Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Шоовдор: Төрийн өмчит үйлдвэрт хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулсан анхны тохиолдол болсон


Үндэсний томоохон үйлдвэрүүдийн нэг Хөтөлийн “Цемент, шохой” ХК байгуулагдсаны 30 жилийн ой ирэх наймдугаар сард болно.  Ойн арга хэмжээг угтсан олон бүтээлч ажил хийхээр төлөвлөсний нэг нь үйлдвэрийн технологийг хуурай аргад шилжүүлэх гэж буй явдал.
Энэ талаар болон цагийн үеийн асуудлаар тус компанийн гүйцэтгэх захирал А.Шоовдортой ярилцлаа.


-Энэ жил бүтээн байгуулалтын томоохон ажлууд эхэлнэ. Энэ талаар хүн бүр ярьж байна. Таны хувьд бүтээн байгуулалт гэдгийг хэрхэн тайлбарлах вэ?
-Бүтээн байгуулалт гэж яриад байхаас биш юугаар үүнийг хийдгийг ярихгүй л байгаа биз дээ. Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж байж бүтээн байгуулалт гэдгийг өрнүүлдэг болохоос Эрээнээс хэдэн тонн цемент татсанаар хийчихдэг биш.  Үүнийг ойлгодог хүн цөөнөөс барилгын материал үйлдвэрлэлийн бодлого алдагдан яам, агентлаг зураг төсөв гаргах, байшин барих л үүрэгтэй болж.
БХБ-ын сайд Баярсайханы дотоодын барилгын материа­лын үйлдвэрлэлээ дэмжинэ гэж ярьж буй нь маш зөв. Ерөөсөө л барилгын материалын үйлдвэрлэлийг аймгаар нь бүсчилэн хөгжүүлбэл энэ салбар хөгжинө.  Өнөөдөр барилгын гол материал болох цемент, арматурын үйлдвэр нь Монголд байна уу байна. Яагаад дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байна вэ гэхээр хүчин чадал нь бага, технологи нь хоцрогдчихсон. Тиймээс бүтээн байгуулалтын өмнө манай компани хуурай аргын технологид шилжих гэж байна. Энэ төслөөр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэдэг болбол бүтээн байгуулалтад шаардлагатай цементийн 60-70 хувийг нь хангах боломжтой. Цаашлаад импортын цемент буурна, гадагшаа урсах валют багасна, дотоодын үйлдвэрт ажлын байр олноор бий болно гэх мэт давуу талтай.

-Олон төсөл, хөтөлбөр хэрэгжих учраас барилгын гол үндсэн материал болох дотоодын цементийн үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн. Гэхдээ бид үүнд бэлэн ч юм шиг, үгүй ч юм шиг санагддаг?
-Энэ жил маш олон бүтээн байгуулалт хийхээр зарлалаа. Монгол Улс бэлэн байна уу гэвэл бэлэн биш гэж хэлнэ. Өнөөдөр  цементийн үйлдвэр байгуулах хэд хэдэн төсөл байгаа. Цемент, барилгын материалын үйлдвэрийг нэг жилийн дотор барьчихдаг амархан зүйл биш. Харин манай үйлдвэр хоёр жилийн өмнө угтаж технологио шинэчилсэн нь бүтээн байгуулалтад нэг түлхэц боллоо. Энэ жил бид бүтээгдэхүүн гаргаж үзээд ирэх жилээс үйлдвэрлэл жигдэрчих байх. Ер нь, монголчууд социализмын үед барилгын материалын үйлдвэрийн том баазтай байсан. Аймгуудад зуурмагийн, барилгын трестүүд, блокны үйлдвэрүүд байлаа. Энэ бүхэн 1990 онд нийгэм өөрчлөгдөхөд уналтад орж хувьчлагдсан нэрээр алга болсон. Одоо хуучин байтугай шинэ барилгын материал үйлдвэрлэл тун цөөн.  Үгүй болгосноо эргэж барих гээд Засгийн газар төсөв мөнгө яриад л явж байна. 

-Танай үйлдвэрийг нэг хэсэг хувьчилна гэсэн яриа гарсан байх аа. Харин ху­вийн хэвшлийнхэн тө­рийн өмчит үйлдвэрт хөрөн­гө оруулсан нь анхны то­хиолдол болж, та бүхний хувь заяаг  өөрчлөв үү гэж хардаг?
-Үнэндээ хувьчилсан нэрээр хувь хүнд энэ үйлдвэрийг өгч нураагаагүйд баярладаг. Дээхнэ үед  бетоны, хөнгөн блок, силикатны гээд барилгын материалын үйлдвэр Монголд байсан. Шилжилтийн үед энэ бүх барилгын материалын үйлдвэр хувьчлал нэрээр устаж, төрийн өмчийн, үнэндээ манай үйлдвэр л торойн үлдэж. Бид энэ үйлдвэр, Хөтөл тосгоноо авч үлдэхийн тулд их ч зүтгэж, олон ч ажил хийсээр өнөөдөртэй золголоо. Хуурай аргын энэ үйлдвэрийн технологийн төслийг 3,4 жил хөөцөлдсөний хүчинд эхлүүлсэн. УИХ болон Засгийн  газрын тогтоол гарч, дээр нь, тухайн үед ЗТБХБ-ын сайд байсан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл дэмжсэнээр төсөл хэрэгжсэн юм. Анх удаа төрийн өмчит үйлдвэрт хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулсан тохиолдол. Энэ төслийн онцлог нь ганцхан цементийн үйлдвэрийн шугам барьчих юм биш. Цогцоор нь хийхийн тулд дөрвөн төсөл хэрэгжинэ. Цемент үйлдвэрлэх шугам барина, сая тонн цемент зөөх төмөр замын төсөл хэрэгжинэ. Мөн энэ замбараагүй цемент зөөх, буулгах ажлыг журамлахын тулд Улаанбаатарт парк бай­гуулах юм. Эдгээрээс урагштай явж байгаа нь хуурай аргаар цемент үйлдвэрлэх төсөл. Өнөөгийн байдлаар барилга байгууламж нь 60 хувьтай, тоног төхөөрөмжөө шууд бэлнээр суурилуулж байгаа нь 35 хувьтай явж байна. Ирэх жил түлхүүр өгөх нөхцөлтэйгөөр хүлээлгэж өгнө. Сая тонн цемент үйлдвэрлэхийн төлөө зүтгэнэ дээ. Гэхдээ хүндрэл гарч ирэх л юм.

-Тухайлбал?
-Үйлдвэр сард нэг сая тонн цемент үйлдвэрлэхээр өвлийн улиралд авах барилгын байгууллага байх уу үгүй юү. Барилгын салбар улирлын чанартай болохоор бүгд зогсоно. Тэгэхээр үйлдвэр үйлдвэрлэсэн бүтээгдэ­хүүний­хээ 600 мянгыг нь дотоодын хэрэгцээнд нийлүүлнэ. Үлдсэн 400 мянган тонныг яах уу. Орон нутгийн цементийн жилийн хэрэглээ 3000-4000 тонн гэдэг. Тиймээс бид ямар асуудал тавьж байна вэ гэхээр өвөл клинкерийг нь үйлдвэрлэн орон нутагт нь өгөөд хэрэгцээтэй үедээ тэд тээрэмдэн цемент болгоно.  Клинкер гэдэг нь хагас бэлэн бүтээгдэхүүн. Цемент болохын өмнөх шат л даа. Тэр хагас бэлэн бүтээгдэхүүн бороотой, цастай, шороотойд хаана ч хадгалж болно. Муудахгүй. Цемент болчихвол хадгалалтын горим баримталсан тусгай саванд л хадгална.Тийм уч­раас клинкерийг өвөл 300 мянган тонныг үйлдвэрлэн аймгуудад тараангуут төр эргэлтийн хөрөнгийг нь шийдэн жижигхэн цементийн тээрэм тавьчихвал дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй хүртээмжтэй болчихож байгаа юм. Энэ асуудлыг БХБЯ-аараа дамжуулан ЭЗЯ-нд тавьсан. Ингэвэл аймгууд хотоос ирж цемент авахгүй. Улаанбаатар руу орох гэсэн цементийн дугаарлал багасахаас гадна тогтмол нийлүүлбэл хомсдол үүсгэхгүй. Ингээд цааш нь уялдуулан зохицуулбал маш их юм бий. Энэ асуудлыг бид удирдах газруудад тавьсан.

-Хуурай аргын үйлдвэр до­тоодын цементийн зах зээлийн хэдэн хувийг нь хангах вэ. Барилгын ком­панийн удирдлагууд бол үндэсний үйлдвэрлэгчээс авах сонирхол бий  ч, тэд нь нүдний гэм байдаг гэсэн?
-Тэр бол аргагүй. Бид чинь жилдээ 270-300 мянган тонн цемент үйлдвэрлэдэг. Тэр чинь аманд ч үгүй, хамарт ч үгүй.  Монгол Улсын барилгын салбарын цементийн жилийн хэрэгцээ өнгөрсөн жилийн байдлаар сая 400 мянган тонн гэж гарсан. Тэгэхээр манайх 250-300 мянган тонн дээр “Эрэл” компанийн 100 тонныг нэмэхээр дотооддоо 400 тонн цемент үйлдвэрлэж, сая тонныг нь импортоор авч байна. Ийм болохоор зах зээлд торойж гарч ирж чадахгүй байна. Гэтэл барилгын компани нь олон. Бидэнд байгаа давуу тал гэвэл хадгалах том сав, ачдаг машинтай. Мөн задгайгаар цементээ  ачдаг учраас үнэ нь арай хямд. Нэг эмзэглэдэг зүйл гэвэл цементээр 60-100 жилийн настай бүтээн байгуулалт  хийнэ. Гэтэл импортоор орж ирж байгаа цементийн актыг үнэн зөв үзэж байна уу гэдэг эргэлзээтэй. Цементийг 28 хоногийн бэхжилтээр чанарыг нь тогтоодог. Хятадаас наашаа орж ирэхдээ ямар юмаар хийж байна вэ гэдэг нь мэдэгдэхгүй болохоор эрсдэл дагуулж  буй. Тэгэхээр  яаралтай дотооддоо цементээ үйлдвэрлэдэг, тэрий­гээ хянадаг болох хэрэгтэй байна.

-Импортын цемент до­тоодынхыг бодвол чанар­тай муутай гэдэг л дээ. Үүний нотолгоо нь ч шинэ ба­рилгын хана 2-3 жилийн дараа хагардаг, чанаргүй ба­ригдс­ан гэх гомдол гардаг?
-Ер нь, цемент үйлдвэрлэх гурван арга байдаг. Нэгд, нойтон аргаар, хоёрт, хагас хуурай ба нойтон. Гуравт, дэлхийд дэвшилттэй гэх нь хуурай аргын үйлдвэр. Энэ технологийг  дэлхийн олон орон ашиглаж байна. Цементийн чанар юунаас хамаарч байна вэ гэхээр тэр клинерийг хийж байгаа түүхий эд, шатааж байгаа нүүрс, түлш ямар байна гэдгээс  шалтгаалдаг. Орж ирж байгаа цементийн марк нь уутан дээрээ байлаа ч, 42 маркийн цементэд элдэв янзын нэмэлт хийвэл 32,5 марк болдог. Тэгэхээр нөхдүүд импортоор орж ирж байгаа цементэд нэмэлтийг нь илүү хийгээд байна гэсэн үг. Нэмэлт нь ихэсвэл  чанар буурдаг. Тэр нэмэлтэд юу хийж байна вэ гэдэг нь маш чухал. Өнөөдөр импортын цементдээ хятадууд ямар нэмэлт хийж байна вэ гэж сонирхоход, ерөөсөө л  нурсан барилгын тоосго, шавар, бетоныг жижиглэн нун­таг­лаад хийчихдэг. Ингэ­хээр цементийн чанар мууд­даг. Ийм учраас байшин барил­гад хагарал үүсч байна.  Манай бизнесмэнүүд зурагтаар хятадууд чанартай бүтээгдэхүүнээ хямдхан өгч байгаа гэж ярьж байна лээ. Хятад хүн тэгж өгөх үү.  Үнэдээ таарсан  юмыг нь л өгдөг биз дээ. Монголчууд гэнэн байгаа биз. Цемент гол нь чанартай байх ёстой. Үүнийг үйлдвэрлэгч хариуцдаг. Тэгж байж байшин барилга олон жилийн настай байна. Хятадад үйлдвэрлэсэн материалд хэн хариуцлага хүлээх юм бэ. 

-Гааль дээр импортын барилгын материалуудыг шин­жилдэг лаборатор байхгүй юм уу?
-Гаальд шинжилгээний лаборатор тавьж болно. Гэхдээ вагон, вагоноор ирж байгаа бүх цементийг лаборатороор оруулна гээд зогсоолтой нь биш. Бас хэцүү шүү дээ. Манайх бол үйлдвэрлэчихээд өдөр, шөнийн дээж гээд гурван хоногт бүх л дээжийг нь багцалж үзээд  сертификаттай, цаг нартай нь хэрэглэгчдэд явуулдаг. Тэгэхээр чанарын ямар нэгэн асуудал гарахгүй гэсэн үг. Импортын  хараат байдалд орно гэдэг аюултай шүү дээ. Хэдэн жил цементийн үйлдвэр төрийн нүднээс хол байв. Сүүлийн хэдэн жилд монголчуудын хөрөнгө оруул­сан хэдэн зуурмагийн болон нүүрсний уурхай нээгдсэн бэ. Нүүрсээ түүхийгээр нь урагш зөөгөөд л, одоо хүртэл бая­жуулах үйлдвэр барь­чихаж л чадахгүй байна шүү дээ. Яагаад монголчууд Эрдэнэ­тийн хэмжээний үйлдвэр барь­чихаагүй юм. Сонин байгаа биз.

-Хуурай аргын үйлдвэр ашиглалтад орвол хэрэг­лэгчиддээ түргэн шуурхай бүтээгдэхүүнээ яаж өгөх вэ. Импортыг бодвол хямд учраас хэн хэнгүй л авахыг хүснэ?
-Улаанбаатарын ойролцоо терминал барьчихна. Ойрол­цоо агуулах байна. Авья гэ­сэнд нь битүү машинаар зөөнө. Байгаль орчноо ч бохир­дуулахгүй. Ингэснээр хүр­тээмжтэй болж, хомсдол үүсч, үнийн хөөрөгдөл гарахгүй гэсэн үг.

-Налайхад барилгын материалын үндэсний төв байгуулна гээд ярьж байна лээ. Энэ талаар мэдсэн үү?
-Тэр зөв санал. Гэхдээ зүүн хэсэг нь цаанаасаа хангагдах байх. Манайх баруун талдаа терминал барина. Хотын баруун талаас хайрга, элс цемент орж ирдэг. Энэ төс­лийн хүрээнд газар олгохыг холбогдох байгууллагад хүсэлт гаргасан. Ер нь, барилгын материал, нүүрс нь  хот дотор жирийн иргэдтэйгээ түгжрэлдэн явдаг манайхаас өөр орон байхгүй. Бусад улс орон хотоо тойруулаад барьчихсан замаараа битүү саванд цементээ зөөдөг тогтолцоотой. Энэ бас зөв л санаа байгаа юм.

-Дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдийг хангах үүднээс эргэлтийн хөрөнгө олгож байгаа гэсэн. Танай үйлдвэр хүртсэн үү?
-Яамнаас дотоодын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно гэсэнд бид маш их баяртай байсан. Хөнгөлөлттэй зээл өгвөл цементийнхээ үнийг барьчихъя гээд баахан ажил төлөвлөөд л. Тэгээд ТӨХ-оор ороод 10 тэрбум төгрөгийн эргэлтийн зээл авъя гэж хөөцөлдөөд одоо хүртэл бараа сураггүй. Өнөөдөр барилгынхны ажил эхэлчихсэн байдаг. Бид хүлээгээд л. Арга тасраад  тэр мөнгөө болъё, ажилладгаараа ажиллая гэж хэлдэг юм бил үү гэж бодож сууна. Зурагтаар барилгын материал үйлдвэрлэгчдэд мөнгө өгсөн гэж гараад байдаг. Бүтэн таван өдөр л яаман дээр сахиул болж суусан би яамны мэргэжилтнүүдтэй уулзахаар мэдэх нэг нь мэдэж, мэдэхгүй нь тэс өөр юм яриад хэцүү. Одоо ч амаараа ажил хийдэг нь их болоод гараараа, толгойгоор хийдэг нь ховордчихож. Дээрээ ийм байхаар бидэнд амласан амлалт бодитой болно гэдэг хэцүү.

-Барилгын салбарынхан зуны хэдхэн сардаа л бу­жиг­надгаас хомсдол, үнийн хөөсрөлт үүсдэг гэдэг. Тий­мээс жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг болгоно гэж яриад байгаа?
-Асуудалтай л даа. Ер нь, хасах градуст бетон эзэлхүүн хийхийг хуулиараа хориглодог. Цемент, бетон зуурмагийн узель зуны л ажил. Өвөл ажиллаж зуурмаг хийнэ гэдэг худлаа.  Дэлхийн шинжлэх ухаанд хасах 10-аас дээш градуст бетон зуурмаг хийнэ гэж байдаггүй. Харин ажлаа зохицуулан зуны цагт цементээ үйлдвэрлээд өвөл нь засал чимэглэлээ хийж болж байна. Гол нь, зохицуулалт хэрэгтэй. Жилд сая тонн цемент үйлдвэрлэхээр 300-г нь орон нутагт, 600-г нь Улаанбаатарт гээд зохицуулчихаж болно. Дээрээс зохицуулж  байгаа юм алга. Бизнес хийх гэхээр асуудалтай тулгарч мөргөлдсөн хүмүүс л байгаагаас биш засгийн бодлого, чиглэл гэж байхгүй. Гэтэл Хятад маш зохион байгуулалттай. Хаагуур цемент ачсан машин явах уу гээд нарийн төлөвлөчихсөн. Манайд ийм л зохицуулалт байх ёстой.

-Хуурай аргын техно­логид шилжихээр энэ зах зээлд шударга өрсөлдөөн бий болох нь гэж ойлголоо. Гэвч цементийн үнийг барихаар БХБЯ-наас зарим бодлогын арга хэмжээг авсан л даа?
-Хятадаас орж ирж байгаа цемент хэдэн км туулж ирж байна, харин манайх хэдэн километрт очих уу. Манайх нэмүү өртөг шингэсэн, дээр нь импортын цементээс хямд. Ирэх жилээс бид үнээрээ л өрсөлдөнө. Импортынхоос хямд болчихвол хэн Хятадаас цемент зөөх юм. Гэхдээ БХБЯ, Монголбанк цементийн эрэлт хэрэгцээг сайжруулна гэж хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн байна. Тэр мөнгө нь олдоогүй болохоор манай үйлдвэр арилжааны банкны 1,8 хувийн хүүтэй зээлээр үйлдвэрийнхээ технологийг шинэчилж байна. Зээлийн хүүндээ бид алуулж байгаа ч авахгүй гээд яах юм. Арга ядсандаа харилцагч компаниудыгаа одоо мөнгө өгвөл цементнийхээ үнийг 20 хувиар бууруулж өгнө гээд олон арга сэдэж байна. Уг нь, хямдхан зээлээ хамгийн түрүүнд үйлдвэрлэгчдээ өгвөл жинхэнэ дэмжлэг болмоор.
-Уг нь, яамнаас дотоодын үйлдвэрлэлээ дэмжин ажиллана гэж байсан?
-Амархан ч хийхгүй л дээ. Сайдын санаа нь зөв. Гэвч барилгын материалын холбоо, яамны коллеги  тэр үйлдвэртээ өгье гээд дийлэхгүй. Дээрээс төмрийн хүдэрт  эсвэл тэр үйлдвэрт өг гээд заачихна.  Гэхдээ төр засгийнхан бүтээн байгуулалтад цемент, арматур хэрэгтэй гэдгийг удахгүй ойл­гоно биз дээ. Өнөөдөр бид ашгаа бодно гэвэл цемен­тийнхээ үнийг нэммээр л байдаг. Гэхдээ төрийн өмчит компани учраас нэмэх эрхгүй. Төрийн дэмжлэг жинхэнэ эзэддээ очихгүй болохоор хэн ашиг олоод байна вэ гэхээр хятадууд, ченжүүд. Байшин, барилга барьж байгаа хүн аргагүй эрхэнд аманд нь орж хэлсэн үнээр нь цемент авдаг. Бетон, цемент нь элбэг байсан бол тэгж үнэ нь өсөхгүй шүү дээ. 

-Үйлдвэр ашиглалтад орохоор боловсон хүчин хэр хангалттай вэ. Барилгын салбарт хүний нөөц дутмаг байна гэж их ярьдаг?
-Манай үйлдвэр 870 ажилчинтай. Төсөл хэрэгжихээр 90 хүн нэмэгдэнэ. Бид өвөл хүмүүсээ сургачихсан. Технологи сайжирснаар компьютероор ажлаа хийдэг болно. Энэ үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс гурван сарын курст суусан. Ажилчид бэлэн. Бусад цементийн үйлдвэр ажиллах хүчнээ бэлдэхэд хугацаа шаардагдах байх. Ер нь, цементчин гэр бүлийн хүүхэд цемент гэж юу байдгийг сайн мэднэ. Манай ач гэхэд мэднэ шүү. Ясанд нь суучихсан онцлог байх л даа. Нэг үеэ бодоход энэ салбарт хөрөнгө оруулалт их орж ирдэг болж.

-Уул уурхайн салбарын хөгжлийн нэг ташуур нь хөрөнгө оруулалт байсан гэдэг. Үүнтэй адил барилгын салбарыг ч сонирхох хүн нэмэгдэж, зогсонги байсан энэ салбар хөгжиж байна?
-Тийм ээ. Гэхдээ их сонин. Жаахан бүтээн байгуулалт хийж байх үед сонгуультай жил таарвал бид нэг дампуурах юм. Сонгуулийн дараа учраа олох гэж хоёр жил нь ажлаа хийгээд дараа жил нь сонгууль болох нь гээд дахиад л ажлынх нь эрч буураад завсарддаг. Ерөөсөө хоёр жилд л ажиллаад байх шиг. Өнөө засаг нь солигдохоор тэгээс нь эхэлж сайдад ажлаа танилцуулан бүтэн жил явж ойлгодгийн даваан дээр дараагийнх нь сайд гараад ирнэ. Ингээд л сонгуулиар амьсгалаад ажил урагшилдаггүй. Гэхдээ ямар ч гэсэн энэ салбарт сэргэлт ажиглагдаж байна. Олон байшин барилга баригдаж, барилгын материалын үйлдвэрлэл ч дагаж сэргэлээ. Юм нэгээрээ байдаггүй гэдэг л энэ байх даа. Удахгүй сайхан болох биз. Санаж, бодож явбал ажил бүтнэ.

0 Сэтгэгдэл
эхний коммент бичсэн хүнд ***** чи. чадаж ажлаа хийж байгаа хүнд чи бид 2 бол лай шүү
БОЛЬЁ ОО
turin umchin ene uildvert shalgalt dorivtoihn hiih heregtei ened turin umchiig mash ih uneguidelj bgag ileruuleh b.o ingesneer tsementin une hurtel buurah bolomjtoi bi dotor ni ajillaj bsn hun sain medne miat tatvrin havitsaa l too garnauu gehees buurahgui ih busarmag aimshigtai idej uult garna naad etgeed chin uildverin shohoi ulaan tsaim zarj bayajsn hundee shoovdor gej unendee sain tal ch ene hund bdg
turin umchin ene uildvert shalgalt dorivtoihn hiih heregtei ened turin umchiig mash ih uneguidelj bgag ileruuleh b.o ingesneer tsementin une hurtel buurah bolomjtoi bi dotor ni ajillaj bsn hun sain medne miat tatvrin havitsaa l too garnauu gehees buurahgui ih busarmag aimshigtai idej uult garna naad etgeed chin uildverin shohoi ulaan tsaim zarj bayajsn hundee shoovdor gej unendee sain tal ch ene hund bdg
Хамгийн их уншсан