Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Баясгалан: Зайсан, Сонсголонгийн гүүрийг өргөтгөж шинэчилнэ


Нийслэлийн авто замын орлогч дарга Б.Баясгалантай энэ онд баригдах зам барилгын ажлын талаар ярилцлаа.

-Удахгүй хаврын бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Бэлтгэл ажил хэрхэн хангагдсан бэ?
-Зам барилгын компаниудад ажил зогссон хугацаандаа бэлтгэл ажлаа сайн хангахыг даалгасан. Бетон хийц, машин техник, хүн хүчээ бэлэн байлгахыг ч анхааруулсан. Мөн зам барилгын ажил хийгээд эхлэхээр материалын хомсдолд ордог. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс материал үйлдвэрлэгчидтэй гэрээ хийсэн. Ингэхдээ бидэнд ийм материал хэрэгтэй байна. Та нар ингэж нийлүүлээч ээ гэх маягаар хүсэлт явуулсан. Энэ жилийн зам барилгын ажил дөрөвдүгээр сарын 1-нээс  эхэлсэн байна.

-Энэ онд нийт хэдэн километр замыг хэчнээн аж ахуйн нэгж засч тавих вэ?
-Бид 2016 он хүртэл 212 километр замыг шинээр барина. Энэ жил тодорхой замуудыг өргөтгөж шинэчилнэ. Харин материалын үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр зарим материал үйлдвэрлэгчидтэй хамтын ажиллагааны гэрээ хийж байгаа.

-Томоохон ажлуудаас дурдвал?
-Хотын зүүн чиглэлд нэлээд замыг шинэчилнэ. Тухайлбал, “Өгөөмөр” захаас эхлээд Чулуун овоо хүртэлх зам, Зүүн дөрвөн замаас Ботаникийн цэцэрлэг, “Туул жин пан”-гийн уулзвараас “Цайз” зах хүртэлх замыг шинэчилнэ. Мөн Зүүн дөрвөн зам дээр олон түвшиний уулзвар барина.
Энэ уулзварын ажил дараа жил дуусах юм. Түүнчлэн хойд чиглэлийн зуслангийн замыг шинэчилнэ. Тухайлбал, Шарга морьт, Хандгайт. Баруун талдаа Буяны зам, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны зам барилгын ажил. Хамгийн том нь, Шувуун фабрикийн 26 километр зам бий. Он дамжин хийж байгаа барилга угсралтын 10 гаруй ажил байна. Одоохондоо сонгон шалгаруулалт явж байгаа болохоор хэдэн аж ахуйн нэгж ажил гүйцэтгэхийг мэдэхгүй байна.

-Энэ жил бүтээн байгуулалтын ажилд нэлээд хөрөнгө оруулж байгаа. Улс болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтааас гадна гадаадын зээл тусламжаар ямар зам тавих бол?
-Улс, нийслэлээс гадна Хөгжлийн банкны санхүүжилтээр нэлээд ажил хийнэ. Харин БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжийг засах юм. Энэ нь, ШУТИС-ийн уулзвараас Хятадын Элчин сайдын яам, Чингис зочид буудлын арын зам хүртэлх хэсэг багтах бөгөөд Сэлбэ голын гүүрийг засч тохижуулна. Бусад зээл тусламжаар баригдах замууд одоогоор тодорхойгүй байна. Засгийн газраас батлах ёстой.

-Тэгвэл гүүрийн тухайд?
-Зайсан, Сонсголонгийн гүү­рийг өргөтгөнө.

-Жил бүр л зам барилгын компаниудыг чанаргүй зам барилаа гэж шүүм­жилдэг. Шинээр тавих, засах замд хяналт хэрхэн тавьж ажиллах вэ?
-Хяналтын системийг анхнаас нь норм дүрмийн дагуу л хийнэ. Харин замын чанарыг дээшлүүлэх талаар инженерүүддээ сургалт явуулж байна. Цаашдаа гадаадын замын хяналтад тавьж буй туршлага механизмуудыг нэвтрүүлэхээр  ажиллана. Замын чанарт хяналт, гүйцэтгэгч хоёрын аль алиных нь оролцоо чухал. Бид энэ жилээс аж ахуйн нэгжүүдийг лаборатортой бол гэсэн шаардлага тавьсан. Учир нь, аж ахуйн нэгжүүд лаборатортоо зам барих ажлынхаа орц, норм чанар стандартыг харах юм. Үүнээс гадна замын эдэлгээг уртасгахад арчилгааг сайн хийх хэрэгтэй.

-Гүйцэтгэгч компаниуд гэрээнд заасан хугацаандаа замаа хүлээлгэж өгдөггүй. Үүнд, ямар арга хэмжээ авах вэ?
-Замыг ашиглалтад оруулах хугацаа олон зүйлээс шалтгаалдаг. Гүйцэтгэгч компаниуд тэдэн сарын тэдэнд замаа өгнө гээд хэлчихдэг. Гэтэл тухайн зам тавих, засах хугацаанд инженерийн шугам сүлжээ, газар чөлөөлөх гээд маш олон бэрхшээл тулгардаг. Хот хөдөөд зам барих шал өөр. Хотод зам барихад олон асуудал нөлөөлдөг учраас хугацаа алддаг.
Хамгийн наад замын жишээ нь, Доржийн гудамжинд газар чөлөөлөх 128 объект байна. Зам барина гээд ухангуут баахан хувийн цахилгаан, дулааны шугам сүлжээ гарч ирдэг. Ус сувгийн удирдах газар, Эрчим хүчнийхэн болохоор зайлуулж чадахгүй, зардал алга гээд гэдийчихнэ. Энэ мэт асуудлаас болж замын ажил удааширдаг.

-Авто зам дагуу гэрэлтүүлэг хэд хоноод л асахгүй болдог. Энэ байдлыг яах вэ?
-Ийм асуудал байгааг хүлээн зөвшөөрнө. Бид удаан асдаг, эдэлгээ даах чадвартай, манай нөхцөлд тохирсон гэрэл ашиглахыг зорьж байна. Зураг төсөлдөө ч оруулсан байгаа.

0 Сэтгэгдэл
Шал худлаа юм яриад ярьж байхаар ажлаа эхлээч 4 сар гарчихлаа
Хамгийн их уншсан