Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож нэг цагийн ажлын хөлсийг 1142 төгрөг 85 мөнгө буюу сард 192000 мянган төгрөг байхаар тогтоожээ. Энэ тухай өнөөдөр УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Х.Ганбаатар, Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Д.Амгаланбаатар нар хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ.
2011 оны дөрөвдүгээр сард Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 835 төгрөг, 71 мөнгө буюу сард 140400 төгрөг байхаар тогтоосныг хуулийн дагуу ийн нэмэгдүүлж 192000 мянган төгрөг болгох шийдвэр гаргаснаар өмнөх хэмжээнээс 36,7 хувиар нэмэгдэж байгаа аж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа нэмэгдүүлнэ гэсэн хуулийн заалттай юм байна. Харин Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэрэгжүүлэх хугацааг энэ оны аравдугаар сард хэлэлцэгдэх ёстой төсвийн тодотголын өмнө буюу есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр баталгаажуулжээ. Ингэж хугацаа тавьж өгч байгаа нь хувийн аж ахуйн нэгж байгууллагуудад бэлтгэл хангах боломж олгож байгаа гэлээ.
Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан оюутнуудад өгдөг сар бүрийн тэтгэлэг болох 70 мянган төгрөг, МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудад олгодог 45 мянган төгрөгийн талаар ч ярилцжээ. Ингээд МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудын сар бүр авдаг тэтгэлгийг их дээд сургуулийн оюутнуудынхтай адил 70 мянган төгрөг болгохоор болжээ.