ХАХНХЯ-наас зарлаад буй “Оролцоог бодит болгоё” аянд баянголчууд нэгдэж байна. Энэ хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл хамтран ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нарыг хамруулан сургалт зохион байгууллаа. Сургалтыг ХАХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Тулга 5” студийн захирал Ш.Оргодол нар удирдаж лекц уншсан юм. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бусадтай ижил орчинд тэгш эрхтэйгээр сурах боломж, орчныг бүрдүүлж өгөхийг зөвлөн, дэлхийн жишиг аль хэдийнэ хөгжлийн бэрхшээлтэй хэмээн ялгаварлахаас татгалзаж буй талаар мэдээлэл түгээв. Энэхүү сургалтыг хийснээр багш, сурган хүмүүжүүлэгч, сургуулийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг цэглэлээ хэмээн сургалтыг зохион байгуулагч, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал дүгнэсэн юм.