Өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногт хонины ястай нэг кг мах дунджаар 7743 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 8500 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна.
Харин энэ долоо хоногийн ажиглалтаар “Хүчит Шонхор” хүнсний захад үхрийн мах хамгийн хямд буюу 7500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар буюу 57 төгрөг, хонины цул махны үнэ 1.1 хувиар буюу 83 төгрөгөөр буурчээ. Хонины махны хувь ч мөн адил хамгийн хямд үнийг “Хүчит шонхор” захын худалдаачид тогтоож 6900 төгрөгөөр борлуулж байсан бол “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр нэг кг махыг худалдаалж байна. Харин гурилын үнэ өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт дээд зэрэг нь 930-1050 төгрөг, 1-р зэргийнх 600-800 төгрөг, 2-р зэргийнх 500-600 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 930-1000 төгрөгний үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 930 төгрөг, 1-р зэргийн гурил 650 төгрөг, 2-р зэргийн гурил 500 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
“Атар” талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 775-920 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Бөмбөгөр” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 775 төгрөгөөр, харин “Макс” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 920 төгрөгөөр худалдаалж байна.