Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ онд улсын төсвийн лагшин чилээрхүү байх нь

Манай улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд саарсан. Гэхдээ хоёр оронтой тооноос буугаагүй. Тухайлбал, эдийн засаг 12.3 хувиар өсөв. Үүнд,  хөдөө аж ахуй, барилга, тээврийн салбарын тогтвортой өсөлт чухал үүрэг гүйцэтгэсэн. хэдийгээр ашигт малтмалын экспорт буурсан ч дээрх салбаруудын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт хадгалагдах төлөв бий. Мөн он гарснаас хойш боловсруулах үйлдвэрлэл нэлээд өссөн. Иймд судлаачид энэ онд манай улсын  эдийн засгийн өсөлт  13 хувьтай гарна хэмээн тооцож байна.  Дэлхийн банк манай улсын эдийн засгийн лагшинг тодорхойллоо. Тус банкны эдийн засагчид судалгааны тоймдоо улсын төсвийн алдагдал нэмэгдэж байгааг анхааруулав.

Өнгөрсөн онд улсын төсвийн нийт алдагдал ДНБ-ий 8.4 хувьд хүрсэн. Энэ нь сүүлийн 13 жилийн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт болсон билээ. Жишээлбэл, ашигт малтмалын үнэ хямдарсан,  тэр дундаа нүүрсний экспорт зогсонги байдалд орсноос улсын төсвийн орлогын төлөвлөгөө 12.1 хувиар тасарч, урсгал зарлага өссөн. Эдүгээ, энэ байдал үргэлжилсээр буй аж. Мөн Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн эдийн засгийн үр ашиггүй төслүүд одоогоор төсвөөс гадуур явж буй. Хэрэв эдгээр төслийн өртөгийг нэмж тооцвол төсвийн тэнцэл ДНБ-ий 10.4 хувийн алдагдалтай гарахаар байв. 

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Таехүн Ли өчигдөр “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын эдийн засаг,  төсөвт мөчлөг дагасан бодлого үргэлжилсээр байгаа. Иймд төсвийн тогтворгүй байдал, алдагдал нэлээд даамжирах болсон.  Тухайлбал, тэнцвэржүүлсэн үнээр тооцсон төсвийн алдагдал ДНБ-ий 12 хувьтай тэнцэхүйц хэмжээнд очихоор харагдаж байна. Төсвийн орлого буурах боллоо.  Улсын төсвийн нийт орлого анх төлөвлсөн хэмжээнээс 15-20 хувиар доогуур гарах шинж бий” хэмээн мэдэгдэв. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тэнцвэржүүлсэн алдагдлын хамгийн их байх түвшин нь ДНБ-ий хоёр хувь билээ. Гэтэл тус банкны хийсэн тооцоогоор энэ онд төсвийн нийт тэнцэл зургаа, тэнцвэржүүлсэн тэнцэл нь долоон хувьд хүрэхээр  байгаа ажээ. 

Энэ оны улсын төсвийн орлогыг ашигт малтмалын үнэ өндөр, экспорт тасралтгүй нэмэгдэж байсан үеийнх шиг  өөдрөгөөр төсөөлжээ гэдэг шүүмжлэл их гардаг. Дэлхийн банкны эдийн засагчид ч бас ийм саналтай байна. Тэдний тооцоогоор энэ оны улсын төсвийн орлогыг 15-20 хувиар өндөр тооцсон байх магадлалтай аж. Энэ оны эхний гурван сарын төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлсөн хэмжээнд хүрэхгүй байсан нь дээрх таамгыг баталсан  нь харамсалтай хэмээж буй юм. Жишээлбэл, өнгөрсөн оны өнөө үетэй  харьцуулхад улсын төсвийн нийт орлого 5.8 хувиар өссөн байна. Гэтэл төлөвлсөнөөр 47 хувиар өсөх учиртай байж. Иймд энэ онд төсвийн урсгал зарлагын санхүүжилт таван хувиар дутуу хийгдэнэ гэсэн тооцоолол Дэлхийн банк хийлээ.

Үүнээс гадна тус банк Монгол Улсын эдийн засгийн дөрөвдүгээр сарын тоймдоо “Төсвийн төлөв хэврэг байхын хажуугаар Хөгжлийн банк болон Үнийг тогтворжуулах хөтөлбөрөөс төсвөөс гадуурх эх үүсвэрээс нийгмийн чанартай төслүүдэд санхүүжилт хийнэ. Мөн Чингис бондын мөнгийг зарцуулна. Тэгэхээр эдгээр эх үүсвэрийг улсын төсөвт тусгаж харуулбал төсвийн нийт алдагдал 13 орчим хувьд хүрэх болно.  Уг бондын мөнгийг ашиглаж эхэлснээр төсөвт томоохон ачаалал үүсч, эдийн засагт нөлөөлнө. Иймд бондын хөрөнгийн ашиглалтыг улсын төсвөөс гадуур бус төсвийн зарлагад зохих байдлаар тусгаж харуулах нь зүйтэй” гэсэн байна.
 
Нүүрсний экспорт буурснаас гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарна

Эдийн засгийн хямралын нөлөөгөөр манай гадаад худалдаа энэ онд тийм ч таатай байхгүй хэмээж байгаа. Он гарснаас хойш манай улсын гадаад худалдааны тэнцэл ерөнхийдөө доогуур гарч буй аж. Оны сүүлчээр ашигт малтмалын экспорт нэмэгдэх тул гадаад худалдааны тэнцэл өсөх төлөв бий хэмээн тодорхойлж байна. Өнгөрсөн онд гадаад худалдааны урсгал дансны алдагдал   3.2 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь ДНБ-ий 31.3 хувьтай тэнцсэн үзүүлэлт. Тухайлбал нүүрсний экспорт унасан.

Иймд нийт экспорт есөн хувиар буурсан бол импорт 2.1 хувиар өссөн билээ. Гэвч энэ онд ч бас гадаад худалдааны тэнцэл ихээхэн алдагдалтай гарах төлөвтэй аж. Тэгэхээр мөн л  нүүрсний экспортын уналттай холбоотой гэсэн гаргалгаа гарчээ. Оюу толгойн хүдэр баяжуулах үйлдвэр аль хэдийн ажиллаад эхэлсэн. Ирэх зургадугаар сараас эхлэн зэсийн баяжмалаа экспортлох гэж байгаа. Ингээд он дуустал 600 орчим мянган тонн зэсийн баяжмал экспортод гаргах төлөв бий. Энэ нь оны сүүлчээр ашигт малтмалын экспортыг өссөн дүнтэй гарахад хувь нэмрээ оруулах нь. Он гарснаас хойш импорт буурах хандлага ажиглагдах болжээ. Цаашдаа ч нэг их өсөхгүй болов уу гэсэн төсөөллийг Дэлхийн банкны эдийн засагчид хийв.    Учир нь, Оюу толгой төслийн бүтээн байгуулалттай холбоотой импорт өсч байж. Эдүгээ бүтээн байгуулалт нь дуусах шатандаа яваа тул импортод төдийлөн нөлөөлөхгүй ажээ.

Он гарснаас хойш гадаадын шууд хөрөнгө оруулалт 58 хувиар буурлаа  

Энэ онд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч  байгаа нь эдийн засгийн өсөлтийг нэлээд доош татах нь.  Сүүлийн хоёр жилд гадаадын шууд хөрөнгө оруулалт  ихээхэн буурч иржээ. Тухайлбал, 2011 онд 4.6 тэрбум ам.долларт хүрч байж. Гэтэл өнгөрсөн онд  17 хувиар буурч 3.8 тэрбум ам.доллар болсон. Энэ оны эхний гурван сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурсан аж. Өөрөөр хэлбэл, эдүгээ орж ирсэн хөрөнгө оруулалтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дөнгөж 42 хувьтай нь тэнцэж байна. Дэлхийн банкны эдийн засагчид гадаадын хөрөнгө оруулалт буурсныг “Оюу толгойн төслийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт багассан, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг хаширлаж байдлыг харзанаж эхэлсэн дохио. Бүрэн төлөвшсөн хөрөнгийн зах байхгүй, гадаадаас мөнгө босгох боломж хязгаарлагдмал тул гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурах нь эдийн засагт сөрөг үр дагавартай” гэж  тайлбарлаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын ихэнх нь хувийн хэвшилд оржээ.

Төсвийн бодлого байнга тэлж мөчлөг дагасан шинжтэй байгаа нь эдийн засгийн тууштай, тогтвортой өсөлтөд эрсдэл үүсгэх болсон. 2008-2009 онд зэсийн үнэ хямдарч, манай эдийн засаг хүнд байдалд орсон. Үүнээс сургамж авч Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталсан билээ. Энэ хуулиар төсвийн зарлага, санхүүжилтийг жигд хувиарлах тогтолцоо бүрдүүлсэн юм. Гэвч Дэлхийн банкны эдийн засагчдын дүгнэж буйгаар төр засгаас хэрэгжүүлж буй төсвийн бодлого хямралын үеийнх шиг мөчлөг дагасан хэвээр байгаа ажээ. Иймд төсвийн алдагдал ихээр хуримтлагдаж ирсэн өнөө үед ашигт малтмалын зах зээлд гэнэтийн цочрол болбол асуудлыг зохицуулан шийдвэрлэхэд хүндхэн байж магад хэмээн үзэж байна.

Нөгөө талаар, төсвийн орлогыг таслах цочрол гадаад ертөнцөд бий болсон үед жийрэг болгон ашиглах хуримтлал хангалттай бүрдээгүй. Тэгэхээр төсвийн орлого, зарлага санхүүжилтийг танах шаардлага гарч магадгүй. Энэ нь эргээд эдийн засгаа хумих болно гэсэн дүгнэлт гаргалаа.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан