Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэд: Барьцаа хөрөнгөгүй бол ЖДҮ-ийн зээл авахад хүндрэлтэй байдаг

Засгийн газраас зохион байгуулдаг “Шинэчилж шийдье 222” уулзалтаар энэ удаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих ямар арга замууд байгаа хэлэлцэв. Шинэчлэлийн Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас иргэдээ ажилтай, орлоготой байлгах үүднээс жижиг дунд үйлдвэрийг багагүй дэмжиж байгаа. Энэ жилийн тухайд жижиг дунд үйлдвэрийг дэмжиж хоёр хэлбэрээр хөнгөлөлттэй зээл олгож байгаа юм. Түүний нэг нь жижиг дунд үйлдвэр эрхлэх зээл. Долоохон хувийн хүүтэй энэ зээлийг таван жилийн хугацаатайгаар бизнес эрхлэгчид авах боломжтой. Мэдээж зээлийн нөхцөл нь бизнес эрхлэх, бизнесээ өргөжүүлэх үүднээс тав хүртлэх жилийн хугацаанд 50 хүртлэх сая төгрөг зээлээр авах боломжтой. Нөгөө хэсэг нь Сум хөгжүүлэх сангаас бизнес эрхлэх зээлээ авч болно. Энэ нь бүр ч боломжийн. Гурав хүртлэх хувийн хүүтэй. Сумын Засаг даргын шийдвэрээр энэ зээлийг авах учиртай. Гэхдээ дан ганц Засаг дарга шийдэх бус тухайн сумын иргэдээр хэлэлцүүлж байж өгч байгаа болохоор ямар нэгэн арын хаалга шаардлагагүй гэдгийг Хөдөлмөрийн яамныхан хэлж байна.
Ер нь, жижиг дунд үйлдвэрт олгосон зээлийн эргэн төлөлт 100 хувь байдаг болохоор эрсдэл ч багатай байдаг аж. Өнгөрсөн жилүүдэд жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгосон зээлийн эргэн төлөлтөөс дараагийн зээлээ санхүүжүүлж байгаа юм байна. Ойрын хугацаанд л гэхэд 30 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэгдэхэд бэлэн байгааг салбарын яамныхан хэлж байна.
Харин жижиг дунд бизнес эрхлэхээр зээл авах хүсэлт гаргаж байгаа хүмүүст багагүй хүндрэл байгааг уулзалтад оролцсон иргэдийн төлөөлөл хэлж байлаа. Тэдний өмнө тулгамддаг бэрхшээл нь зээл авахад батлан даалт болох барьцаа хөрөнгийн асуудал. Хоёулаа, гурвуулаа нийлээд жижигхэн бизнес эрхлэх төсөл бичээд ороход барьцаа хөрөнгөгүй бол энэ зээлнээс авна гэдэг лөөлөө болдог тухай иргэд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав болон холбогдох хүмүүст гомдоллож байсан юм.

Барилгын салбарын амин сүнс нь хятад ажилчид биш монголчууд

“...Барилга дээр ажиллах ажилтан олдохгүй байна. Монголчууд хулгай хийдэг, цалингаа буухаар гурав хоног архи уудаг, ажилдаа ирдэггүй, залхуу. Хятад ажилчид монголчуудаас хөдөлмөрийн бүтээмж өндөр...” гэсэн монголчуудаа голж, шилсэн байдал өнөөг хүртэл байсаар байна. Тэгвэл энэ сэтгэлгээнээсээ салах цаг болсон гэдгийг “Делта констракшн” компанийн захирал н.Эрдэнэбат “Шинэчилж шийдье 222” уулзалтад оролцохдоо хэллээ. Түүний хэлснээр Улаанбаатар хотын өнгө төрхийг тодорхойлж, азийн хөгжилтэй орнуудын өнгө аясыг даган хувьсах энэ их үйлсэд монгол ажилчдын нөр их хөдөлмөр шингэсэн байгаа хэлсэн юм. Тиймээс цаашид монголчуудаа Солонгост боолын хөдөлмөр эрхлүүлэх бус монголдоо өндөр бүтээмжтэй, өндөр үнэлэмжтэй ажлын эзэн болгоход төр засгаас илүүтэй ажил олгогчдын хувь нэмэр их гэдгийг онцолсон юм.
Барилгын улирал эхлэхээр монголд 50000 хятад иргэн ажилладаг бол монгол иргэд түүнээс хоёр дахин бага байдаг аж. Барилга дээр ажиллах хүн  олдохгүйдээ бус ажиллахаар очсон монгол иргэнээ ажил олгогчид нь голдог, хятадуудтай яг адилхан хөдөлмөр эрхэлж байхад бага цалин өгдөг нь ажил олгогчид өөрсдөө монголчуудаа үргээгээд байгааг барилгын салбарын зовлон бэрхшээлийг туулж яваа хүн өгүүлсэн. Тэгэхээр гендээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг монголчууд барилгынхаа ажлыг голох бус, ажил олгогчид нь голоод байгаа тэрээр хэлж байна. Гол шилэлгүй ажиллуулахад үр дүн нь Цэнгэлдэхийн хажууд баригдсан Рапид харшаас эхлээд орон сууцны олон хороолол, дэлхийн зочид буудлын сүлжээний барилга ч монголчуудын ур ухаан, гарын дүйгээр сүндэрлэж байгааг жишээ баримттай нь дурьдсан юм. Тэгэхээр бид монголчуудаа хулгайчаар нь дуудаад харийн оронд боолын хөдөлмөр эрхлүүлэхээр илгээгээд байх уу, эх орны бүтээн байгуулалтдаа оролцуулж, улсынхаа мөнгөний урсгалын нэгээхэн хэсгийг ч тогтоох уу гэдэг сонголтын өмнө ирээд байна.
Мөн барилгын салбарын хөгжлийг жигд урагшуулах, иргэдээ тогтмол ажилтай орлоготой байлгахын тулд барилгын салбарт дөрвөн улирлын ажлын байр бий болгох, улирлын хамаарлыг багасгах хэрэгтэй гэдгийг н.Эрдэнэбат захирал хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан