Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Эрдэнэ: ГЕГ, Засгийн газрын бодлого шийдвэрийг эсэргүүцэж байна

“Монголын төмөр зам” компани  гадаадын улс орнуудаас төмөр замын салбарт шаардлагатай тоног төхөөрөмж оруулж ирэхдээ татвар төлөхгүй байх гэрээтэй. Энэ нь, 1949 оны Орос-Монголын Засгийн газрын хоорондын гэрээгээр баталгаажсан байдаг. Гэтэл ГЕГ-аас Монголын төмөр замыг 2009 оноос хойшхи татвар болох 9.6 тэрбум төгрөгийг төлөхийг шаарджээ. Энэ талаар Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Эрдэнэтэй ярилцлаа.

-Танай байгууллагыг их хэмжээний татвар төлөх ёстой гэсэн албан шаардлага ирсэн гэсэн. Үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Гаалийн ерөнхий газраас “МТЗ” компанийг 2009 оноос хойшхи татвар болох 9.6 тэрбум төгрөгийг даруй төлөхийг шаардсан бичиг ирсэн. 1949 онд байгуулсан гэрээг үзэхээр
МТЗ компани татвар төлөгч биш. Хэрвээ гэрээгээ зөрчин татвар төлбөл нийгмийн өмнө хүлээсэн үүргээ зөрчинө. Тиймээс энэ асуудал Засгийн газрын бодлого биш зөвхөн нэг агентлагийн л хийж буй ажил. Татвар төлбөл алдагдлаа нөхөж таарна. Гэтэл өнгөрсөн онд манай байгууллага ачаа тээврээс 39 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн юм шүү дээ.
-1949 оны Орос-Монголын Засгийн газрын хоорондын гэрээнд юу гэж заасан байдаг юм бэ?
-Гэрээний наймдугаар зүйлийн “Ж”-д “Төмөр замын хайгуул, шинжилгээ, барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх тоног төхөөрөмж, материалуудыг шалган үзэх ба гааль татвар хураахгүйгээр БНМАУ-д саадгүй оруулж байх, оруулсан хогшил хөрөнгийг Орос улсад саадгүй эргүүлэн гаргахыг зөвшөөрнө. Замын хайгуул шинжилгээ, барилга явуулж байгаа үед мөнхүү барилгын ажилтны албан хаагчдад хэрэглүүлэх хүнсний болон аж үйлдвэрийн хийгээд бусад бараа таваарыг гааль татвар хураахгүйгээр Монгол Улсад нэвтрүүлэн оруулж байхыг зөвшөөрнө” гэж заасан байдаг. Гэрээнд тов тодорхой заасан байхад ГЕГ-аас манайд 10-аад тэрбум төгрөгийн акт бичсэн байсан. Энэ нь 2009-2012 оны хоорондох хугацааны татвар гэсэн. Үүнийг төлөх шаардлагагүй гэж төмөр замчид үзэж байгаа. Ер нь, Монголын төмөр зам компани ард иргэд, нийгмийн өмнө тодорхой үүрэг хүлээж ирсэн, ашгийн төлөө явж байсангүй. Ашгийн төлөө байсан бол ийм их хэмжээний алдагдалд орохгүй шүү дээ. Өнгөрсөн онд зорчигч, ачаа тээврийн салбараас 40 орчим төгрөгийн алдагдал хүлээсэн. Бид Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэгч. Өнөөдөр Замын-Үүдэд цементийн вагон хүлээх бус вагон нь цементээ хүлээгээд зогсч байна. Гэтэл бид үнэ тарифаа нэмсэнгүй.
-Алдагдлаа бууруулна гэвэл үнээ нэмэх байх л даа?
-Алдагдалтай ажилласан гээд бид дураараа үнээ нэмж болохгүй л дээ. Засгийн газар, ШӨХТГ-тай ярилцаж байж шийддэг. Бидний энэ асуудлыг ГЕГ ойлгоосой гэж хүсч байна.
-Гэрээ өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байхад яагаад ГЕГ-аас төл гэж шаардсан юм бол?
-Энэ гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тохиолдолд нэг агентлаг нь Засгийн газрынхаа бодлогын эсрэг аашилж болохгүй. Мөн нийгмийн өмнө том хариуцлага хүлээсэн байгууллагад ингэж хандаж болмооргүй юм.
-Шаардлагад ирэх сарын 5-ны дотор татвараа төлнө үү гэсэн байна л даа. Хэрэв төлөхгүй бол ямар нэгэн хариуцлага хүлээх үү?
-Эрх зүйн актад нэг тал нь зөвшөөрч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Бүрэн төгс болоогүй тохиолдолд маргаан үүсгэж  шүүхээр явах байх. Гааль, төмөр зам хоёулаа Засгийн газрын агентлаг. Гэтэл Засгийн газрынхаа бодлого шийдвэрийг эсэргүүцэж байгаа нь ГЕГ-ын бусармаг үйл ажиллагаа гэж хэлэхээс өөр аргагүй. Улаанбаатар төмөр замын захиргаа ч үүнийг эсэргүүцэж байгаа.
-Үүссэн нөхцөл байдлыг Зам тээврийн сайд А.Гансүх мэдэж байгаа юу. Түүнд мэдэгдсэн үү?
-Сайдад өчигдөр өгсөн байх. Одоохондоо байр сууриа илэрхийлээгүй байна.
-Энэ мөнгийг төлөхөөр болбол “МТЗ” компанийн үйл ажиллагаанд нөлөөлөх үү?
-Нөлөөлнө. Нийгэмд тодорхой хэмжээний сөрөг үр дагавар гарна. Тиймээс ГЕГ энэ асуудлаа Засгийн газарт эхэлж танилцуулаад нэг шийдэлд хүрснийхээ дараа актаа өгсөн бол зөв байсан байх. Энэ мөнгийг төлөхөөр болбол бид алдагдлаа барагдуулах ёстой. Нэг ёсондоо, үнэ нэмнэ гэсэн үг. Ингээд бодохоор иргэдийн нуруунд л ачаа нэмэгдэнэ шүү дээ. Тэгэхээр хуульд заасны дагуу 1949 оны гэрээг ГЕГ  хүндэтгэж үзэх ёстой. Үнэхээр гааль орж ирсэн бараа бүтээгдэхүүн бүрээс татвараа авдаг гэж би бодохгүй байна. Яагаад гэхээр, 10-аад жилийн өмнө Унгар улсаас орж ирсэн малын эм бэлдмэлийг одоо болтол Улаанбаатар төмөр зам хадгалж байна. Үүнээс гадна хэд хэдэн бараа бүтээгдэхүүн ч байгаа. Оруулж ирсэн эзэн нь ч бий. Гэтэл номхон тэмээ ноолоход амар, ноостой тэмээг зулгаахад амар гэгчээр төмөр замын байгууллагыг ингэж дарамталж болохгүй. Би гаалийн байгууллагыг ажилдаа эзэн болж чадахгүй байна л гэж хэлнэ.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан