Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цементээс үүсдэг олон асуудал цэгцэндээ орох нь


Барилгын материалын гол бүтээгдэхүүн цементтэй хол­боотой олон асуудал байдаг. Хилээр импортолж, нийлүүлэх, тээвэрлэх, ачих, буулгах, борлуулах гэх мэтээр тоочвол мундахгүй олон. Засгийн газар орон сууцны ам.метрийн үнийг аль болох тогтвортой байлгах, иргэдээ хямд, чанартай орон сууцаар хангах бүтээн байгуулалтын асуудалд онцгойлон анхаарч байгаа. Үүний нэг хэсэг болох цементийн импорт, тээвэрлэлт, нийлүүлэлтэд хэн, юуг анхаарч, элдэв саад бэрхшээл үүсгэхгүй байхад хөтөлбөр боловсруулж, тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ жил хоёр сая орчим тонн цемент импортолж, улсын хэрэгцээг саадгүй биелүүлэхэд анхаарлаа хандуулахаар өнгөрсөн баасан гарагт нэгэн чухал зөвлөлгөөн боллоо. Өмнөх дугаартаа бид УБТЗ-ынхан цементийн бизнес эрхлэгчид тээвэрлэлтээ хэрхэн хурдасгах талаар ярилцсан энэхүү зөвлөлгөөний албаны хүмүүсийн байр суурийг хүр­гэсэн. Тэгвэл цемент гэгч ба­рилгын материалыг тойрсон олон асуудлыг хөндөж хамтран ажиллах гарцаа хайсан тухай энэ дугаартаа хүргэе.

Шинэчлэлийн Засгийн газ­­­­­раас хэрэгжүүлж бай­гаа барилгын салбарыг дэм­­­жих, орон сууцны үнийг тогтворжуулах дэд хө­төл­бөрийн хүрээнд БХБЯ, УБТЗ, Цементийн бизнес эрх­лэгч­дийн холбоо хамтран ажил­лахаар болжээ. Ингээд уг хөтөлбөрт хамтран ажиллахаар Цементийн бизнес эрхлэгчид холбоо болж, нэгдсэн зохион байгуулалтад орсон юм байна. Холбоонд 60 гаруй хүн, 30 гаруй импорлогч нэгдсэн гэнэ. Уг зөвлөлгөөнд Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо 20 гаруй компанийн төлөөлөгчийг оролцууллаа. Тэд холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр дамжуулж албаны хүмүүсээс асуулт асуусан юм.

ЦБЭХ /Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо/: -ЗТЯ-ны төлөөлөгчөөс Замын-Үүд-Эрээний чиглэлийн том оврын тээврийн хэрэгсэлд ямар бодлого баримталж байгаа вэ. УБ гэсэн дугаартай автомашиныг сард нэг удаа явуулна гэж яриад байгаа үнэн үү. Тээврийн зохион бай­гуулалтыг компаниуд хий­гээд байгааг нэгдсэн зо­хион байгуулалтад оруулах боломжтой юу. УБТЗ-ын 44 дүгээр зам гэдэг салбараас цементээ авч, түгээдэг. Хотын замын хөлдөх, гэсэхээс болоод нэг сарын хугацаанд том оврын авто машин явуулахгүй, дөрөвдүгээр сарын 1-нээс даацын хязгаарлалт тавина гэсэн. Энэ нь бидний ажилд маш их нөлөөлдөг. Энэ асуудалд ЗТЯ ямар бодлого баримталж байгаа вэ?

ЗТЯ-ны Авто тээврийн бод­логын хэрэгжилтийг зо­хицуулах газрын мэр­гэжилтэн н.Октябрь: -Монгол Улсын Засгийн газар Хятадын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрээр та бүхний хийж байгаа ачаа тээвэр зохицуулдаг. Замын-Үүдэд ачаа тээврийг эрхэлж буй жолооч нар болон компаниудыг нэгдсэн зохион байгуулалтад орооч гэж олон жил ярьж, хэлж байсан. Байнгын бус нэг удаагийн тээвэрт “D” зөвшөөрлийн бичиг олгодог. Энэ нь 30 хоногт нэг удаа хил нэвтрэх зөвшөөрөл юм. Харин “C” зөвшөөрлийн бичгийг 90 хоногт байнгын ачаа тээвэрт олгодог. Байнгын ачаа тээвэр эрхлэх эрхээ авч, гэрээгээ байгуулсан тээвэрлэгчдэд “С” зөвшрөөлийг олгодог юм. Хятадын талаас жил бүр Замын-Үүдийн ачаа тээврийг цэгцлээч ээ гэдгийг байнга ярьж, хэлдэг. Манай стандарт Хятадынхтай адилхан байгаа. Гэтэл тээвэрлэлтийн стандарт дандаа зөрчигдсөөр ирсэн. Ачаа тээвэр эрхэлдэг жолооч нар ч гэсэн мэргэшсэн байх ёстой гэсэн асуудал тавьж эхэлсэн. Гол асуудал зөвшөөрлийн бичгээс болж үүсч байгааг та бүхэн мэднэ. Асуудлаа холбогдох байгууллагууддаа тавиад хамтарч ажиллахад бэлэн байна. Улаанбаатарт Нийслэлийн тээврийн газар гэж шинээр байгуулагдсан. Хүнд даацын машин явах зөвшөөрлийг тэднийх олго­дог болсон. Олгодог дүрэм нь НИТХ-аар журам болж бат­лагдаад мөрдөгдөж эхэлсэн.

ЦБЭХ: -БХБ, ШӨХТГ-тай нийт 38 компани гэрээ байгуулж, цемент импортоор оруулж ирэхээр болсон. Компаниудад хоёр гурав, эсвэл 15 машин байгаа. Машинууд нь компанийн нэр дээр бүртгэлтэй байгаа бол зөвшөөрөл өгөх талд хялбаршуулах боломж байна уу. Мөн бидэнд байнга тээвэр хийдэг жолооч нар бий. Тэдэнд хөнгөлөлт үзүүлж, арай гайгүй журам гаргах боломжтой юу?

ЗТЯ-ны АТБХЗГ-ын мэр­­гэжилтэн н.Октябрь: -Хам­тарч ярилцаж байгаагийн ач холбогдол энэ шүү дээ. Төрөөс авто тээврийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн төслөө боловсруулж, Авто тээврийн тухай хуулийг шинэчлэн найруулж байна. Энэ бүхэнд та нарын хэлж байгаа санал үнэтэй хувь нэмэр болно.        

ЦБЭХ: -Монголбанк БХБЯ-тай хамтарч орон сууцны үнэ тогтворжуулах гэрээ байгуулсан. Энэ дагуу бид БХБЯ, ШӨХТГ-тай хамтраад гурвалсан гэрээ байгуулснаар санхүүжилтийг Монголбанк шийдвэрлэнэ. Бид өвлийн улиралд ч гэсэн цементээ боломжоороо агуулахдаа хадгалдаг байсан. Гэтэл энэ жил хөнгөлөлттэй зээл олгоно гэж хүлээлт үүссэн. Тиймээс Монголбанк санхүүжилтээ яаралтай шийдэж өгөөч ээ. Санхүүжүүлэх хөрөнгө бэлэн байгаа юу?

Монголбанкны Мөнгө­ бод­лого судалгааны газ­рын ахлах эдийн засагч Б.Лхагважав: -Гаргах мөнгө нь их учраас бичиг цаасны ажлууд болох гэрээ, журмаа БХБЯ-тай тохирох ажил нэлээн удчихлаа. Арилжааны банкуудтай хийх гэрээ, це­мент, арматур нийлүүлэх журам үндсэндээ бэлэн бол­сон. 800 тэрбум төгрөгийн мор­гейжийн зээл өгнө. Ний­лүүлэлт талаас барилгын материал үйлдвэрлэх, импорт­лоход дэмжлэг үзүүлнэ. Үүний нийлбэр дүн нь бараг 360-370 орчим тэрбум төгрөг ярьж байгаа. БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэбүрэн хоёр өдөр Монголбанкинд ажилласан. Хүүг хэд байлгах вэ гэдэг асуудал үлдээд байсан. Бидний зөвлөлгөөний үеэр хүүгээ зарлачихсан байж магадгүй. Монголбанкны ерөнхийлөгч бидэнд ямар ч байсан даваа гараг гэхэд “галт тэрэг” хөдөлсөн байх ёстой гэж хэлсэн. Зээлээ гаргахдаа арилжааны банкуудыг ялга­варлахгүй гэдэг удирдамж өгсөн. Нэг жилийн гэрээ гэж та бүхэн ярьж байна. Гэхдээ цаашаа 2016 он хүртэл сунгаад яваад байх хөтөлбөр юм. Тиймээс нэг удаагийн ашиг хонжоо гэж харах биш. Эхний нэг жилдээ гэрэний үр дүн тааруухан гарах юм бол Монголбанк хөтөлбөрөөс гарна гэсэн байр суурьтай байгаа. Тэгэхээр тал талаасаа хүчин чармайлт гаргах юм. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар БХБЯ-наас 64 компанийн асуудал оруулж ирсэн. Арилжааны банкуудад зээлийн хороогоор материалаа оруулж, батлуулаад гэрээгээ хийсэн. Зээлийн араас хяналтаа бид Мэргэжлийн хяналтын газартай хамтарч маш нарийн тавьж, ажиллах болно.

ЦБЭХ: -Бид гэрээгээ хийх­дээ зээлийн хүүг 3,8 гэж тохирсон гэж ойлгосон?

Монголбанкны МБСГ-ын ахлах эдийн засагч Б.Лхаг­важав: -Хаанаас ямар байгууллага тийм мэ­дээ­лэл өгснийг мэдэхгүй юм. Эрдэнэбүрэн Төрийн на­рийн бичгийн даргатай Мон­голбанкны ерөнхийлөгч Золжаргал нэлээн сайн ярьсан. Үүнийгээ Ерөнхий сайдтай ярина гэж байсан. 3,8 гэдэг өмнөх мах бэлтгэл гэх мэт хөтөлбөрүүдийн хүү. Түүнээс өөр байх болов уу гэж ойлгож байгаа.

ЦБЭХ: -Борлуулалтын талд БХБЯ бидэнтэй хамтарч ажиллаад, туслаач ээ. Нийслэлд дахин төлөвлөлт хийхээр болсон төсөлд биднийг холбож өгөх боломж байна уу?

БХБЯ-ны Стратеги төлөв­лөлтийн газрын хэлтсийн дарга Г.Мэргэнбаяр: -Монгол Улсын цементийн хэрэглээ 1-1,5 сая тонн байсан. Энэ жил 2,5-3 сая тонн болно гэж ярьж байгаа. Улаанбаатарын 12 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлт хийнэ. Зургаан аймгийн авто замын ажил гэх мэтчилэн маш том бүтээн байгуулалт явагдана. Улаанбаатарт орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа 240 гаруй компанид урилга өгөхөд 100 орчим нь ирсэн. Тэднээс хэчнээн тонн цемент, ямар хэмжээний арматур хэрэгтэй байна вэ гээд тоо хэмжээг нь авсан. Тэдэнд барилга угсралтын ажилд зээл өгөхөөр ярьж байгаа. Өндөр хүүтэй, богино хугацаатай, бизнесийн зээл байна байх. Тэгэхээр цемент, арматурыг авах, эсвэл төсөл рүү зээл болгоод шилжүүлдэг гэх мэт асуудал яригдана. Чанартаа анхаарах хэрэгтэй юм.    

ЦБЭХ: -Цементийн савал­гаа, жин, чанар стандартдаа нийцэж байна уу гэдгийг Мэргэжлийн хяналтын газ­рынхан хэлж өгнө үү. Монгол Улсын тохирлын гэрчилгээтэй хэдэн компани цемент нийлүүлж байна вэ?

Хилийн мэргэжлийн хя­нал­тын албаны орлогч дарга Г.Шүрэнчулуун: -Эрээн хотын цементийн үйлдвэрүүдээс “Тайго” нь Монгол Улсын тохирлын тэмдгийг хэрэглэдэг. 2011 оны дөрөвдүгээр сарын 11-нд хоёр жилийн хугацаатайгаар Монгол Улсын тохирлын тэмдэг хэрэглэх эрх авсан. 2013 оны энэ сарын 11-нд хугацаа нь дуусч байгаа. Энэ талаар бид Эрээн хотын Хорио цээрийн байгууллага, тэдний дэргэдэх Чанар, хорио цээрийн нийгэмлэгт нь хоёр асуудлаар хамтран ажиллах хүсэлт гаргасан. “Тайго” компани тохирлын тэмдэг хэрэглэх хүсэлтээ сунгуулах, үгүй бол дөрөвдүгээр сарын 11-нээс энэ компанийн цементийг хилээр оруулахгүй гэсэн. Мөн сав, баглаа боодол шаард­лага хангахгүй байгаа талаар хөндсөн. Дотроо гялгар ууттай, гадуураа шуудайнд савласан, пургихгүй, ус чийг авч, норохгүй байх шаардлага Эрээний хорио цээрийн байгууллагатай хамтраад “Тайго”, “Мингао” компанид хүргүүлсэн. Бид Эрээний Хорио цээрийн байгууллагатай хамтран энэ хоёр том үйлдвэртэй танилцъя гэж хандаад байгаа. Цемент болгон тохирлын тэмдэг авах шаардлагагүй. Монгол Улсын Стандарчлал хэмжилзүйн газарт өөрсдөө хүсэлтээ тавиад чанар, баталгаажуулалтыг шаардлагыг хангаж байх юм бол олгож байгаа тохирлын тэмдэг юм. Экспортлогч улсын чанарын сертификатыг бид шаарддаг.  
ЦБЭХ: -Замын-Үүд сумын Засаг даргад асуулт тавья. Хүнд даацын авто машины зам барина гэсэн. Энэ зам шаардлагад нийцсэн байх уу. Автомашины дараалалд Замын-Үүдийн Цагдаагийн тасаг хамтарч ажиллах боломжтой юу. Ачилт хийж байгаа талбайг камержуулах боломж байна уу?

Замын-Үүд сумын Засаг даргын орлогч С.Батсайхан: -Шинээр барих хүнд даацын авто замын тендер бусад асуудлыг ярьж байгаа. Энэ нь гэр хорооллын дэргэдүүр, Мянганы замтай зэрэгцэж баригдах юм. Харин нөгөө нь сумын төв дундуур явж, цементийн тээвэр рүү очих замын тендерт “Борхын гол” компани ялж, өнөө маргаашгүй ажилдаа орохоор болсон. Замын-Үүд сумаа камержуулахыг шийдсэн. Зөвлөлгөөнөөс гарсан асуудлыг бид удирдлагын төвшиндөө шийднэ. Цагдаагийн тасгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуулах, уялдаа холбоотой байх чиглэл өгсөн. Оочер дугаарын асуудалд ч гэсэн чиг үүрэг өгөөд байгаа. Өдөр тутмын ажилд нь оролцох боломжгүй учраас холбогдох байгууллагуудын удирдлагын төвшинд асуудлаа ярьж, чиглэл өгөөд ажиллаж байна.

ЦБЭХ: -УБТЗ-ынхан хан­галт­тай мэдээлэл өгсөн. Бид­нийг дэмжиж ажиллаж байгаа учраас хамтарч оролцоно. Нэг компанийн нэр дээр ирж байгаа олон вагоноос ачаа буулгахад хүндрэл гардаг гэсэн. Үүнийг зохион байгуулалтад оруулахад анхаарна уу.

УБТЗ-ын Хөдөлгөөн зохион байгуулалтын алба­ны дарга Л.Батхуяг: -Бид 100 вагон ачуулах уу, 120-150 болгож нэмэх үү гэдэг вагон эргэлтийн хурдан байх бидний хамтын ажил учраас хаа хаанаа анхааръя. Толгойтын өртөөнд өглөөний 04:00, 06:00 цагт вагоноос ачаагаа буулгаад татаад эхэлчихсэн тохиолдол бий учраас асуудал гарахгүй байх гэж бодож байгаа. Төмөр замчид вагон эргэлтээ хурдан болгохын тулд өндөр хариуцлага хүлээж, алдаа гаргахгүй, хариуцсан үүргээ сайн биелүүлнэ.

Ингээд цемент импорт­логчид, бизнес эрхлэгчдийн саналыг дээрх албаны байгуул­лагыг төлөөлөн зөвлөлгөөнд оролцсон хүмүүс сонсоод шийдвэртээ тусгахаар болсон юм. Өмнөх жилийн зөвлөлгөөнөөс оролцогчдын тоо нэмэгдэж, хөндөж буй асуудал ч гэсэн чухал байж, энэ жилийн их бүтээн байгуулалтын ажилд төр хувийн хэвшлийн хамтын ажил нэмэртэй байх талд ийнхүү нэгнийгээ сонсч, зөвлөлдлөө. Ямар ч байсан энэ жил Замын-Үүдийн боомтод ачаа бараа нь олон хоногоор түгжирч, үүнээс болж цементийн үнэ нэмэх, түүнээс шалтгаалан барилгын материалын үнэ өсөхгүй байлгахыг анхааралдаа авлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан