Лондонгийн бирж дээр унци алтны үнэ 9,2 хувиар унаж 1395 ам.доллар болсон нь сүүлийн 30 жил унаж байгаагүй огцом уналт боллоо хэмээн оросын Бизнес-ТАСС мэдээллээ.
Мөнгөний үнэ өчигдөр бас л 14,1 хувиар унаж унци нь 23,54 ам.доллар болсон бол цагаан алтных 4,4 хувь унаж 1448 ам.доллар болжээ.
Европын зах зээлд ерөнхийдөө үнэт металлын үнэ даваа гаригт огцом унасан байна. Өнгөрсөн баасан гарагт 1548 доллар байсан алтны үнэ хэдхэн өдрийн дотор л 1395 ам.доллар болтол буурчээ.
Сүүлийн хоёр өдрийн арилжаанаас харахад ийм огцом уналт 1983 оноос хойш тохиож байгаагүй юм байна.
Дэлхийн алтны томоохон зах зээл Нью-Йоркийн биржид ч гэсэн энэ металлын үнэ бараг есөн хувиар унасан байна. Даваа гарагт энд алтны үнэ 1356 ам.доллар байгаагаас үзэхэд хоногийн уналт нь мөн л 1980 оноос хойш тохиож байгаагүй огцом уналт болж байна.
Алтны үнэ ингэж огцом унаж байгаа нь АНУ-ын эдийн засгийн байдалд хөрөнгө оруулагчид гутранги байдлаар итгэл муутай хандах болж, энэ байдлыг тогтворжуулах талаар Холбооны нөөцийн сан дорвитой арга хэмжээ авахгүй байгаатай холбоотой гэж тайлбарлаж байна. Алтны үнэ унаад ирэхээр бусад үнэт металлын үнэ бас дагаад унаж байна. “Сүүлийн 10 жил өсч байсан зах зээлийн үнэ эцсийн эцэст дахиад л гэлдэрч эхэллээ” гэж Лондонгийн үнэт металлын MarexSpectronGroup салбарын тэргүүн Дэвид Говетт хэлсэн байна.
Түүнийхээр бол үнэ ингэж унаж байгаа нь Кипр алтаа зарж эхэлж байгаа мэдээтэй холбоотой гэнэ.