Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Я.САНЖМЯТАВ: ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 192 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОЛОО

Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох шийдвэр гаргаж, тогтоолд талууд гарын үсэг зуржээ.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монголын ажил олгогч эздийн холбооны тэргүүн Х.Ганбаатар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар  энэ талаар мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятаваас дараахь зүйлийг тодрууллаа.

-Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох шийдвэр гаргахдаа өмнөхөөс нь хэдэн хувиар нэмэхээр болсон бэ?
-Энэ хэлэлцээрээр тодорхой асуудлыг шийдлээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг 2010 оны дөрөвдүгээр сард батал­ж, 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд хэлэлцэж, шинэчлэн тогтоох, үүнийгээ хэзээнээс мөрдөхөө заасан байдаг. 2011 оны дөрөвдүгээр сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140400 төгрөг гэж тогтоосноос хойш үндсэндээ хоёр жил өнгөрч байна. Тиймээс гурван тал ажлын таван өдөр энэ асуудлыг хэлэлцэж, тодорхой зөвшилцөлд хүрлээ. Өмнө нь цагийн ажлын хөлс 835 төгрөг 71 мөнгө байсан. Одоо бидний зөвшилцөж тохиролцсоноор цагийн хөлс 1142 төгрөг 85 мөнгө байхаар шийдвэрлэлээ. Үүнийг сараар тооцвол 192 мянган төгрөг болж байгаа. Амьжиргааны төвшин хөдөө орон нутагт 130 мянга, Улаанбаатар хотод 149 мянган төгрөг байна. Үүнтэй харьцуулахад, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг боломжийн хэмжээнд хүргэж өөрчиллөө гэж үзэж байгаа. Үндсэндээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36,7 хувиар нэмсэн.
-Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэзээнээс мөрдөж эхлэх вэ?
-УИХ төсвийн тодотголыг ирэх аравдугаар сард хэлэлцэнэ. Үүнээс нэг сарын өмнө буюу есдүгээр сарын 1-нээс мөрдөнө гэсэн шийдвэр гаргаж, тогтоолдоо гурван тал гарын үсгээ зурж баталгаажуулсан. Ер нь, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхэд жижиг, дунд аж ахуйн нэгжид хүндрэл учирч, асуудал үүсгэдэг. Тиймээс бид тэдэнд бэлтгэл хангах боломж олгох үүднээс хугацаагаа есдүгээр сарын 1 гэж тогтлоо.
-Хэлэлцээрийн үеэр МҮЭХ-ноос МСҮТ-ийн суралцагчдын тэтгэлгийн хэмжээг нэмэх санал гаргасан гэсэн. Үүнийг хэрхэн шийдвэрлэхээр тогтов?
-Оюутны тэтгэлгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж тогтоодог. Мөн тодорхой хуулиудын хариуцлагын тогтолцоо, торгууль шийтгэвэрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж тогтоодог. Тиймээс хуульд өөрчлөлт оруулдаг байдлыг зогсоох шаардлагатай. Тэгэхийн тулд гур­ван тал тодорхой хуульд өөрчлөлт оруулах ёстой гэдэгт санал нэгдсэн. Гурван талт хэлэлцээрээр хоёр дугаартай тогтоол гаргасан асуудал бол МСҮТ-д суралцаж бай­гаа хүмүүсийн тэтгэлэгийг оюутны тэтгэлгийн хэмжээнд хүргэх. Энэ асуудлыг төсөв ярих үеэр дахин хөндөнө. Тухайлбал, их, дээд сургуульд 153 мянган оюутан суралцдаг. Тэд сар бүр 70 мянган төгрөг авч байна. Харин МСҮТ-д 50 мянган хүн суралцаж байгаа. Сард 45 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг. Тиймээс төсөв хэлэлцэх үеэр МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийн хэмжээг оюутнуудынхтай адил хэмжээнд хүргэх асуудлыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан