Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэрэглэгчдийн судалгаагаар гуравдугаар улиралд суурь инфляц 9.3 хувьтай гарна


Эдийн засгийн ерөнхий байдал, ойрын хугацаанд гарах өөрчлөлтүүд, орлогын тогтвортой байдлын итгэлээс өрхийн хэрэглээ, хадгаламжийн талаархи шийдвэр шалтгаална. Товчхондоо, өрхийн гаргаж буй шийдвэр банк санхүүгийн болон бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр  Хэрэглэгчийн итгэлийн индексийг ажиглах шаардлага Төв банк, Засгийн газар, банк санхүүгийн байгууллага, үйлдвэрлэгчдэд бий.  Иймд Эдийн засгийн хүрээлэн, МУИС-ийн Эдийн засгийн сургууль “Хэрэглэгчийн итгэлийн индекс-2013” түүвэр судалгаа гаргажээ. Тэд уг судалгаанд нийслэлийн 1000 гаруй өрх хамрагдсан байна.

Судалгаанаас үзвэл 2009 оны хямралаас хойш өнөөг хүртэл хэрэглэгчийн итгэл 3.6 дахин сайжирсан аж. Өнгөрсөн оны сүүлийн улиралд манай улсын эдийн засаг хүндхэн сорилт давсан. Учир нь, тухайн үед экспортын орлого, ашигт малтмалын үнэ, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, импорт өсч байсан билээ. Судалгаанд оролцсон хэрэглэгчид  инфляц 20 хувьд хүрч, бараа бүтээгдэхүүний үнэ, инфляц өснө гэсэн таагүй хүлээлттэй байж. Харин одоо энэ хүлээлт эсрэгээрээ эргэжээ.  Тухайлбал, хүлээгдэж буй инфляцын төвшин ирэх аравдугаар сард 9.3 хувьтай байна гэж судалгаанд оролцогчдын 86 хувь нь дүгнэв.   Мөн судалгаанд оролцсон хэрэглэгчдийн дийлэнх нь бараа бүтээгдэхүүний үнэ буурч, хэвийн байна гэж хариулжээ. Харин 16 орчим хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгсөн байна. Энэ нь, төв банкны инфляцыг найман хувьд хүргэнэ, төгрөгийн ханш гэсэн зорилт байг онож буйн илэрхийлэл боллоо.
Өмнөх гурван жилийн хугацаанд Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаанд оролцогчид ам.долларын жилийн дундаж ханш 1283, 1291, 1387 төгрөг байна хэмээн тооцжээ. Ханшийн энэ хүлээлт төсөөлөл нь тухайн жилүүдийн бодит утгатай ойр гарч байж. “Хэрэглэгчийн итгэлийн индекс-2013” судалгаанд оролцогчдын 83.7 хувь нь  ирэх зургаан сард нэг ам.доллар 1351-1474 төгрөгтэй тэнцэх хүлээлттэй байна. 2011, 2012 оны судалгаагаар  зээлийн хүү өснө гэсэн өрхийн тоо долоон пунктээр өссөн. Энэ онд уг тоо өөрчлөгдөөгүй. Үүнээс гадна зээлийн хүү буурна, мэдэхгүй гэж хариулсан өрхийн тоо таван пунктээр буурчээ. Харин багахан хувь нь өөрчлөгдөхгүй, мэдэхгүй гэсэн байна.

Аливаа улсад хувийн хэрэглээний зардал ДНБ-ий хамгийн том бүрэлдэхүүн хэсэг юм. Учир нь, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний гол худалдан авагч нь. Үндэсний статистикийн хорооны  мэдээллээр өрхийн хэрэглээний зардал ДНБ-ий 50 гаруй хувийг эзэлдэг. Иймд үл хөдлөх хөрөнгө, авто машин, аялал жуулчлал, томоохон эд хогшил эрэлтийн мэдрэмж их өндөр байдаг. Тэгэхээр тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаар төлөвлөж буй өрхийн зардал улс орны эдийн засгийн төлөв байдлын талаар чухал мэдээлэл агуулдаг гэж болно. Эдийн засгийн хямралын үед  айл өрх юуны өмнө худалдан авах гэж байсан өндөр үнэтэй бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгө, авто машин, аялал зугаалга зэргээ хойш тавьдаг. Энэ удаагийн судалгаанд оролцогчдоос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөж байгаа эсэхийг асуухад нийт өрхийн 14.4 хувь тийм гэжээ. Үүнийг дотор нь задалж харвал орон сууц, хашаа байшин, зуслангийн байр, газар худалдаж авах төлөвлөгөө бий аж. Мөн 32 хувь нь томоохон эд хогшил, өндөр үнэтэй цахилгаан бараа авах нь. Бас 18.3 хувь нь аялал зугаалгаар гадаад, дотоодод явах, сувилалд амрахаар төлөвлөсөн байна. Иймд энэ онд манай эдийн засаг тогтвортой, хэрэглэгчид орлого, зарлагаа эергээр төлөвлөж байгаа дүр зураг гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан