Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх нь ЖДҮ-ийг дэмжиж буй том бэлэг гэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцан, Бизнес инкубатор төвд зочиллоо. Хамгийн анхны зочилсон газар нь жинсэн хувцас үйлдвэрлэлийн “Денимон” ХХК байв. АНУ-д сурч, ажиллаж байсан эгч дүү Д.Тунгалаг, Д.Соронзонболд нар нийлж 2009 онд Денимон ХХК-ийг байгуулжээ. Хан-Уул дүүрэгт байрлах тус үйлдвэр “Urban Jeans” хэмээх Монгол брэндийг “Go Mongolia Go” уриатайгаар үйлдвэрлэн гаргаж буй аж. 2011 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 200 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч үйл ажиллагаагаа өргөтгөснөөр одоогийн байдлаар 18-23 хүнийг түр болон байнгын ажлын байраар ханган ажиллах болжээ. Анх үйлдвэрлэлээ эхлүүлэхдээ БНХАУ-аас материалаа татсан ч чанар тааруу монголчуудын хэрэглээг хангахгүй байсан тул БНСУ-аас түүхий эдээ авдаг болсон аж. Ингэснээр бүтээгдэхүүний чанар сайжирч, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн чанартай бүтээгдэхүүн гаргадаг болжээ. Мөн үйлдвэрийнхэн Монгол хүний биеийн онцлогт таарсан стандарт хэмжээг сайн мэддэг болсон учир хасуулж, тануулахгүйгээр таарах урттай өмднүүдийг үйлдвэрлэдэг болсон гэж компанийг үүсгэн байгуулагчид Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нарт танилцуулж байлаа.
Үүний дараагаар зочилсон үйлдвэр бол байгалийн чулуун хийц, тавилгын үйлдвэрлэлийн “Стоункрафт” ХХК юм. Тус компанийг 2005 онд ах дүү Б.Баатархүү, Б.Баярхүү нар хамтран АНУ-ын Виржини мужид байгуулж байжээ. Анх тавилга үйлдвэрлэж байсан бол эх орондоо ирээд гурван жилийн өмнөөс чулууны үйлдвэрлэлээр үйлдвэрээ өргөжүүлэх зорилго тавьж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 350 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь үр шимээ өгчээ. Одоогоор 27 ажилтантай тус үйлдвэр нь Бразил, Америк, Итали, Испани, Хятадын байгалийн цэвэр чулуугаар байгууллага, айл гэрийн тавилгыг гоёмсог загвар, өнгө үзэмжтэйгээр хийж өгдөг байна. 1500 ам.метр талбай бүхий үйлдвэрийн байртай, итали технологийн бүрэн автомат ажиллагаатай тоног төхөөрөмжөөр хангагдсан. Номинконстракшны River garden хотхоны тохижилт, Kitchen All тавилгын компанийн чулуун тавцангуудыг хийж гүйцэтгэсэн байна. Тус компанийн ерөнхий захирал Б.Баатархүү “Дүү бид хоёр Америкт олон жил энэ чиглэлээр ажилласан болохоор багагүй туршлага хуримтлуулсан. Гэвч гадаадад олон жил болоод нутагтаа эргэж ирсэн эхний хэдэн жил хөлөө олоход хэцүү амаргүй байсан. Төр засгаас гадаадад олон жил ажилласан, тухайн чиглэлээрээ мэргэшээд ирж буй иргэдээ үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжиж ажиллаасай гэж боддог. Үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор төрөөс зарим тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлж байгаа нь бизнес эрхлэгчдэд ихээхэн дэм үзүүлж байна. Тиймээс энэ бодлогоо цаашид ч үргэлжлүүлэх шаардлагатай. Сайн технологитой байж, сайн бүтээгдэхүүн хийнэ” гэлээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар дээрх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараагаар Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцан, зарим үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг сонирхож, бизнес эрхлэгчидтэй уулзаж ярилцсан юм.
Өнгөрсөн хугацаанд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас ЖДҮ-ийг дэмжих, Үйдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд шинэ техник тоног төхөөрөмж худалдан авах, Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үндсэн хөрөнгийн зээл, Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, Шинэ ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 286.27 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Үүнээс 2011 онд хамгийн их буюу 175.9 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 2012 онд 28.9 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Харин Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Аймаг дүүргийн ЖДҮ-ийг дэмжих санг 3 тэрбум, Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын эх үүсвэрийг 500 тэрбумаас доошгүй байлгахаар тусгаад байгаа аж. ЖДҮХС-аас орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийн хүрээнд 10427 төсөл хэрэгжүүлж, 417 тэрбум гаруй төгрөгийн зээл олгосоны дүнд нийтдээ 31646 ажлын байр шинээр бий болсон юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан