Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэсийн олборлолт, үнэ өснө гэж ”зөгнөв”

Аливаа ашигт малтмалын үнэ өсөх тусам түүний олборлолт нэмэгддэг нь зах зээлийн жам. Сүүлийн жилүүдэд зэсийн үнэ тонн нь 10 мянга орчим ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон. Өнөөдөр үнэ ханш нь бага зэрэг унасан ч Лондонгийн металлын бирж дээр нэг тонн цэвэр зэсийн үнэ 7500 ам.доллар байгаа. Үнийн энэ өсөлт 2005, 2006 оноос эхлэлтэй. Тухайн үед нэг тонн зэс дөрөв, таван мянган ам.долларт хүрч нэмэгдэж эхэлжээ. Чухам энэ үеэс л уг металлын олборлолт өсөх хандлагатай болсон аж. Ингээд дэлхийн зэсийн олборлолт гурван жилийн өмнө 3.2 тонноор өссөн байна. Үүгээр ч зогссонгүй.
Эдүгээ дэлхий нийтэд зэсийн уурхай олноор нээгдэх болсон. Тухайлбал, сүүлийн арван жилд дэлхийд зэсийн чамгүй нөөцтэй 42 уурхай нээгдсэн аж. Ирэх хоёр, гурван жилд 32 зэсийн уурхай өргөтгөл хийнэ.

Мөн 22 уурхай шинээр нээгдэх шатандаа яваа. Ингээд бодохоор дэлхийн зэсийн олборлолт 2015 онд жилд 2.5 сая тонноор нэмэгдэх тооцоо гарчээ.   
Оюу толгойн нөөц 27 сая тонноор нэмэгдэх магадлалтай  

Шинээр нээгдэх уурхай­нуудад нөөц, хүдэр дэх зэсийн агуулга, үйлдвэрлэлийн хүчин чадлаараа толгой цохиж байгаа нь манай Оюу толгой аж. Судлаачид тус ордод ашиглах боломжтой 1.4 тэрбум тонн хүдрийн нөөц батлагдсан гэдэг. Энэ нөөцийн нэг тонн хүдэрт 0.91 хувийн агуулгатай зэс, 0.37 грамм алт бий гэж тогтоосон билээ. Ингээд жилд 544 мянга орчим тонн цэвэр зэс гарах баяжмал, 650 мянган унци алт, гурван сая тонн мөнгө олборлоно гэж тооцсон юм.  Үүнээс гадна тус ордын  нөөц нэмэгдэх боломжтой гэдэг. Учир нь, тус ордын Хюго-гийн  хэсгийн хойд талд 27 сая тонн хүдрийн нөөц байж болох магадлал өндөр аж. Энэ хэсэгт нэг тонн хүдэрт 1.85 хувийн зэсийн агууламжтай 0.72 грамм алттай нөөц илрэх боломж байна. Ил уурхайн олборлолт нь ирэх зургадугаар сар гэхэд жигдэрч, баяжуулах үйлдвэрээ хүдрээр таслахгүй ажиллах нь. Харин Оюу толгойн баяжуулах үйлдвэр өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Цаашид далд уурхай ашиглалтад орохоор хүчин чадлаа 60 мянган тонноор өргөтгөх төлөвлөгөө аль хэдийнэ гарсан.

Удаад нь, Перу улсын Las Bambas орд нөөц, хүдэр дэх зэсийн агуулгаараа орж байна. Энэ ордыг ил аргаар ашиглах бөгөөд ирэх жил үйл ажиллагаа нь эхэлнэ. Нэг тонн хүдэр дэх зэсийн агуулга нь 0.61 хувь.  Нийт  9.4  сая тонн цэвэр зэс олборлоно хэмээн тооцжээ. Үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 400 мянга орчим тонн цэвэр зэс гаргах нь. Дараа нь, Чили улсын Esperanza орд удаална. Мөн л ил уурхай, ашиглалтад ороод хоёр жил болсон байна. Жилд 191 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ. Энэ онд Афганистаны Aynak уурхай ашиглалтад орно. Тус ордыг ил ба далд аргаар ашиглах юм. Нэг тонн хүдэр дэх зэсийн агуулга нь өндөр боловч нөөц нь бага. Тухайлбал,  705 сая тонн хүдрийн нөөцтэй ч 1.56 хувийн зэсийн агуулгатай аж. Иймд нийт 10 сая тонн зэс олборлох бөгөөд жилд 180 мянган тонныг гаргах нь.


Зэсийн дундаж үнэ 8853 ам.доллар байна

Өнөөдөр дэлхийн зэсийн хэрэглээний 46 хувийг Латин Америк, 30 хувийг Ази, 10 хувийг Хойд америк, долоон хувийг Африк, дөрвөн хувийг Европын улс орнууд хангаж буй. Хэдийгээр олборлолт нь нэмэгдсэн ч, энэ онд үнэ ханш нь төдийлэн унахгүй гэсэн нааштай мэдээг  металлын зах зээлийн шинжээчид  гаргасан байдаг.  Тухайлбал, Focus хэмээх төв APEX буюу Metal Bulletin-ий үнийн магадлал гаргадаг байгууллагатай хамтарч зэсийн үнийн хэтийн төлвийг тодорхойлжээ. Үүнд дурдсанаар энэ онд нэг тонн цэвэр зэсийн дундаж үнэ 8853 ам.доллар байх нь. Харин доод тал нь 7333 ам.доллар болж, 11187 ам.долларт хүрвэл дээд амжилт тогтоох таамаг дэвшүүлсэн байна.

Дэлхийн эдийн засаг 2008 онд хямрахад зэсийн үнэ унасан. Харин дараа жилээс нь сэргэж эхлэхэд дахин өссөн удаатай. Тухайн үед үнэ өсөхөд Шанхайн биржид худалдаалж буй зэсийн нөөц 21 хувиар буурч, 546 мянган тонн болж байжээ. Эдүгээ металлын биржүүдийн нөөц хэвийн байгаа аж. Гэхдээ дэлхийн эдийн засгийн байдал тогтворжиж сэргэхэд үнэ өсөх магадлал бий хэмээн тооцож байгаа юм. Зэсийн хэрэглээгээр Хятад дэлхийд тэргүүлдэг.  Гэвч сүүлийн жилүүдэд  хэрэглээ нь буурчээ. Жишээлбэл, дэлхийн эдийн засаг ид бужигнаж байсан 2010 онд 7.4 сая  тонн цэвэр зэс ашигласан аж. Гэтэл дараа жилээс нь хямралын нөлөөгөөр буурч 6.9 сая тонн руу орж ирсэн байдаг. Иймд эдийн засаг сэргэвэл зэсийн эрэлт хэрэглээ нэмэгдэж, үнэ өсөх нэг магадлал гарч буй юм.  Зарим судалгаагаар энэ онд дэлхийн хэмжээнд 17.5 сая тонн зэс олборлох тооцоо бий. Харин дундаж үнэ нь 7700 ам.доллар байх нь. Үүнээс гадна 2015 онд дэлхийд 18.3 сая тонныг олборлох тө­лөвтэй. Нэг тонных нь дундаж үнэ 8800 ам.долларт хүрэх таамаг гарчээ. Энэ бүг­дээс үзэхэд, зэсийн үнэ ирэх жилүүдэд өндөр байж монголчуудад аз гийх нь. Гэвч зах зээлийн үнэ гэдэг эрэлт, нийлүүлэлтийн харьцаанаас тогтох нь дамжиггүй. Дээр нь, дэлхийн эдийн засаг, улс төрийн байдал ч нөлөөлөх нь тодорхой. Тэгэхээр ашигт малтмалын өндөр үнэд найдна гэдэг өрөөсгөл зүйл. Иймд эдийн засагч, судлаачид ашигт малтмалаас олох орлогоо зөв, сахилга баттай, гамнаж ашиг­лахыг анхааруулж ирсэн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан