Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.АМАР: МӨНГӨНИЙ БОДЛОГО, УЛСЫН ТӨСӨВ УЯЛДАХГҮЙ БОЛ ИНФЛЯЦ БУУРАХГҮЙ


Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амартай инфляцын өнөөгийн төвшин түүнийг хэрхэн бууруулах, өсгөхгүй байх арга замын талаар ярилцлаа.

-Инфляц 11.3 хувь болж буурлаа. Үүнд юу нөлөөлөв?
-Инфляц буурахад мөнгөний бодлогийг 2011 оноос чангалж ирсний нөлөөлөл гарч ирж байна. Мөн манай улсын эдийн засгийн өсөлтийн хурд өнгөрсөн оны эцэст нэлээд саарсан. Үүнд, нүүрсний экспорт Хятадын эдийн засгийн байдалтай холбоотойгоор доголдсон нь нөлөөлсөн юм. Энэ нь, хэдэн сарын дараа инфляц буурахад бас түлхэц боллоо гэж үзэж байна.

-Цаашид инфляц бол. Ямар шинж тэмдэг ажиглагдаж байна вэ?
-Төсөв болон мөнгөний бодлогоос инфляц шууд шалтгаалдаг. Энэ жил төсвийн орлого их өөдрөгөөр төлөвлөгдсөн. Гэвч зарлага нь нэлээд тэлэх шинжтэй байгаа. Эл бодлого тэр чигээрээ үргэлжилбэл инфляц яваандаа өсөх хандлагатай байх болов уу гэж харж байна даа.  

-Монголбанк энэ оны эцэс гэхэд инфляцыг нэг оронтой тоонд бүр найман хувьд оруулна гэж байгаа. Ийм боломж бий юү?
-Боломж бол бий. Ухаалаг төсөв, мөнгөний бодлогоо уялдуулж  чадвал тэр төвшинд хүрэх боломж харагдаж байгаа. Хамгийн гол нь, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогоос л шалтгаална. Энэ оны эхнээс Монголбанк мөнгөний хатуу бодлогоо султгаж эхэллээ. Бодлогын хүүгээ цаашид огцом буулгавал инфляцыг нэг оронтой тоонд оруулах эсэх нь эргэлзээтэй гэж бодож байна.
Гэхдээ улсын төсвийн бодлого ямар байхаас инфляц шууд хамаарна. Ялангуяа, манай эдийн засагт төсвийн эзлэх хувь хэмжээ нэлээд өндөр болсон. Тэгэхээр улсын төсвийн бодлого ямар байхаас нийт эдийн засаг шууд хамаарах юм. Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтыг тооцвол төсвийн эдийн засагт эзлэх хувь ДНБ-ий 47 хувьд хүрсэн байна лээ. Одоо 1.5 тэрбум ам.долларын бондын хөрөнгө байна. Энэ онд уг  мөнгөний хэдэн хувийг зарцуулах вэ гэдэг нь асуудал. Дээрх мөнгөнөөс улсын төсвөөс гадуур Хөгжлийн банкаар дамжуулж хөрөнгө оруулалт хийнэ гэж байгаа. Бид ч бас ийм ойлголттой байна. Тэгэхээр энэ бондоос хэдий хэмжээгээр хөрөнгө оруулалт хийхээс инфляц ямар байх нь бас шалтгаална.

-Зарим эдийн засагч манай улсад мөнгөний нийлүүлэлт их байна гэдэг. Нөгөө хэсэг нь бага гэдэг. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлт ямар төвшинд байна. Инфляцад хэрхэн нөлөөлж байгаа юм бол?
-Би 2011 оноос мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж ирсэн гэж дурдсан. Энэ  бодлогын нөлөөгөөр эдийн засаг дахь мөнгө нэлээд буурсан л даа. Тухайн үед манай мөнгөний нийлүүлэлт жилийн дунджаар 59.9 хувь буюу бараг 60 хувь байсан. Тэгээд өнгөрсөн онд 20 хувь болж буурсан юм. Үүний нөлөөгөөр арилжааны банкуудын олгож буй зээл бас л багассан. Тухайлбал, зээл олгож байгаа өсөлт нь 54 хувиас 24 хувь болсон. Мөнгөний бодлого нь түүний нийлүүлэлтийг хянаж байгаа арга хэрэгсэл. Төв банк бодлогын хүүгээ өсгөх нь эдийн засаг дахь мөнгийг өөр дээрээ татаж авч байна гэсэн үг. Зах зээл дээрх мөнгийг татаж авна гэдэг нь эрэлтийг хязгаарлаж өгч байгаа явдал. Хүмүүсийн гар дээр мөнгө байгаад байвал эрэлт өснө гэсэн үг шүү дээ. Тэр мөнгийг нь татаж аваад эрэлтийг хязгаарлаж, инфляцыг бууруу­лах механизмаар явж ирсэн.
-Монголбанк хүүний коридор нэвтрүүлэх болсон. Ямар үр ашигтай юм бол?
-Энэ бол банк хоорондын хүүг бодлогын хүү рүү ойртуулах зорилготой арга хэмжээ. Банк хоорондын зээллэг муу байгаа болохоор хүчээр өөд нь татаж гаргаж ирэх бодлого л доо.

-Засгийн газар, Монголбанк хамтарч өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд инфляц буурч чадах болов уу?
-Дөрвөн чиглэлд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Зарим нь тодорхой үр нөлөөгөө үзүүлэх боломж харагддаг. Гэхдээ энэ нь төв банкнаас илүү Засгийн газрын авч хэрэгжүүлэх ёстой хөтөлбөрүүд юм. Тэгэхээр төв банкны эрхлэх хүрээнээс арай өөр чиглэлд явж байгаа юм шиг л харагдаж байна л даа.

-Эдийн засагчид  Засгийн газраас инфляц бууруулах талаар доривтой арга хэмжээ авч ирээгүй гэдэг. Харин ч бэлэн мөнгө тарааж хөөрөгдсөн гэж шүүмжилдэг шүү дээ?
-Мөнгөний бодлого, сангийн бодлого хоорондоо уялдаатай явж байж л иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг, ялангуяа, нийгмийн эмзэг хэсэгт хамгийн хүндээр тусдаг инфляцыг хазаарлах боломжтой харагддаг. Энэ уялдааг нь хангаж чадахгүй нэг нь популист бодлого хэрэгжүүлж, нөгөөх нь түүнийг нь хязгаарлах гэж хичээх байдлаар явбал хүндэрлүүд үүсэх нь тодорхой биз дээ.

-Тэгэхээр цаашид инфляцыг өсгөхгүйн тулд ямар арга хэмжээ авах зохилтой вэ?
-Инфляцыг бууруулахын тулд олон улсад тогтсон дэг журмын дагуу ерөнхийдөө эрэлт талыг нь хязгаарлах бодлого баримталж ирсэн. Энэ нь, эдийн засгийн өөрийнх нь чадавхи гэдэг ойлголт руу орж байна л даа. Өөрөөр хэлбэл, хүчин чадлаасаа давсан төсвийн зарлагатай гэсэн үг. Эдийн засгийн тогтвортой өсөлтийн хувь гэж байдаг. Энэ нь, юунд үндэслэж гарах вэ гэхээр тухайн улс оронд байгаа капитал, дэд бүтцийн хэмжээ, хүн ам, ажиллах хүчний чадвахид тулгуурлаж тооцдог. Манай улсын эдийн засаг 2011 онд 17.5 хувиар өслөө. Өнгөрсөн онд 12.3 хувь болсон. Жишээлбэл, хоёр, гурав, дөрвөн жил дараалаад 17 хувиар өслөө гэж бодоход манай эдийн засаг  өндөр өсөлтийг даахгүй. Үүний нөлөөлөл нь хий хоосон зарлага, үнийн хөөрөгдлөөр гарч ирдэг. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийн гол чиглүүлэгч болоод буй төсөв, төсвийн орлогыг хязгаарлаж өгөх хэрэгтэй. Тухайлбал, илүү орлогоо шууд зарцуулахгүйгээр хадгалах ёстой. Ингэж байж урт хугацаандаа “Голланд өвчин”, “Баялгийн хараал” гэсэн үзэгдлээс сэргийлэх, ирээдүй хойчдоо хөрөнгө оруулалт хийх учиртай. “Голланд өвчин”, “Баялгийн хараал”-ын гол шинж нь өнөөдрийн өндөр инфляц шүү дээ. Тэгэхээр уул уурхайгаас орж ирж байгаа гэнэтийн их орлогоос дотоодын эдийн засагтаа оруулахгүйгээр гадаадад хуримтлуулан ашиглах нь манай улсын хамгийн чухал бодлого, арга хэмжээ болоод байна. Гол арга хэрэгсэл нь “Баялгийг өвлүүлэх сан”-г байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, нэврүүлэх Норвеги, Чили зэрэг олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх явдал болоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан