Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх байсан ч зарим зүйл заалт нь түүхий гэж үзсэн учир сайтар судалж, “шүүсийг” нь шахахыг Ерөнхийлөгч үүрэг болгосон билээ. Тус хуульд бичил уурхайчдын талаар хэрхэн тусгаж буй талаар Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хууль боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Мөнхтуяагаас тодрууллаа.
-Бичил уурхайчдад зориулсан заалт хуульд оруулах биш бүр тусгайлан хуультай болно гэв үү?
-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын эхний зарчмаар бичил уурхай өөртөө тохирсон хуультай байх ёстой гэж үзсэн. Энэ нь энгийн тусгай зөвшөөрлөө аваад олборлолтоо явуулж буй уурхайгаас эрс ялгаатай байх ёстой. Оролцож буй иргэд, хэрэглэж байгаа техник нь ямар байхаас шалтгаалан өөр байхгүй бол бичил уурхайчдад зориулсан тусгай хууль гаргах зарчим нь алдагдах юм.
-Уул уурхай хөгжсөн орнуудад бичил уурхай маш сайн зохион байгуулалтад орсон байдаг. Харин манай уул уурхай Австрали, Канадын 1950-иад оны үеийн хөгжилтэй адил төвшинд байна гэж зарим хүн хэлдэг.
-Австрали, Канадтай харьцуулахад манай бичил уурхайчдын хөгжил хоцрогдсон нь үнэн л дээ. Нийгмийн харилцаанд бичил уурхайчдыг зохицуулахаас өөр арга байхгүй. 2004-2005 оноос хойш энэ талаар ярьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, төр тэднээс татвар авч чадахгүйгээс хойш зохион байгуулалтад оруулах нь хамгийн зөв алхам юм. Хуулийн гадуур хяналт захиргаагүй явж байгаа иргэдийг их бага хэмжээгээр зохицуулах оролдлого гэсэн үг. Үүнийг шинэ хуультай харьцуулаад хэлэхэд бичил уурхайд нөхөрлөлөө байгуулаад, татвараа төлөөд явж байгаа уурхайнуудыг хаахгүй. Бичил уурхайн зохион байгуулалтад орохгүйгээр иргэд аливаа тусгай зөвшөөрөл ашигт малтмалыг газрын хэвлийгээс салгасан, олборлосон, дамжуулан худалдан борлуулбал эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн заалт орж байгаа.