Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.ЦОЛМОНБАЯР: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ ЦАГ БОЛСОН


Автобусны үйлчилгээ муу, удаан зэргээс болж автобусаар зорчдог хүнгүй болж байсан үе саяхан. Харин өнгөрсөн жилээс энэ салбарт бага багаар өөрчлөлт гарч, автобус шиг хурдан, хямдхан унаа байхгүй болсон билээ. Гэхдээ энэ бол хангалтгүй. Цаашид энэ салбарт ямар ажлууд хийгдэх гэж байгаа талаар Нийтийн тээврийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Цолмонбаяртай ярилцлаа.

-Нийтийн тээврийн асуудал олны анхаарлын төвд ороод эхэлсэн. Бүтэц зохион байгуулалт нь ч өөрчлөгдсөн гэсэн. Энэ талаар?
-2013 оны хоёрдугаар сараас эхлэн Нийслэлийн тээврийн газар болж өөрчлөгдсөн. Өдөр ирэх тусам нийслэл хот маань өргөжин тэлж шинэ суурьшлын бүсүүд нэмэгдэж байгаа  учраас Нийтийн тээврийн газрын бүтэц хүрээ ч өргөжих шаардлагатай болсон. Тиймээс хоёр орлогч даргатай, зургаан хэлтэстэй боллоо. Мөн ачаа тээвэр, техник технологийн хэлтэс шинээр нээгдсэн. Диспетчерийн алба гэж байсныг Зорчигч тээвэр үйлчилгээний хэлтэс болгон өөрчилж, Захиргаа удирдлагын хэлтсийн удирдлагад  “Төсөл хөтөлбөр, олон нийттэй харилцах гадаад харилцаа” хариуцсан тасгийг шинээр байгуулсан. Ингэснээр хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд ил тод, байнгын харилцаатай болох боломж бүрдэж байгаа.

-“Аюулгүй тээвэр, соёлтой зорчигч” гэсэн аян өрнөж байгаа. Энэ ямар учиртай аян бэ?
-Шинэ баг ажилдаа ороод юуны өмнө энэ салбарын аж ахуйн нэгжүүдтэй долоо хоног бүр шуурхай хурал хийдэг болсон. “Том оврын автобусны үйлчилгээ  эрхлэгчдийн холбоо”- ноос  санаачлага гарган “Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч”  аяныг гуравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж байна. Кондукторууд муухай ааштай гэсэн гомдол их ирдэг. Гэтэл тэр хүмүүс өдөрт маш олон хүнтэй харилцдаг. Зарим нь мөнгөө төлдөггүй, хог хаядаг, согтуу зорчигч орж ирдэг, үнэмлэхээ үзүүлдэггүй, хуурамч элдэв төрлийн бичиг баримт үзүүлдэг, урд хаалгаар орох гэж зүтгэдэг, бас хулгайч нар гээд л асуудал үүсдэг. Кондуктор чинь бидэнтэй л адилхан хүн болохоор уурлах, загнах, шаардлага тавих хэрэг гарна. Нэг ёсондоо автобус бол аюулгүй үйлчилгээг үзүүлэх ёстой, харин зорчигч бол соёлтой үйлчлүүлэх хэрэгтэй гэсэн хоёр талын асуудлыг хөндөж “Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч” гэж энэ аянаа нэрлэсэн.
 
-Энэ аяны хүрээнд мэдээж эхлээд автобус баа­зууд дээрээ шалгалт хийсэн байх. Зөрчил дутагдал хэр илэрсэн бол?
-Юуны өмнө аяны эхний 10 хоногт бодит байдалтай танилцах зорилгоор 04 цаг 20 минутаас эхлээд орой автобус буух хүртэл зургаан баг гарч,  10 хоногийн турш шалгалт хийсэн.
Нийтдээ 1469 дутагдал гарснаас жолооч нарын үнэмлэх маш их зөрчилтэй, 40-50 хувь нь мэргэшсэн бус жолооч байсан. Мөн тээврийн хэрэгслийн үнэмлэх, бичиг баримтгүй үйлчилгээнд гарах, хувцаслалт жигд бус байх, автобусны гадна дотно цэвэрлэгээ муу, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, гэрэл дохио дутуу ажиллагаатай, маршрут чиглэлийг зарлахгүй байх гэх мэт манай үйлчилгээний стандартыг хэрэгжүүлдэггүй зөрчлүүд давамгайлсан. Өглөө үйлчилгээнд гарч байгаа жолооч нараа эмнэлгийн үзлэгт оруулах ёстой байтал үүнийг хэрэгжүүлдэг ганц хоёрхон л компани байдаг. Техник технологийн мэргэжилтэн, авто механик инженерүүд  дутагдалтай, өглөө цагтаа ирдэггүй, дутуу шалгадаг гэх мэт байдал хэвшмэл болсон нь харагдсан.

-Энэ зөрчлөө засах боломж нь хэр байна вэ. Та бүхний зүгээс ямар гарц олж харж байгаа вэ?
-Эхний ээлжинд буюу 45 хоногийн хугацаанд энэ дутагдал зөрчлөө арилга гэсэн үүрэг даалгавар өгсөн. Дараагийн ээлжинд бид дөрөвдүгээр сард нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байгаа бүх автобус, шугамын микро автобус, таксинуудад аттестатчилал явуулна. Хэрэв тэнцэхгүй бол тавдугаар сарын 1-нээс гэрээгээ цуцална. Энэ хооронд бид Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой стандарт журмуудыг шинэчилж байгаа. Өглөө автобус үйлчилгээнд гарахаас өмнө жолооч яг юу хийх вэ, механик нь юу хийх вэ, компани юу хийх вэ гэх мэт процедурыг нэг бүрчлэн зааж өгнө. Нийтийн тээврийн салбарт мөрдөгдөх ёстой стандартад өөрчлөлт оруулна.

Шалгалтын явцад нийс­лэлийн өмчит ком­паниудын зөрчил харьцан­гуй бага гарсан. Тиймээс тэднээс суралцах, харилцан туршлага солилцох, бүгдээрээ стандартаа мөрдөж хэвшүүлэх үүрэг өгсөн.

Мөн гэрээ байгуулах журам гэж байдаг. Том оврын үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг өгч, гэрээ байгуулахдаа тавьж байгаа тэр шалгуур их ерөнхий байдаг юм билээ. Тэгэхээр бид энэ шалгуураа өөрчлөөд, анхнаасаа маш сайн, тодорхой тавьдаг болох гэж байна. Мөн гэрээ байгуулах процедураа хүртэл өөрчилсөн. Өмнө нь нэг хэлтсийн дарга, нэг мэргэжилтэнтэй сууж байгаад гэрээ байгуулчихдаг байсан. Харин одоо бүх хэлтсийн удирдлага, ахлах мэргэжилтэнгүүд оролцож, ажлын хэсэг байгуулаад шаардлага хангасан компанитай нь гэрээ байгуулдаг болно.

-Ер нь автобуснууд ямар хуваариар ажиллаж байна вэ?
-Өглөө 06 цаг 30 минутаас эхний автобус явдаг. Ингэхийн тулд кондуктор, жолооч нар үүрээр 4 цагт гэрээсээ гардаг. Орой хамгийн сүүлийн автобус 10 цаг 30 минутанд буудаг. Ингээд бодохоор бас хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс. Ажлыг нь ойлгох хэрэгтэй. Адилхан л ажил хийж, ар гэрээ тэжээх гэж яваа хүмүүс. Тийм болохоор бид нийгмийн болон хувь хүний хөгжлийн хэрэгцээг нь ч гэсэн хангах тал дээр ажлууд төлөвлөсөн.

-Тухайлбал?  
-Бид 2013 оны хоёрдугаар сараас жолооч, кондукторуудын нийгмийн асуудлыг сайжруулах тал дээр идэвхтэй ажиллаж байгаа. Хамгийн том төсөл бол 1000 айлын орон сууцны “Тээвэрчин хотхон” гэсэн төсөл хийгээд газрын асуудлыг нь шийдүүлэхээр Э.Бат-Үүл даргад хүсэлт тавьсан. Ирэх оны нийт баригдах орон сууцны жагсаалтанд оруулахаар хөөцөлдөж байгаа. Эхний ээлжинд 1000 ажилтнаа орон сууцанд оруулчихмаар байна. Хоёрдугаарт, эрүүл мэндийн асуудал. Эрүүл мэндийн үзлэгт оруулахаар хуваарь гаргасан. Гуравдугаарт, компаниудын хүний нөөц, хувь хүний хөгжлийн асуудлууд байна. Бүх тээврийн компаниудын хүний нөөцийн менежерүүдэд сургалт хийсэн. Ажилтнууддаа сургалт хийх, хөгжүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гэх мэт. Ядаж л стрессээс яаж гарах вэ? гэдэг сургалт хэрэгтэй байгаа юм. Мөн компаниуд эмчтэй болж ажилтнууддаа өглөө бүр нийтийн тээврийн үйлчилгээнд гарахад эрүүл мэндийн шаардлага хангаж буй эсэх зэрэг байгууллагын дотоод журам, стандартуудаа мөрдөж ажиллахаар болсон.

-Стандартыг гаргаад өгчихвөл асуудал шийдэгдэх үү?
-Стандартаа мөрдөж байж л шийдэгдэнэ. “Автобус-1”, “Автобус-3”, “Тэнүүн-дэлгэр” зэрэг компани байгаа стандартаа бариад сайн ажиллаж байгаа нь харагдсан. Гэтэл хэрэгжүүлэхгүй нь их байна. Жишээ нь: жолооч нар хоёр ээлжээр ажиллах ёстой. Гэтэл ихэнх компани өглөөнөөс орой хүртэл ганц ээлжээр ажиллуулдаг нь тогтоогдсон. Энэ асуудлыг ярихаар дахиад, жолооч нараа сургаж авах, хүний нөөцөө бүрдүүлэх, техник хэрэгслүүдээ бэлтгэх, хяналтын оновчтой систем нэвтрүүлэх гээд олон ажил хийх шаардлагатай болж байгаа.

Манай байгууллага бол нэг талаас зорчигч, нөгөө талаас автобус компаниуд гэсэн хоёр талын ашиг сонирхлыг зөв хангах менежмент хийх газар. Зорчигч түргэн шуурхай, аюулгүй, цэвэр цэмцгэр нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой. Тэдэнд үйлчилж байгаа компани ашигтай, орлоготой, тэнд ажиллаж байгаа жолооч, кондукторууд цалинтай, хангамжтай байх ёстой. Энэ бүх ашиг сонирхлыг хангах нь манай ажил. Ер нь энэ салбар олон жил “хаягдчихсан” байсан тул менежментийн маш том шинэчлэл хийхгүй бол болохгүй байгаа. Хамгийн наад зах нь, компаниуд жолооч нараа хянаж чадахгүй байна шүү дээ. Жолооч нар рейсээ бүтэн хийсэн үү, үгүй юу гэдэг асуудал. Гэтэл энэ нь эргээд зорчигчдод хүндрэл үүсгэдэг. Эцсийн буудлуудад автобус ирэхгүй замаасаа буцдаг. Автобус ирэхгүй хүлээлгэх, нэг ирэхээрээ олон автобус зэрэг ирээд тал нь хоосон явах гэх мэт асуудлууд олон.

-Мэдээж энэ бол яригдаж байсан асуудал. Гэвч шийдэх арга замын талаар ямар бодолтой байна вэ?
-Хяналт тавьдаг мониторингийн системээ өөрчлөх хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хаана хаанаа хүрсэн. Одоо 24 байгууллагын нийтдээ 900-аад том оврын автобус өдөр бүр үйлчилгээнд гардаг. Автобус тухайн буудал дээр ирж зогсч байна уу, рейсээ бүтэн хийж байна уу гэдгийг шалгах үүрэгтэй манай байгууллагын станц  40-50хувьтай л ажиллаж байгаа. Тээврийн компаниуд бол чиглэл, маршрутаараа тухайн цагтаа явсан л гэдэг. Гэтэл манай станц хүлээж аваагүй, бүртгээгүй байдаг. Ингээд зөрчил үүсээд байгаа. Иймээс системээ өөрчлөөд, бүх автобуснуудыг GPS-тэй болгоё гэсэн шийдэлд хүрсэн. Манайд авто тээврийн улсын хяналтын ердөө 26 байцаагч ажилладаг. Энэ 26 байцаагч нийтийн автобуснууд бүрэн гүйцэт явж байна уу, кондуктор нь зөв харьцаж байна уу, жолооч нь кабиндаа өөр хүн оруулж байна уу, тамхи татаж байна уу, автобус нь цэвэрхэн байна уу, техникийн шаардлага хангаж байна уу гэх мэтээр 900-аад автобусыг бүрэн гүйцэт хянах ямар ч боломжгүй байгаа. Тэгэхээр автобуснуудыг камержуулья гэж байгаа.

Хоёрдугаар асуудал бол, автобусны рейсийг хянах хяналт. Өдөрт 100 автобус явуулж үйлчилнэ гэсэн компани үнэхээр тэр 100-гаа гаргаж байна уу гэдэг асуудал. 80-ыг гаргачихаад 100-г гаргасан гэж худал мэдээ өгдөг, өглөө хоцорч гардаг, орой эрт буудаг, эцсийн буудал хүртэл явдаггүй гэх мэт. Үүнийг электрон картаар шийдье гэж байгаа. Зорчигч бүхэн карттай байна, түүнийгээ автобусны эхний хаалгаар орж төхөөрөмжид уншуулж мөнгөө төлөөд дунд хаалгаар буухдаа мөн төхөөрөмжид дахин уншуулна. Тэгэхээр тэр автобусаар аль буудлаас хичнээн хүн суусан, хэд нь хөнгөлөлттэй явсан гэх мэт нь гараад, мөнгө нь картаасаа гарна гэсэн үг. Ингэж нарийн тоо гараад байвал тээврийн компаниудад очих нөхөн олговрын хэмжээ ч тодорхой гараад ирнэ. Мөн зорчигч урсгалын судалгаа ч гараад ирнэ. Өдөрт нийтийн тээврээр хэдэн зорчигч үйлчлүүлдэг, голчлон хаашаа явдаг, аль чиглэл хамгийн ачаалалтай байна гэдгийг баримжаагаар л тоо гаргадаг юм байна.

Цахим тасалбарын системд ороод, мөн автобуснууддаа GPS суулгаад, камержуулчихвал санал гомдол, тулгамдсан асуудлууд шийдэгдээд ирнэ. Энэ ажлууд дээр Азийн хөгжлийн банкны төслийн багийнхан ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын энэ хаврын чуулганаар орж батлагдвал энэ ондоо багтаж хэрэгжиж эхэлнэ гэж төлөвлөж байгаа. Хэрвээ төсөл дэмжигдэхгүй бол монгол инженерүүдээ энэ төсөл дээр  урьж нийслэл өөрөө хөрөнгөө шийдэж хэрэгжүүлэхээс өөр замгүй.

-Автобусны буудлын чиглэлд ямар ажлууд хийгдэх вэ?
-Автобусны эцсийн таван зогсоолыг тохижуулах ажлын хөрөнгийн эх үүсвэр батлагдсан. Тохижилтын зураг төслийг Нийслэлийн зураг төслийн хүрээлэн боловсруулж байна. Нисэх, Яармаг, Жанжин клуб, Нарангийн гол, III- IV-р хороолол гэсэн таван зогсоолыг тохижуулна. Мөн автобусны дундын зогсоолууд гаргахад 150 сая төгрөг батлагдсан. Таксины зориулалтын зогсоолыг Энхтайвны өргөн чөлөөний дагуу 9 зогсоол, нийтдээ 12 зогсоол байгуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, зураг төслийн ажил хийгдэж байгаа.

-Энэ таксины зогсоолыг хаана байгуулах вэ?
-Баянгол дүүргийн II хорооны Төмөр замын дээд сургуулийн урд талбайн зүүн, баруун талд, ТБД андуудын зүүн талд “Хаан банк“–ны урд шороон талбай, КТМС-ын урд шороон талбай, Бөхийн өргөөний хойд талбай, Цэргийн эмнэлгийн урд талбай, Төв номын сангийн талбайд байгуулна. Мөн Улаанбаатар их дэлгүүрийн урд талбай, Цамбагарав худалдааны төвийн зүүн талын талбай, Улсын их дэлгүүрийн урд талбай, Нарны зам миний дэлгүүрийн урд талбай, Голомт банкны картын төвийн урд зогсоолд таксины зогсоол байгуулах ажил эхэлсэн байгаа.

Б.Жаргал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан