Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дэд бүтцийн хэлтсийн дарга Б.Цэрэнбалжидтай ярилцлаа.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан бүсийн дэд бүтцийг татах ажил удахгүй эхэлнэ. Ганц, хоёрхон айл биш ирээдүйд өсөн нэмэгдэх хэрэглээг бодолцож тавина гэж байсан?
-Тэгэлгүй яахав. Дахин төлөвлөлтөд хамрагдах 12 байршлын тавынх нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн долдугаар хороолол, Дэнжийн мянга, Радио телевизийн орчим, Гандан, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо. Энэ бол зайлшгүй төвийн шугам сүлжээнд холбогдох ёстой байршил. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, гэр хорооллын бүх өрхийг төвлөрсөн шугаманд холбоно гэж ойлгож болохгүй.
-Дахин төлөвлөхдөө гэр хорооллын бүсэд орхигдсон зарим асуудлыг давхар шийднэ биз дээ. Сургууль, эмнэлэг, цэцэрлэг гэх мэт?
-Тэгэлгүй яахав. Дан орон сууц, амины хаус барина гэж байхгүй. Сургууль, эмнэлгээ цуг төлөвлөн барина.
-Төвийн бүсийн шугам сүлжээнд гэр хорооллын зарим бүс нэмэгдэхээр дэд бүтцийн найдвартай ажиллагаа хэр байх бол?
-Төвийн бүсийг эрчим хүч, дулаанаар хангаж буй дулааны цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Станцуудын ачааллыг тав дахь эх үүсвэр хуваалцах ёстой ч баригдсан юм одоогоор алга. Улс орны аюулгүй байдал, дулаан хангамжийн талаасаа яалт ч үгүй үүнийг барих ёстой. Ямартай ч, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын хажууд баригдаж буй уур, усны дулаан солилцуулагч станц энэ онд ашиглалтад орно. Мөн 300 мегаваттын хүчин чадалтай УС-15 дулааны станц ашиглалтад орсноор хотын зүүн хэсгийг дулаанаар хангаад зогсохгүй төвийн болон гэр хорооллын зарим хэсгийг дулаанаар хангах боломжтой.
-Бид одоогийнхоо хэрэглээг хангахын тулд бага багаар технологийн шинэчлэл хийж, зарим нь байгаа нөөцөө ашиглахаар ярьж байна. Гэхдээ бараг уулын оройд гараад буучихсан айлуудыг яах вэ?
-Дээр хэлсэнчлэн, гэр хорооллыг бүхэлд нь төвлөрсөн шугамнаас дулаанаар хангана гэж байхгүй. Яагаад гэвэл, Дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станцаас 150 метрийн өндөрт байгаа хэрэглэгчийг техникийн хувьд дулаанаар хангах ямар ч боломжгүй. Дөрөвдүгээр цахилгаан станцыг өргөтгөж байгаа нь тодорхой хэмжээгээр хүчин чадлыг нь нэмж байна гэсэн үг. Гэхдээ техникийн боломжит цэгээ орон сууцны хороолол болгон төлөвлөж, төвлөрсөн дулаанаар хангана. Харин уулан дээр буучихсан айлуудын хувьд ямар ч боломжгүй. Тэр өндөр цэг рүү шугам яаж тавиад дулаан шахах билээ.
-Хот өргөжин тэлэхийн хэрээр нам даралтын зуух нэмэгдэж байгаа нь агаарын бохирдлыг нэмэгдүүлж байна гэдэг. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд тоо нь багасах байх?
-Одоогоор Улаанбаатарт 1000 гаруй нам даралтын зуух бий. Өнгөрсөн жил “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөр Мамбадацан, УС-15 уурын зуухны үйл ажиллагааг зогсоож, байруудыг нь төвийн шугамд түр холбосон. Бид техник технологийн шинэчлэл хийн нам даралтын зуухуудыг аль болох шахаж байгаа ч, гэр хорооллын хурдацтай тэлэлтийг гүйцэхгүй байна. Бод л доо. 1992 онд гэр хороолол 98 мянган өрхтэй байсан бол одоо 184 мянга болсон. Арга хэмжээ авахгүй биш, авдаг. Гэвч гэр хорооллын тэлэлтийг гүйцэхгүй болохоор үр дүн нь харагдахгүй байгаа юм.
-Энэ 12 байршлыг дэд бүтцэд холбох ажил хийгдэнгүүт дараагийнх нь хаана байх вэ?
-Эхлээд бид сонгосон 12 байршлаа дэд бүтцэд холбосны дараа энэ талаар бодох ёстой. Гэхдээ гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 24 байршлаасаа 15-ыг сонгоод 12-ыг эхэлж дэд бүтцэд холбохоор болсон. Тэгэхээр үлдсэн байршлууд дэд бүтцэд холбогдох дараагийн газар гэж ойлгож болно. Эхний байршлуудаа төлөвлөөд явчихбал дараагийнх нь асуудалгүй хурдан явна байх.
-Манай дэд бүтцийн салбарт нэг гажиг тогтолцоо байдаг. Шинэ зам тавингуут араас нь шугам тавина гээд нэгнийхээ хийсэн ажлыг эвддэг үзэгдэл одоо ч ажиглагддаг. Гэр хорооллыг дахин төлөвлөхдөө энэ талаар бодолцсон уу?
-Өмнө нь, ийм асуудал их гарсан. Тиймээс шинээр байгуулагдсан манай дэд бүтцийн хэлтэс энэ бүхнийг зангидаж ажиллана. Өөрөөр хэлбэл, зам, шугам сүлжээний ажлыг уялдуулж хийлгэнэ гэсэн үг. Их зовлонтой л доо. Гол нь, холбогдох газрууд мэдэхгүйдээ биш аль нэг ажлынх нь засварын мөнгийг түрүүлж өгөхөөр хийхээс аргагүй байдаг. Учир нь, шугам хоолойны засвартайгаа цуг хийнэ гэж хүлээхээр гадаадын хөрөнгө оруулалтаар хийж байгаа замын мөнгө буцах гээд бэрхшээлтэй зүйл гардаг. Ямар ч гэсэн, сүүлийн таван жилд шугам сүлжээг шинэчлэх, засварлахад 34 тэрбум төгрөг зарцуулсан. Авто замын засвартай бараг л уралдаж хийгдэж байна. Харьцангуй сайжирч байгаа.