын үйлдвэртэй танилцлаа.
Хонгор багийнхан энэ үеэр манай баг Соёлын төвгүй учраас гадаа талбайд уулзалт зохион байгуулж байгаа гэдгээ хэлээд хүүхэд залуучууддаа зориулсан Соёлын төвтэй болох хүсэлтээ Засгийн газрын тэргүүнд уламжилж байлаа. Тус сумынхны үр тариа, төмс, хүнсний ногооны борлуулалтын гол цэг нь Хөвсгөл бөгөөд тус аймаг хүртэл засмал зам тавигдаж байгаад талархаж байгаагаа хэлж байсан юм. “Хонгор агро Булган” компанийн гадаа талбайд болсон энэ уулзалтад Хутаг-Өндөрөөс гадна Булганы бусад сум, хил залгаа Хөвсгөлийн Тариалан сумынхан ирж оролцсон бөгөөд санал хэлсэн хүмүүсийн олонх нь тариалан эрхлэгчид байлаа.
Тэд бидэнд цаг уурын эрсдэлээс гадна бас нэгэн бэрхшээл байна. Тариалалт хийсэн талбайд мал орж сүйтгэдэг, үр тарианы талыг бид авч, талыг нь мал иддэг гээд малчидтайгаа ойлголцож чадахгүй байгаагаа учирлаж байлаа. Зарим нь тариан талбайгаа хашаажуулахад Засгийн газар, аймаг сумын удирдлагаас тусламж хүслээ. Энэ асуудалд орон нутгийн  удирдлагууд анхаарч, ойрын хугацаанд зөв арга олж, шийдвэрлэхийг Ерөнхий сайд зөвлөөд ойлголцож, бие биенээ дэмжиж ажиллахыг иргэдээс хүслээ. Ямар арга хэмжээ авсан талаар эргэж танилцуулахыг аймаг, сумынханд үүрэг болголоо.
Тариалан эрхлэгчид үр тарианы агуулах буюу элеватор байгуулж өгөхийг мөн хүсэж байлаа. Энэ онд улсын хэмжээнд нийтдээ 90 мянган тн-ын элеватор барихаар гэрээ байгуулсан, үүнд Булганы Хутаг-Өндөр сумынх багтаагүй бөгөөд 2014 онд тус суманд 20-30 тн-ын элеватор, төмс хүнсний ногоо хадгалах зоорь барихаар төлөвлөсөн гэдгийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга хэллээ.  
Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд машин, техник тоног төхөөрөмж гаднаас авчирч борлуулж байгаа хүмүүс хэтэрхий их үнээр өгч байна, ямар нэгэн эд анги нь эвдэрч гэмтэхэд засвар хийх буюу шинээр сольж өгөх нөөц байдаггүйгээс гадаад руу захиалж хугацаа их алддаг гэж ярьж байна. “Хонгор агро” компани л гэхэд тендерт  шалгарсан гэсэн нэр зүүсэн орос, канад, германы машин техниктэй юм байна. Уг нь орчин үеийн, шатахуун бага зарцуулдаг, дэвшилтэт технологи бүхий машин техник нь нэг улс, нэг брэндийнх байвал завсар арчилгаа авахад дөхөм, тиймээс хойшид энэ тал дээр анхаарч ажиллана гэж Засгийн газрын тэргүүн хэлж байлаа. Энэчлэн тариаланчдын саналыг сонсож, заримыг нь судлаад ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гэлээ.
Хаврын тариалалтад шаардагдах шатахууныг НИК, “Магнай трейд” компанитай гэрээ байгуулан 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож байгаа гэсэн мэдээллийг энэ үеэр тариаланчдад өглөө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан