Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж, хуулийн төсөл боловсруулжээ. Засгийн газраас оруулж ирж буй уг хуулийн төслийг УИХ-ын дэд дарга М.Энхболдод Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өчигдөр өргөн барилаа. Хуулийн төслийн талаар түүнээс тодруулсан юм.
-Хуульд өөрчлөлт оруулах ямар нөхцөл шаардлага үүсэв. Тухайлбал, ямар өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлдөө тусгасан бэ?
-Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн баталсан. Хууль гарсан цагаас хойш гадаадын хөрөнгө оруулагч болон олон улсын байгууллагаас маш олон шүүмжлэл гарсан. Монгол Улсад гадаад хөрөнгө оруулалтын орчин тааламжгүй болж байгаа. Энэ урсгал нь илүү эсрэг тал руугаа явах магадлал ажиглагдаж байна. Тиймээс Засгийн газар энэ хуулийг хэлэлцээд хөрөнгө оруулалтыг хэвийн болгох, цаашид нэмэгдүүлэх зорилгоор хүмүүсийн хүсэн хүлээгээд байгаа хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулахаар боллоо. Уг хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах бөгөөд тухайн үед оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс давах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл 100 тэрбум төгрөг нь уул уурхай, банк санхүүгийн салбарт томоохон босго болж чадахгүй байгаагаас жижиг, дунд хэмжээний хөрөнгө оруулалт, бизнес хэлцэл бүрийг УИХ-аар шийдвэрлэхээр болж байна. Энэ хүрээнд Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 7-ний хуралдаанаар хуульд заасан 100 тэрбум төгрөгийн босгыг эргэн харж, улмаар зөвхөн төрийн өмчит компанитай холбоотой хэлцлийг УИХ-аар шийдвэрлэж байх боломжийг харгалзан дахин хуулийн төсөл боловсруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Тиймээс энэ хуулийн төслийг УИХ хэлэлцээд баталвал Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа гадаадын хуулийн этгээд 49-ээс дээш хувь эзэмшихээр хөрөнгө оруулж байгаа тохиолдолд зөвхөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн холбогдох хэлцлийг шийдвэрлэнэ. Мөн Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс ойрын үед хэлэлцээд хөрөнгө оруулалтын орчинг таатай болгох чиглэлээр томоохон хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Эдгээр хууль батлагдсанаар Монгол Улсын хөрөнгө оруулалттай холбоотой орчин нөхцөл өмнөхөөсөө харьцангуй дээрдэж, сайжирна. Нөгөөтэйгүүр гадаадаас хөрөнгийн урсгал орж ирэх юм.
-Хөрөнгө оруулагчид Монголоос татгалзаж байна гэсэн яриа бий. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад болон бусад судалгаанаас харахад тийм зүйл ажиглагдаж байгаа нь үнэн. Энэ нь янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалсан байх. Үүнээс гадна олон улсын байгууллага, санхүүгийн корпорац, Валютын сан, Дэлхийн банк, хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй Засгийн газрын зүгээс байнга уулзаж, санал бодлыг нь сонсож байгаа. Энэ хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулахгүй бол хүнд байдалд орж болзошгүй. Тиймээс Засгийн газар үүнд хариу үзүүлсэн арга хэмжээ авч байна. Ер нь, дэлхийн олон улс оронд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах ийм төрлийн хууль эрхзүйн орчин байдаг. Зарим улс орон тухайн стратегийн салбарт чухам ямар үйл ажиллагаанууд хамаарч байгааг холбогдох хуульдаа тодорхой тусгасан байна. Зарим зохицуулалтыг энэ байдлаар хийхгүй бол хүмүүст маш олон асуулт болж үлдэнэ. Эсвэл тодорхойгүй нөхцөл байдал үүсэх учраас хууль эрхзүйн орчноо сайжруулахаар ажиллаж байгаа юм.