Буудайн чанар муудлаа. Үүнээс болж ус даадаггүй муу гурил гарч байна хэмээн хэрэглэгчид төдийгүй үйлдвэрлэгчид ярих болсон. Тэгвэл буудай болоод гурилын чанар муудаж буйн шалтгаан нь манай тариалангийн талбайн хөрс үржил шимгүй болж байгаатай холбоотой гэдгийг эрдэмтэд хэлж буй юм. Энэ талаар Шинжлэх ухааны академи Геоэкологийн хүрээлэнгийн Газрын нөөц, газар ашиглалтын салбарын эрхлэгч дэд доктор Я.Баасандорж “Манай улсын тариалангийн талбайн үржил шим жил ирэх тутам муудсаар байгаа. Арга ч үгүй биз дээ. Арчлалт хамгаалалт, бордоо хийхгүй юм хойно. Хүн амьдрахын тулд хоол иддэг. Тэгвэл хөрсөнд хоол буюу бордоог нь өгөхгүй хэрнээ үржил шимийг нь сороод байна гэсэн үг.
Манайх 1980 оны сүүлчээс 1990 оны дунд үе хүртэл нийт сая 200 мянган тариалангийн талбайтай гэж байсан.
Тухайн үед үүний 87 хувьд нь хөрсний эвдрэл элэгдлийн судалгаа хийхэд 50 хувь нь сүйдсэн байсан. Одоо хүний болон байгалийн олон хүчин зүйлээс шалтгаалж бүр дордсон гэдэг нь тодорхой. Ойролцоогоор 80 хувь нь хөрсний элэгдэлд ороод байгаа. Ер нь, хөрсний эвдрэлд байгалийн болон хүний хүчин зүйл нөлөөлдөг. Байгалийн хүчин зүйлд дэлхийн уур амьсгалын дулаарал, огцом өөрчлөлт нөлөөлдөг бол хүний хүчин зүйлд гэдэгт асар олон зүйл дам, дам бусаар нөлөөлөх нь бий. Тухайлбал, уул уурхай болон хүний үйл ажиллгаатай холбоотой үйлдлүүд. Үүнээс болоод ургамлын ургалт, ялзмаг муудаж, шим тэжээлийн бодис нь ч алдагдах болсон. Үүний илрэл нь сүүлийн үед нэгж талбайгаас авах бүтээгдэхүүний хэмжээ багасч байгаа. Бид хөрсний үржил шимийг нөхөн сэргээх арга хэмжээ авахгүй хэрнээ хөрсөө ашиглахыг л бодсон ажил хэрэгжүүлж байна. Уг нь, өгдөг, авдаг баланс тэнцвэртэй байх ёстой. Тэр тусмаа манайх шиг хуурай, гандуу, эрс тэс нөхцөлд хөрсний үржил шимийг төр засгийн зүгээс анхааралдаа авах хэрэгтэй” гэдгийг хэлсэн. Монголчууд эрт дээр үеэс байгалиа дээдлэн шүтэж, түүнийхээ үр шимийг хүртэн амьдарч ирсэн. Гэтэл харамсалтай нь сүүлийн жилүүдэд байгальдаа хайр гамгүй хандсанаас хөрсний үржил шимд муугаар нөлөөлж буй нь бидний нүдний өмнө илт харагдах ч, юу ч хийлгүй гараа хумхин суусаар.
Иймээс ч байгаль эх хариугаа авч байгаа мэт өгөөж хишгээ “харамлах” боллоо. Мөн бороо хур багасч, олон гол горхи ширгэх болсон. Үүнээс гадна эрдэмтдийн сэтгэлийг чилээж байгаа нэг зүйл нь тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан, Орхон, Булганд газар тариалантай мал зэрэгцэж бэлчээрлэж буй байдал болсон. Энэ нь тариан талбайд тоосжилт үүсч, хөрсний элэгдэлд сөргөөр нөлөөлж байгаа аж. Энэ мэтчилэн олон зүйл тариалангийн хөрсний үржил шимд муугаар нөлөөлж байгааг холбогдох албаныхан анхааралдаа авах цаг хэдийнэ болжээ. Түүх сөхвөл, манай улс анх тэртээ 1959 онд атар газар эзэмшиж тариаланд тохиромжтой сая 340 мянган га газрыг хагалж байжээ. Үүнээс 1992 онд 113.3 мянган га газрыг цаашид тариаланд ашиглах боломжгүй гэж үзэж тариалангийн газраас хасч, бэлчээрт шилжүүлснээр сая 226 мянган га эргэлтийн талбайтай болжээ. Харин сүүлийн арваад жилд 423 мянган га талбай атаржуулснаар тариалангийн талбайн 60 гаруй хувь нь ашиглагдаж байгаа юм.
Өнөөдөр дээрхтэй адилаар дахин ашиглах боломжгүй талбай гэж тариалалтаас хийхээс татгалзвал тариаланчдад тариагаа тарих талбай үлдэхгүй бололтой.
Бодлогоо тариаланчтайгаа хамт боловсруулна
Тариалангийн хөрсний үржил шим муудаж байгааг Дархан-Уул аймгийн тариаланч Т.Бадрал “Манайх 1000 га талбайтай. Үүнээс 500 га-нь эргэлтийнх. Уг нь ээлжлэн тариагаа тарьдаг. Гэсэн ч сүүлийн жилүүдэд тарилангийн талбайн хөрсний үржил шим муудаж байгаа нь илт мэдрэгдэх болж, чийгийн улаан хорхой ч талбайн хөрсөнд харагдахаа байж. Ер нь, манай орны тариалангийн талбай бүхэлдээ иймэрхүү байдалд орсон. Тариаланчид талбайгаа арчлан хамгаалж бордон ургацаа авдаг. Гэхдээ улсын хэмжээнд тариалангийн талбайныхаа үржил шимийг анхаарахгүй бол мөд улаан тоос бужигнасан газартай хоцрох вий. Хамгийн өртөг багатай хөрсний үржил шимийг сайжруулах арга бол чийгийн улаан хорхой. Амьд анжис ч гэдэг шүү дээ” хэмээн ярьсан. Тэгвэл ҮХААЯ ямар бодлого барьж байгаа талаар Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээс тодруулахад ”Газар тариалан маш их хөдөлмөр шаарддаг салбар. Иймээс сайн ажиллаж байж л үр шимийг хүртэнэ. Хөрсний үржил шимийг хамгаалах нь онцгой асуудал болж байгаа. Жил ирэх тутам манай тариалангийн хөрсний үржил шим муудаж ургац буурах, цаашдаа ургасан бүтээгдэхүүн чанаргүй болох шинж тэмдэг ажиглаглагдаж эхэлсэн. Тиймээс тариланчидтайгаа хамтраад хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх бодлого боловсруулна” гэлээ. Дэлхий дахинд хөдөө аж ахуйн салбарынхаа хөрсний элэгдэлтэй зөв сэлгэн тариалалт хийх, зурвас гаргах, ойн зурвас суулгах, сийрэгжүүлэх, өвс тарих гэх мэт аргаар тэмцдэг байна. Гэхдээ хамгийн ашигтай органик арга нь ялзмагийн бордоо хэрэглэх гэдэгтэй дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг.