Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Таван Толгой” 4-5 сарын дараа “Чалко”-д өрөө төлж дуусна


Өмнөх Засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж “Эрдэнэс Таван Толгой” компанийг элгээр нь хэвтүүлсэн. Байгуулаад гуравхан жилийн нүүр үзэж буй эл компанийн цаашдын хувь заяа ч тун хүндхэн байна.

Таван толгойн нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар УИХ, Засгийн газрын тогтоолоор 2010 онд “Эрдэнэс Таван Толгой” компанийг байгуулсан. Үйл ажиллагааны санхүүжилтэд зориулж, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”-наас 131 сая  ам.долларын зээл авсан. Мөн БНХАУ-ын “Чалко Трейдинг Хонконг Лимитед” компаниас 350 сая ам.долларын зээлийг нүүрсний урьдчилгаа төлбөр хэлбэрээр авсан билээ. Гэтэл өмнөх Засгийн газар шийдвэр гаргаж, энэ мөнгөнөөс 418 тэрбум төгрөгийг “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлэн иргэдэд тараасан. Ингэснээр “Эрдэнэс Таван толгой” компани өнгөрсөн оны долдугаар сараас санхүүгийн хүндрэлд орсон байгаа юм.

Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн оны аравдугаар сард 100 сая ам.доллар, энэ оны хоёрдугаар сард 100 сая ам.долларын зээл Хөгжлийн банкнаас олгосон. Эдгээр зээлээс дотоодын банкуудын зээл, хүүгийн төлбөрт 110 сая ам.доллар төлж, үлдсэнийг нь компанийн үйл ажиллагаанд зарцуулсан боловч санхүүгийн байдал хүнд хэвээр байгаа гэнэ.

Одоогоор “Эрдэнэс Таван толгой” компани Хятадын “Чалко” компанид 186 сая ам.доллар, “Голом”т банкинд 34 сая ам.доллар, туслан гүйцэтгэгч дотоодын аж ахуйн нэгжүүдэд 37 сая ам.доллар гээд нийт 257 сая ам.долларын өртэй байна.
“Хүний хөгжил сан”-д төвлөрүүлсэн 418 тэрбум төгрөгөөс энэ онд 95 тэрбумыг нь татварын харилцан суутгал хэлбэрээр буцаан авахаар тохирч, 2013 оны улсын төсөвт суулгажээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд УИХ-ын гишүүдийн гаргасан хүсэлтийн дагуу Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Эрдэнэс Таван толгой” компанийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийхдээ дээрх баримтуудыг онцлон дурдсан юм. 

Тус компани 2011 онд 900 мянган тн, 2012 онд 2.5 сая тн нүүрс олборложээ. БНХАУ руу өнгөрсөн хугацаанд 2.7 сая тн нүүрс экспортолсон байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Таван толгой” ХК одоогоор зөвхөн нэг л худалдан авагчтай. Тэр нь “Чалко” компани. Энэ компанитай байгуулсан гэрээ ёсоор 350 сая ам.долларын зээлийг бүрэн төлж дуустал нүүрсээ 100 хувь эднийд нийлүүлэх үүрэгтэй. Цаашид Хятад руу болон гуравдагч улс руу нүүрсээ экспортлохын тулд төмөр зам тавих зайлшгүй шаардлага тулгарч буй. Тиймээс Засгийн газраас төмөр замын суурь бүтцийн эхний санхүүжилтэд шаардагдах 200 сая ам.доллар, Таван толгойн уурхайг түшиглэн барих 450 МВт-ын цахилгаан станцад шаардлагатай 50 сая ам.долларын хөрөнгийг энэ онд “Чингис” бондын эх үүсвэрээс гаргахаар шийдвэрлэсэн байгаа. Түүнчлэн “Чалко” компанитай хийсэн гэрээнд өөрчлөлт оруулахаар холбогдох яамныхан ажиллаж байна. Үүний үр дүнд уурхайн дэргэд гүний гааль байгуулж, нүүрс борлуулах цэгээ өөрчлөх замаар зардлаа бууруулахаар хоёр тал тохиролцжээ.

Өнгөрсөн онд нэг тн нүүрсний олборлох зардал 25.3 ам.доллар, тээвэрлэх зардал 23.9 ам.доллар, татварын зардал 7.2 ам.доллар, санхүүгийн зардал 4.3 ам.доллар, удирдлагын зардал 1.6 ам.доллар, нийт 62.4 ам.доллар байжээ. Харин энэ онд нийт зардлыг 5.3 ам.доллараар бууруулах юм байна. Тухайлбал, нэг тн нүүрсний олборлох өртгийг 3.5 ам.доллараар, тээврийн болон удирдлагын зардлыг тус бүр нэг ам.доллараар бууруулах зорилт тавьжээ. Олборлолтын зардлын үндсэн хэсгийг бүрдүүлдэг түлшний зарцуулалтад тавих хяналтаа сайжруулснаар нэг шоо метр уулын цулд 1.04 литр түлш зарцуулж байсан бол 0.7 литр болгон бууруулсан аж. Уурхайн ээлжийн горимд өөрчлөлт оруулж, ажилчдыг онгоцоор бус автобусаар тээвэрлэх болсноор жилд нэг тэрбум гаруй төгрөг хэмнэх боломж бүрдэж байгааг Д.Ганхуяг сайд мэдээлсэн. Мөн “Эрдэнэс Таван толгой” компанид ажиллаж байсан гадаадын хоёр захирлыг ажлаас чөлөөлснөөр жилд тэрбум гаруй төгрөг, оффисын гурван байр түрээсэлж байсныг цэгцэлж нэг байранд төвлөрүүлснээр жилд 600 орчим сая төгрөг хэмнэх боломж бүрдүүлжээ. 2013 онд нүүрс тээврийн автомашины 30 хувийг чиргүүлтэй явуулснаар тээврийн зардлыг нэг тонн тутамд 1-1.5 ам.доллараар бууруулах боломжтой гэнэ.  
“Эрдэнэс Таван толгой” компанид тулгамдаж буй асуудал, цаашид ямар арга хэмжээ авах нь буй, олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Уул уурхайн яамны зүгээс тулгамдаж дөрвөн асуудлыг тодорхойлжээ. Тухайлбал, “Чалко” компаниас авсан зээлээ нүүрсээр төлж барагдуулахад уурхайн өнөөгийн хүчин чадлаар 4-5 сар шаардлагатай. Энэ хугацаанд компанийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилт болон дэд бүтцийн томоохон төслийн санхүүжилтийн асуудал хүнд байх аж. Баруун цанхийн баруун хэсгийн олборлолтыг эхлүүлэх, бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулж компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,  өмнөд хөршийн бусад компаниудад нүүрсээ худалдаж, өрсөлдөөнөөр борлуулах үнээ нэмэхийн тулд “Чалко”-той байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна. “Эрдэнэс Таван Толгой”-г санхүүгийн хүндрэлээс гаргах, худалдан авагчийнхаа тоог нэмэх өөр нэг хувилбарыг Баруун цанхийн хэсэгт олборлолтоо эхлүүлж, нүүрсээ борлуулах гэж тодорхойлжээ. Төмөр зам, цахилгаан станцын төслийн асуудлыг шийдсэний дараа “Эрдэнэс Таван толгой”-н оператор компанийн асуудлыг шийдвэрлэнэ. Улмаар дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ тогтвортой болж ирмэгц IPO хийх бэлтгэл ажлыг хангах, мөн гуравдагч зах зээлд нүүрсээ гаргах боломж бүрдэнэ. Угаасан нүүрсийг урт хугацаанд худалдах, худалдан авах тухай гэрээ хийнэ. Эдгээр үйл ажиллагааны үр дүнд “Эрдэнэс Таван толгой” компанийн болон иргэдийн 1072 ширхэг хувьцааны үнэ цэнэ нэмэгдэх гэнэ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан