Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар тариалан тооноос чанарт шилжих ёстой

Хаврын их ажлын нэг, тариалалт эхлэх цаг хаяанд ирлээ. Тариаланчид маань нойр хоолоо хасан техникээ засч байна. Аж ахуйн нэгж, тариаланчид маань өнгөрсөн жил уриншаа бэлтгэчихсэн болохоор, чийг ямар байх бол хэмээн хүлээж суугаа. Харин ч энэ жил өвөлдөө ахиухан цас ороод дээр нь  дэлхийн дулаарал, байгалийн араншингийн нөлөөллөөр оройтсон нойтон цас орж багагүй чийг нэмэн тариаланчдад минь шар тос боллоо. ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ “Энэ жил манай улс нийтдээ 393 мянган га талбайд тариалахаас 324.7 мянган га талбайд үр тариа тариална. Үүнээс 313.7 мянган га талбайд улаан буудай, 15.5 мянган га-д хүнсний ногоо,  20.7 мянган га-д малын тэжээл, 25 мянган га талбайд тосны ургамал тариална “гэж байна.
Төмс хүнсний ногооны  хятад голланд, орос үр авчраад тарьчихна. Харин 324.7 мянган га  талбайд тарих улаан буудайн үр бэлэн үү. Багцаагаар 54 мянган тонн үр шаардагдах нь. Ийм үр байгаа л даа. Тарих үр байтугай улаан буудайн нөөц нь хангалттай байгаа юм чинь, эндээс эрх биш үрэнд тэнцэхээр нь нэг хэсэг байгаа биз.  Өнгөрсөн он жилүүдэд хэрэгжүүлсэн “Атрын гуравдугаар аян”-ны  хүрээнд Засгийн газар тариаланчдаас улаан буудайг тонныг нь 300 мянган төгрөгөөр авч, улсад тушаасан тонн буудай тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал олгодог болсон дэмжлэг гадаадаас буудай хайдаг явдалд цэг тавьсан. Өнгөрсөн намар Шинэчлэлийн Засгийн газар бүр тонн тутамд нь 100 мянган төгрөгийн урамшуулал олгосон.
Харин тонн тутмын урамшууллын төлөө хошуурсан тариаланчдын тушааж байгаа үр тарианы чанар ямар байгаа билээ.
“Атрын гуравдугаар аян”-г эхлүүлсэн Санжийн Баяр “Би үр тарианы хорхойтой болоод байгаа” хэмээн ярилцлага өгч байсан тэр жил хаврын тариалалт эхлэхийн өмнөхөн улсын нөөцөд байсан, аж ахуйн нэгжүүдийн авч тариалах үрэнд шинжилгээ хийхэд 83 хувь нь чанарын шаардлага хангаагүй явдал бий. Чанаргүй гээд ямар хаялтай биш, гурилын үйлдвэрт  өгөлтэй биш хэдийнээсээ манай тариаланчид “Үрээ идэхээс, үнээгээ ид” гэдэг юм болохоор тариалахын өмнө дахин цэвэрлэх  шаардлага өгч байсан юмдаг. Намар нь цэвэрлэж, нарлуулж чадалгүй хам хум авчраад тушаасан үрийг хавар цэвэрлэнэ гэдэг ёстой л нүглийн нүдийг гурилаар хуурсан хэрэг болсон. Тухайн үед Улсын мэргэжлийн хяналтынхан шаардлага өгсөн болж нөгөөдүүл нь хүлээн аваад л өнгөрсөн болохоос биш дахиж нягтлаа ч үгүй, шалгаад цэвэрлээгүй байна.  Тариулахгүй ч гэсэнгүй нүздээ аниад л өнгөрөөсөн. Чанаргүй үрээр тарихаар намар нь дахиад л хог хаягдал ихтэй, чанар муутай үр тариа хурааж авсан.
Нөгөө талд нь өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн энэ аяны хүрээнд улсын дэмжлэгээр тариаланчид урамшиж талбайгаа томсгож, техник нь сайжран, хураан авах ургац нь  нэмэгдэж байгаа ч чанар гэдэг асуудал жаахан орхигдсоныг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх ёстой.  Ахиухан тарьж, улсад их хэмжээгээр нь  тушаах гэсэн тариаланчид ямар үрээр тарьж байгаа билээ. Анхнаасаа энэ үйлдвэрлэлээ орхилгүй уламжлалт үрээ  нөөцлөөд түүнээсээ авч үлдээд хавар нь тарьдаг аж ахуйн нэгжүүдэд гайгүй юм аа гэхэд, шинээр эхэлж байгаа, намар нь ургац тааруухан авсан аж ахуй, тариаланчид энд тэндээс үр гуйж цуглуулж тарьж байгаа нь нууц биш.
 Тэгээд намар үтрэмийн ажлыг тун тааруухан хийчихвэл тарих үр маань төрөл бүрийн сортын үрийн цуглуулга болчихсон, дээр нь хог хаягдал ихтэй байдаг. Дарханы газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн үр сайжруулах ажил хийсээр байгаа ч жилээс жилд нэмэгдэж байгаа хэрэгцээг гүйцэж амжихгүй байгаа нь үнэн.
Тэгэхээр  энэ хавартаа аж ахуйн нэгжүүд үрээ сайтар цэвэрлэж, нарлуулж, хордуулж тарьчихаад намраас эхлээд үтрэмийн ажлыг чанартай сайн хийж сурах хэрэгцээ шаардлага зүй ёсоор урагн гарч байна. Мэдээж Засгийн газар хүн амаа өөрийн үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн, улаан буудай, төмс хүнсний ногоогоор хангахын тулд бололцоотой бүхий дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
Хэдэн жилийн өмнө хэдэн  аж ахуйн нэгжийнхээ  трактор, комбайн, дүүжин чиргүүлийг сайжруулах тухай ярьж байсан бол өнөөдөр усалгааны технологи, үр тариа хадгалах элеватор нэмж барих тухай ярьж байна. Одоо аж ахуйн нэгж дундын засварын газар, үтрэмийн тухай ярьж эхэлнэ.
Үр тарианы хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангадаг болсон бид дараагийн шат болох чанарын тухай ярих цаг болсон.
Өнгөрсөн өвөл гурилын “Улаанбаатар” үйлдвэрийн гурил чанаргүй гарч хэрэглэгчдийг хөөрхөн чирэгдүүлснийг бид мартаагүй л байгаа. Яахав тарианы болц оройтсоноос цавуулаг муутай гурил  гарч байна гээд ам таглачихаж болох ч цаагуураа л үрийн чанар, тарих технологи гээд олон зүйлтэй холбоотой.
Нэгэн цагт гадаадаас үр тариа царайчилж байсан бид өнөөдөр гурил гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг өөрсдөө хангачихдаг болсон. Хүний сэтгэл гэдэг ханадаггүй юм гэнэ билээ.  Өөрсдөө тарьдаг болох юмсан гэж байсан бол одоо чанартай гурил идмээр л байна гэх цаг хэдийнээ болчихож ээ. Тооны хойноос биш чанарын төлөө явах цаг манай тариаланчдад ирчихэж.

Х.Өлзий

0 Сэтгэгдэл
neeree tiim shuu, tariad bai, tariad bai geed baahan chanargui taria, hunsnii nogootoi bolson, tuugeeree erguuleed tariad baigaa yum chini
zow bn odoo tarij baigaa toms ni awah yumgui 7 honoj yalzrdag shde bi bur bayn olgiigees toms zahij awdag yagaad gewel chanartai baidag 10 saraas daraa jiliin 4 sar hurtel gert hadglahad muudahgui eruul huns yumdaa suuliin ued yamnaas buuruu bologo yawuulj bn too bish chanar shuu
Хамгийн их уншсан