Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого өнгөрсөн сарын гүйцэтгэлээр 1.103.4 тэрбум төгрөг байна. Иймд төсвийн орлогын төлөвлөгөө 7.3 хувиар буюу 87 тэрбум төгрөгөөр дутуу биелжээ. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулбал 5.2 хувиар буюу 54.4 тэрбум төгрөгөөр илүү байгаа. Гэвч төсвийн орлогын төлөвлөгөө тасарсан нь нүүрсний экспорт зогссон, зэс, төмрийн хүдэр, жонш гээд ашигт малтмалын үнэ 10-50 хүртэлх хувиар унасантай холбоотой. Ашигт малтмалын экспортын орлогоос энэ жил Тогтворжуулалтын санд 196.8 тэрбум төгрөг төвлөрүүлэх учиртай. Өнгөрсөн сарын байдлаар тус санд 14.7 тэрбум төгрөг ороод байна.
Манай улсын нийт экспортын 80 орчим хувь нь нүүрс гэдэг. Энэ онд манай улс 27.9 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Ингээд Тогтворжуулалтын санд нүүрснээс 65.9 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо бий. Гэтэл нүүрсний үнэ хямдарч, дорвитой сэргэж өгөхгүй, бараг жилийнхээ ойтой золгох нь. Манай нэг тонн нүүрс чанараасаа шалтгаалж Хятадын хил дээр 210-780 юанийн үнэтэй байна. Монголбанкны зарласан ханшаар өчигдөр нэг юань 229 төгрөг байв. Тэгэхээр манай нэг тонн нүүрс 48000-178620 төгрөгийн үнэтэй юм. Эдийн засагчид экспортын нэг тонн нүүрс 50 ам.доллараас доош буувал ашиггүй гэдэг. Учир нь, уурхай гүнзгийрэх тутам олборлолтын зардал нэмэгдэнэ. Дээр нь, авто машинаар тээвэрлэдэг тул зардал өсөх гол шалтгаан болдог. Тухайлбал, “Эрдэнэс МГЛ“ компанийн гүйцэтгэх захирал О.Сайнбуян “Эрдэнэс Таван толгой компани нэг тонн нүүрсээ 5500-5700 төгрөгөөр тээвэрлэдэг. Энэ нь, нүүрсний өртөгийг өсгөж буй тул байж боломгүй асуудал” хэмээсэн билээ.
Хятадын зах зээлд нүүрсний үнэ хямдарч эхэлсэн 2012 оны хагас жилээс хойш “Эрдэнэс Таван толгой” компани өнгөрсөн нэгдүгээр сар хүртэл 100 орчим сая ам.долларын алдагдал хүлээсэн. Ингээд Хятадын “Чалко” компанид нийлүүлэх нүүрсний гэрээгээ өөрчлөх санал тавьж, экспортоо зогсооход хүрсэн билээ. Тухайн үед “Эрдэнэс Таван толгой” компанийн нэг нүүрсний өртөг 58 ам.доллар байв. Харин “Чалко”-д 53 ам.доллараар нийлүүлэхэд хүрсэн. Иймд нэг тонн нүүрснээс таван ам.долларын алдагдал хүлээх болсон нь дээрх алдагдлыг улам нэмэх болно. Жишээлбэл, экспортоо зогсоогоогүй байсан бол эдүгээ 50-60 сая орчим ам.долларын алдагдал хүлээх тооцоо гарч байлаа.
Санхүүгийн хүнд байдал орсон “Эрдэнэс Таван толгой” компани энэ долоо хоногоос экспортолж эхлэх нь. Экспорт зогссоноос хойш нэг сая гаруй тонн нүүрс олборлож нөөцтэй болжээ. Үүнийгээ эхний ээлжинд урд хөрш рүү гаргах юм. Өмнө нь, “Эрдэнэс Таван толгой” компани “Чалко”-гоос УИХ-ын сонгуулийн өмнө 250 сая ам.долларын урьдчилгаа авч “Хүний хөгжил сан”-д өгч иргэдэд тараасан. Энэ мөнгөө төлөхдөө нэг тонн нүүрсээ 70 ам.доллараар нийлүүлэх, харин зах зээлийн үнэ хямдарвал дагаад буурах хатуу гэрээ хийсэн байв. Дээрх байдлаас болж санхүүгийн хүндрэлд орсон “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагаа ямар ч гэсэн сэргэлээ.
Хятад жилд гурван тэрбум тонн нүүрс олборлодог. Түүнийгээ дотооддоо ашиглана. Бас дэлхийд нүүрс олборлолтоор тэргүүлдэг Австрали, Индонез зэрэг улсаас нүүрс импортолно. Харин манай улсын жилд нийлүүлж буй 20 гаруй сая тонн нүүрс энэ аварга хэрэглээ, зах зээлийн хувьд усны дусал төдий өчүүхэн зүйл. Жилд 40-50 сая тонн нүүрс нийлүүлсэн ч нөлөөлөл нь бага юм. Тэгэхээр судлаачдын зөвлөдгөөр Монгол Улс экспортын нүүрсний нэгдсэн үнэ баримталж, үнэ ханшийн эрсдэлээс сэргийлэх, худалдан авагчийнхаа тоог өсгөх нь чухал ажээ.