Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барилгын салбарын нааштай өнгө


Хавар болж бүтээн байгуулалтын их ажил эхэллээ. Гэвч орон сууцны үнэ жилээс жилд тэнгэрт хадаж, цалингаас цалингийн хооронд амьдардаг бидний хувьд байртай болох мөрөөдөл алсран одсоор. Иймээс Барилга хот байгуулалтын яамнаас энэ жил 17 хороолол шинээр барьж, тэдгээрийн дэд бүтцэд 200 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн нийслэлийн төсвөөс 40 орчим тэрбум төгрөг төсөвлөж, нийт 240 тэрбум төгрөгөөр дэд бүтэц нь шийдэгдээгүй барилгын орон сууцны асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Үүний үр дүнд дийлдэхээ больж буй орон сууцны ам.метрийн үнэ буух гэнэ. Ер нь, орон сууцны үнэ өсөх олон шалтгаан бий. Тухайлбал, дэд бүтэц, газар олголт, барилга барихад авдаг шат шатны зөвшөөрөл, барилгын материал, түүхий эдийн үнэ, хүнд сурталтай гар хардаг төрийн албан хаагч гээд бэрхшээл мундахгүй. Эдгээрээс хамгийн хүчтэй нөлөөлдөг нь барилгын материалын үнэ юм.
Хэдийгээр бид барилгын материалын үнийг буулгана. Үүний үр дүнд орон сууцны үнэ хямдрах боломжтой гэдэг ч барилгын материалынхаа 70 хувийг импортоор авдаг манай улсын хувьд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нь хамгийн чухал.

Энэ талаар Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Мягмар “Өмнө нь, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд дотоодын эрдэс түүхий эдийн хайгуулын судалгааны ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийдэг байсан. Гэвч энэ үйл ажиллагаа 1990 оноос хойш тасраад одоо цөөхөн компани л бий. Гэтэл манай барилгын зах зээл тогтвортой бус, үйлдвэрлэлийг бодитой дэмжсэн техник технологи, татварын таатай орчин бүрдэж чадаагүй. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдснаар богино хугацаанд барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр мөн орон сууцны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Өмнөх хөтөлбөрүүд цаасан дээр байдаг байлаа. Одоо бодит ажил болж, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжснээр Монголд барилгын материалын үйлдвэр богино хугацаанд сэргэж, импортын хараат байдлаас гарна байх гэсэн итгэлээр харж байна” хэмээн ярьсан юм. Үүнээс гадна импортоор орж ирж байгаа барилгын материалууд Замын-Үүдийн гааль дээр гацаж хугацаа алддаг. Наймаачид хугацаа алдсан мөнгөө барааныхаа үнэд шингээн зардаг нь мөн л орон сууц, барилгын үнэд нөлөөлдөг. Тэгвэл энэ байдалд ЗТЯ анхаарал хандуулна гэсэн. Ингээд бодохоор барилгын салбарт үнэ буурах, материалын нийлүүлэлт нэмэгдэх нааштай өнгө харагдаж эхлэх нь.
 
Одоогоор манайд дотоодын эрэлт, хэрэгцээг бүрэн дүүрэн хангах хүчин чадалтай цемент, арматурын үйлдвэр алга. Энэ жил Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрт шинэчлэл хийж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн сая тонны хүчин чадалтай хоёр үйлдвэрийн санхүүжилтын асуудлыг шийдэж. 2015 онд гэхэд манай улс дотоодынхоо цементийн хэрэгцээг бүрэн хангана гэсэн зорилт тавьсан байна. Манай улсын цементийн хэрэглээ өмнө нь 1-1,5 сая тонн байсан бол энэ жилийн бүтээн байгуулалттай холбоотойгоор 2,5-3 сая тонн болох тооцоо гарсан. Учир нь, нийслэлийн 12 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлт хийнэ, мөн зургаан аймгийн авто замын ажил гэх мэт олон бүтээн байгуулалт өрнөнө. Харин арматур үйлдвэрлэлийн хувьд бага хүчин чадалтай. Төмрийн хүдрийн олборлолт харьцангуй бага, голдуу хаягдал төмөр боловсруулж арматур үйлдвэрлэдэг юм. Одоогоор Засгийн газраас 55 барилгын материалын үйлдвэрлэлийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийн зээлийг шийдэж байгаа гэсэн. Мөн барилгын компаниудад зээл олгох хэлбэрээр орон сууцны үнэ тогтворжуулах бодлого барьж буй. Ингэхдээ компани, иргэдэд олгож буй зээлийн хүүтэй уялдуулан барилгын компаниудад ямар зээл олгох вэ гэдгийг ажлын хэсэг боловсруулж байгаа аж. Ер нь, орон сууцны үнэ тогтворжуулахаар 800 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Монголбанк, БХБЯ хамтран шийдсэн гэнэ.


Ц.Баярсайхан: Тусгай зөвшөөрлийг нэг цэгийн үйлчилгээгээр шийднэ

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай цөөн хором ярилцлаа.

-Барилга, орон сууц барихад олон шат дамжлага, гарын үсэг авах хэрэг гардаг. Энэ бүгдийг цэгцэлнэ гэж байсан. Одоогоор ямар ажил хийгдээд байна вэ?
-Олон  тусгай зөвшөөрлийн заримыг нь хүнээр дамжуулж олгодог, нөгөө хэсгийг нь бүртгэлийн системд шилжүүлнэ. Үүнийг Барилгын тухай хуульд оруулсан. Мөн одоо өргөн баригдсан Геодезийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгай зөвшөөрлийг байхгүй болгоод бүртгэлийн системээр явдаг болно. Ер нь, тусгай зөвшөөрлийн асуудлыг барилгын болон бусад холбогдох хуулиар шийднэ. Харин энэ хууль гартал нөхцөлийг нь бууруулж, хялбаршуулах аргуудыг хайж байна.

-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гуравхан гарын үсгээр барилга барих тусгай зөвшөөрлөө авдаг болно гэж байсан?
-Энэ шийдвэрийг бид Засгийн газрын тогтоолоор гаргасан. Өөрөөр хэлбэл, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоход их хугацаа шаардаж, олон гарын үсэг цуглуулдаг байсан. Үүнийг өөрчилсөн. Одоо нийслэл болон орон нутагт иргэд хүссэн газартаа ямар төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан 30-35 хоногийн дотор хариу өгдөг болсон. Үүний дараа барилгын ажлыг гурваас долоо хоногийн дотор эхлүүлэх боломжийг нээж өгсөн. Өмнө нь, 60-100 гаруй үсэг зуруулдаг байсан шүү дээ. Одоо бол үндсэндээ нэг цэгийн үйлчилгээгээр шийднэ.

-Барилгын салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудал их гардаг. Гэтэл хөрөнгө санхүүг нь шийдэхээр ажиллах хүчний хомсдол гэж бий. Хонх дуугарахаар дамар нь таг гэдэг шиг л юм болох гээд байна?
-Бид Хөдөлмөрийн хуульд зарим өөрчлөлтийг оруулахаар судалж байна. Тухайлбал, улирлын хамааралтайгаас шалтгаалан барилгын талбайд ажилчид тогтвортой ажиллаж чаддаггүй. Иймээс  энэ салбарын ажиллагсадын ажилласан жилийг нь уртасгаж тооцох хувилбар яригдаж байгаа. Ингэснээр тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөл бүрдэх юм. Мөн барилгыг аль болох улирлын хамаарлаас гаргаж, жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг болгох тэр нөхцөл бололцоог бүрдүүлэхийн тулд олон арга хэмжээ авна.

-Тухайлбал?
-Эхний ээлжинд барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих, өргөтгөл хийх, барилгын салбарт хэрэглэж байгаа нойтон ажлыг аль болох багасган үйлдвэрлэлийн аргаар хийхийг дэмжинэ.

-Арилжааны банкууд зээл олгохдоо барилгын компаниудад хэтэрхий өндөр шалгуур тавьдаг ?
-Засгийн газар зээл олгохгүй, арилжааны банкаар дамжуулна. Тэгэхээр тодорхой шалгуур тавина. Яамны зүгээс технологийн шинэчлэл хийх, үйлдвэрлэлээ өргөтгөхийг тусгай хөтөлбөрөөр дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа. Дээр нь, компаниудыг орон сууцаа барьж дуусахад нь үе шаттайгаар санхүүжүүлэх зээлийн эх үүсвэр хайж байна. Ойрын үед шийдвэрлэх байх. Ингэж нийлүүлэлт талаа дэмжвэл эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцаа, орон сууцны санхүүжилтын урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх юм.


Улаанбаатар хотод удахгүй их бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан барилга барих зөвшөөрлийн тоог цөөрүүлэхийн сацуу энэ салбарынхныг анхаарсан бодлого, шийдвэрүүд гараад буй. Энэ талаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын  Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяатай ярилцлаа.

-Барилга барих зөвшөөрлийг цөөрүүлэн зөвшөөрлийг нь хурдан шуурхай гаргадаг болж буй гэж сонслоо?
-Тийм ээ. Манайх 2012 оны арванхоёрдугаар сарын 1-нд Засгийн газрын 151 тогтоолоор хоёрдугаар ангиллын барилга байгууламжийн ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах, харилцааг нь зохицуулах алба болон байгуулагдаад ажиллаж байна. Энэ хүрээнд барилга барихад шаардлагатай холбогдох баримт бичгээ бүрдүүлэн өгвөл ажлын гурван хоногт эхлэх зөвшөөрлийг нь өгч байгаа.

-Танай алба байгуулагдснаас хойш хоёрдугаар ангиллын хэдэн барилгын зөвшөөрөл гаргав?
-Нэг тайлбар хэлэхэд, хоёрдугаар ангиллын барилга гэдэг нь нэгээс 17 давхар барилгыг хэлдэг. Өнөөдрийн байдлаар манай алба 39 барилгын ажлын зөвшөөрлийг гаргаад байна. Гэхдээ дан ганц барилга байгууламж бус зам, талбай үйлдвэр үйлчилгээний  барилга ч орно гэсэн үг.

-Улаанбаатар хот газар хөдлөлтийн 6-8 баллын бүсэд оршдог учраас паспортжуулах ажил эхэлсэн. Өнөөгийн байдлаар хэдэн барилга хамрагдаад байна?
-Энэ ажил үргэлжлээд явж байгаа. Өнгөрсөн жил 120 барилга паспортжуулсан. Энэ онд 150 барилгыг хамруулахаар төлөвлөн эхнээсээ үзлэгт ороод явж байна. Паспортжуулна гэдэг нь зориулалтын багажаар тухайн барилгыг шалгаад тооцоо хийн шаардлага хангах уу, үгүй юү, газар хөдлөлтийн хэдэн баллд тэсвэртэй вэ гэдгийг нь мэдэх зорилготой. Эхний ээлжинд орон сууцны барилга хамрагдана.

-Нийслэл дэх барилгуудын хэдэн хувь нь газар хөдлөлтөд тэсвэртэй вэ?
-Нэг дор бус нийслэлийн есөн дүүргээс түүвэрлэн авч паспоржуулж байгаа. Ашиглалтын шаардлага хангахгүй эсвэл хэдэн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, ямар баллын бүсэд баригдсан байна гэдгийг нь гаргаад хүчитгэх ажил хийх юм. Хэрвээ газар хөдлөлтийн аль ч баллд нурах аюултай бол холбогдох газар, иргэдтэй нь яриад барилгажуулах санал яригдах юм. Одоогоор нийслэл дэх бүх барилга бүрэн хамрагдаагүй байна.

-Ерөнхийдөө, газар хөдлөл­тийн үед нурах аюултай барилгын тоонд яах аргагүй хуучны барилгууд орох байх?
-Өнөөдөр хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт нь гарчихсан хуучны барилгуудыг нураагаад дахин орон сууц барих журам байхгүй байна шүү дээ. Эхлээд оршин суугчдыг хаашаа нүүлгэж, хаана түр амьдруулах уу гэдгээ шийдэх ёстой. Үүнийгээ шийдсэний дараа ямар компани барих юм гэдгээ гэрээгээр зохицуулах ёстой. Ингээд хөрөнгө оруулагч, оршин суугчид нь зөвшөөрвөл нураагаад шаардлага хангасан барилга барих эрх бол нээлттэй. Одоогоор Хан-Уулын дүүргийн нэхмэлийн шар байшингуудыг нураагаад  Орчлон хороолол босч байна. Сонгинохайрхан дүүрэгт нэг барилгын ажил эхэлчихсэн гэх мэт эхнээсээ хуучнуудыг нь нураан шинэ орон сууцны хорооллууд сүндэрлэж байгаа.

 -МХЕГ хянаж, шалгах үүрэгтэй гэж хүмүүс ойлгодог. Гэтэл танай алба бас хянадаг гэхээр асуухгүй өнгөрч чадахгүй нь. Хотын захиргаанаас барилга баригдахаас ашиглалтад орох бүхий л процесст хяналт тавих юм байна гэж ойлголоо?
-Манайх МХЕГ-тай хамтарч ажилладаг. Тус газрынхан хөдөлмөр, хүний аюулгүй ажиллагааны талаар анхаарч ажилладаг бол манайх хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр хяналт шалгалт хийнэ. Өөрөөр хэлбэл, зураг төсөлд заасан хэмжээнээсээ барилга нь томорч уу, замын улаан шугаманд орж уу, үгүй юү гэдгийг нь хянана гэсэн үг.

-Хоёрдугаар ангиллын барил­гад газрынхаа хэмжээг ихэсгэн нийтийн эзэмшлийн талбай руу орсон, чанаргүй барьсан гэсэн зүйл хэр ажиглагдаж байна вэ?
-Өмнө нь, зөвшөөрлөө аваад баригдсан барилгуудад асуудал үүсч байна. Тэрнээс зөвшөөрлөө аваад шинээр барьж байгаад ийм зүйл гарахгүй. Нэгэнт баригдсан нь талбайн хэмжээгээ дураараа томруулснаас барилга хоорондын зай ойртож, нарны гэрэл тусахгүй байна гэсэн гомдол гардаг. Энэ нь, иргэд эрхээ мэддэггүйгээс болж буй хэрэг. Мөнгөө төлж захиалга өгсөн бол тэр хүн баригдаж буй орон сууц, барилгын явцыг хянах давуу эрхтэй. Нэг ёсондоо, хөндлөнгийн хяналт. Миний захиалсан барилгыг яаж барьж байна, ямар материал ашиглав гээд долоо хоног бүр биш юм аа гэхэд сардаа ядаж нэг, хоёр удаа барилгынхаа явцтай танилцах хэрэгтэй. Манайхан мөнгөө  өгчихлөө гэж санаа нь амрангуутаа явцыг нь хянадаггүйгээс  баригдсан хойно нь энд тэндээс ус гоождог, хажуу айлын дуу чимээ  сонсогддог, цахилгааны утас нь ил гарчихлаа гээд гомдол бичиж явдаг. Тиймээс өөрөө хяналтаа тавих нь хамгийн том шалгалт юм.

-Нийтийн эзэмшлийн талбай руу хальж барилга барьсан бол ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Энэ харилцааг хууль эрх зүйн орчин, журмаар зохицуулах учиртай. Миний хэлээд байгаа зүйл бол төрийн байгууллагаас гадна захиалагч өөрөө хяналт тавих ёстой. Ингэж хөндлөнгийн хяналт тавивал нүдэн дээр нь улайм цайм муу барихгүй шүү дээ. Нэг л сэтгэлд нь хүрэхгүй бол мэргэжлийн байгууллагын хүмүүст хандаж болно.

-Нэг хэсэг хотод хэн дуртай нь энд тэндгүй байшин, барилга барьсан. Тиймээс нийслэлийн удирдлагууд хотын төв гэхээс захын хороололд баригдаж буй барилгыг хянахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байсан?
- Одоо манайх хот гэлтгүй захад баригдаж буй барилгуудад хяналт тавина. Нэг бүрчлэн шүү. Манай газарт ямар ч аж ахуйн нэгж, иргэн хандахад хянах үүрэгтэй. Яагаад гэвэл, барилга барих зөвшөөрөл өмнөхөө бодвол цөөрч, иргэн, аж ахуйн нэгжүүдэд тулгардаг бэрхшээл байхгүй болсон. Тиймээс зөвшөөрөл нь гарлаа гэхэд бид явцын дунд шалгаад явах учраас баригдсан хойно янз бүрийн асуудал гарахгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан