Манай улсын валют олж ирдэг гол салбар бол уул уурхай. Өнгөрсөн сарын байдлаар ашигт малтмалын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 1.1 нэгж хувиар буурчээ. Ингээд ашигт малтмал нийт экспортын 92 хувийг бүрдүүлсэн байна. Тэр дундаа коксжих нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр ба баяжмал, газрын тос гол байр суурь эзэлдэг. Гэтэл эдгээр ашигт малтмалын экспортод эзлэх хувь хэмжээ 4.8 хувиар буурсан үзүүлэлт гарсан аж. Гэвч төмрийн хүдэр болон баяжмал, алтны экспортын хэмжээ өнгөрсөн оныхоос тус тус өсчээ. Гуравдугаар сарын байдлаар нүүрс 3.4 сая, зэсийн баяжмал 140 мянга, төмөр 1.1 сая, алт нэг тонн гаруйг экспортолсон дүн гарлаа. Энэ нь, дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр ашигт малтмалын үнэ савалгаа ихтэй байна. Нэг хэсэг түүхэнд дээд амжилт тогтоож байсан алтны үнэ саяхан доод цэгтээ хүртэл огцом уналаа. Эдийн засагчид алтны үнийн ийм уналт сүүлийн 33 жилд тохиогоогүй хэмээж буй билээ. Уг металлын ханшийн энэ хөдөлгөөн бусад ашигт малтмалын үнийг ч бас доош чангаасан. Түүхий эд бэлтгэгчид цаашид үнийн ийм огцом бууралт болохгүй гэж найдаж буй. Учир нь, түүхий эдийн томоохон хэрэглэгч Хятад, Энэтхэг улс бий болгосон үйлдвэрлэлийн хүчин чадлаа гаргуунд хаяж бууруулахгүйгээр шийдвэртэй арга хэмжээ авна гэж үзэж байна. Ингэснээр түүхий эдийн эрэлт багасахгүй хэмээн горьдож суугаа ажээ.