Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубийн гишүүд “Хөгжлийн үндэс” нэртэй уулзалт ярилцлагын анхны зочноор Сангийн сайд Ч.Улааныг урьсан юм. Түүнтэй “Баялгийн сан” хэрхэн байгуулах, удирдлага зохион байгуулалтын талаар ярилцлаа. Ингээд Сангийн сайд Ч.Улаан сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсаныг дор сийрүүлье.
-Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар илт давамгайлж байна. Иймд “Баялгийн сан” байгуулах тухай ярих болсон. Энэ талын хурал зөвлөлгөөн саяхан боллоо. Тэр талаар тодруулж өгнө үү?
-Монгол Улс байгалийн баялгийн нөөц ихтэй. Эдийн засгаа түргэн хугацаанд өсгөж, хөгжүүлэх хүсэл эрмэлзэл монголчуудад байна. Үүний тулд байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд зөв оруулах шаардлагатай. Дэлхий нийтийн туршлагаас үзэхэд ашигт малтмал ихтэй улс орон болгон хөгжиж дэвжиж чадаагүй байдаг. Ийм учраас дэлхийд “Ашигт малтмалын хараал”,“Голланд өвчин” гэдэг эдийн засгийн үзэгдэл гарсан. Энэ бол байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахтай уялдаж гардаг сөрөг үр дагавар. Ашигт малтмалаа олборлож, борлуулахад их хэмжээний орлого нэг дор орж ирэх нь мэдээж. Энэ орлогоо яаж ухаалаг, зөв зарцуулах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Олсныхоо хэрээр зарж үрвэл “Голланд өвчин”, “Ашигт малтмалын хараал” гэдэгт нь хүссэн, хүсээгүй ч хөтлөгдөж очно. Байгалийн баялаг их онцлогтой. Нэгд, шавхагддаг, хоёрт, ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд тогтвортой байдаггүй. Учир нь, хэрэглээ, улс төр, эдийн засгийн байдлаас шалтгаалж, үнийн савалгаа их гардаг. Тэгэхээр уул уурхайгаас хэт хамааралтай болбол тогтвортой бус байдалд хүрнэ. Тогтворгүй байна гэдэг эдийн засгийг сүйрүүлэх аюултай. Өнөөдөр элбэг хангалуун байх боловч, маргааш зарлагаа даахгүй эдийн засаг хямарч, нийгмийг хямарсан сөрөг үр дагавар гарч болзошгүй гашуун сургамж олон бий. Үүнд, дүгнэлт хийгээд байгалийн баялгаа хэрхэн ухаалгаар ашиглах, яаж зарцуулах, удирдах вэ гэдгээ одооноос бодох хэрэгтэй.
-Таны дээр хэлсэн “Голланд өвчин”, “Ашигт малтмалын хараал” өнөөдөр манай эдийн засагт илэрч байна гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Манайд “Голланд өвчин” орж ирсэн үү, “Ашигт малтмалын хараал” бидэнд хүрэх үү, үгүй юү гээд л ярьж байна. Хэрэв ухаалаг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол аль аль нь бидэнд хүрч ирнэ. Тойрч гарахгүй. Сэргийлэх учиртай. Бидэнд урьдын гашуун сургамж бий. Тодорхой илэрлүүд ч харагдаж байгаа. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд 2004-2006 онд боломжийн байсан. Тэр үед “Үүлэн чөлөөний нар туслаа” гэж ярьдаг байсан. Төсвийн орлого, зарлага овоо нэмэгдсэн. Эдийн засгийн хуримтлалтай болох анхны оролдлого хийсэн. Тухайлбал, Ашигт малтмалын үнийн гэнэтийн өсөлтийн албан татвар бий болгож, “Монгол Улсыг хөгжүүлэх сан” бүрдүүлсэн. Ингээд энэ санд чамгүй төгрөг хуримтлууллаа. Гэвч дараа энэ сангаа бид хадгалж, арвижуулж авч явж чадаагүй. Хэрэглээд дуусгачихсан. Гэтэл 2008, 2009 онд түүхий эдийн үнэ унаад эдийн засаг маань хямарч маш хүнд байдалд орсон. Ийм л гашуун сургамжийг бид туулсан улс шүү дээ. Энэ байдалдаа дүгнэлт хийгээд одоо байгалийн баялгаа эргэлтэд оруулъя. Гэхдээ эдийн засгаа тогтвортой хөгжих бололцоог хангаж өгье гэсэн зорилго тавьж байгаа юм. Хоёрдугаарт, байгалийн баялаг бидний хүсэл зоригоос үл хамаарч бий болсон өвөг, дээдэс, бурхан тэнгэрээс заяасан хишиг. Тэгэхээр өнөөдөр бүгдийг нь ашиглаад дуусгана гэж хандаж болохгүй. Өвөг дээдэс маань гар хүрэлгүй бүрэн бүтнээр нь бидэнд үлдээсэнд талархах ёстой. Яагаад гэвэл, Монголын ард түмний өнөөгийн, ирээдүйн, ач үрсийн маань баялаг юм. Энэ үүднээс Баялгийн сан байгуулах асуудлыг гаргаж тавьсан юм. Энэ сан бол эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангана. Мөн монголчуудын хойч ирээдүй баялгийнхаа хувь хишгийг хүртэнэ.
-“Баялгийн сан”-гаа яаж ашиглах юм бол. Одоо байгаа “Хүний хөгжлийн сан”, “Тогтворжуулалтын сан”-гаас ямар ялгаатай вэ?
-Энэ сан байгалийн баялгийн орлогоос бүрдэнэ. Өнөөгийн хууль эрх зүйн зохицуулалтаар тодорхой хэмжээний алхмууд хийгдсэн. Байгалийн нөөц ашигласны албан татварын тодорхой хувь хэмжээ, уул уурхайн үйлдвэрлэлийн ногдол ашгаас орлогыг нь бүрдүүлнэ. “Баялгийн сан” шууд байгуулагдахгүй. Нэлээд судалгаа дүгнэлт хийж, одоо байгаа сангуудаа цэгцлэх ёстой. Төсвийн хуульд “Засгийн газрын тусгай зориулалтын сангууд улсын төсвийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн” гэсэн заалт бий. Өнөөдөр улсын төсвийн хүрээнд бараг 40-өөд сан ажиллаж байна. Тэгэхээр энэ сангуудаа цэгцэлж “Баялгийн сан”-гийн агуулгад нь нийцүүлэх ёстой. Уул уурхайгаас тодорхой хэмжээний орлого “Баялгийн сан”-д орлоо. Энэ сан маань аривжиж, өөрөө өөрийгөө өсгөж байх учиртай. Ингэснээр цаашид тогтвортой ажиллана, өсөн нэмэгдэнэ. Тэр үр дүнгээс нь ард иргэдэд хувь хишиг хүртээдэг байх учиртай гэж ойлгож байгаа. Түүнээс биш улсын төсвөөс өгсөн мөнгө төгрөгийг тусгаарлаж авч байгаад хэн нэгэн хүн зарах нь сан гэдэг агуулга биш. Зүгээр л тусгай данс болж үлдэнэ. Иймд өнөөдрийн байгаа сангуудаа цэцлэхээс “Баялгийн сан” байгуулах үйл ажиллагаа эхэлнэ. Цаашдаа өөрөө өсч арвижиж байдаг үе хоорондын сан байна. Бид өнөөдөр бүрдүүлж өсгөж арвижуулаад үр шимийг нь ашиглана. Тэгэхээр Монгол Улс бол “Баялгийн сан”-тай байх нь зүйтэй юм байна гэдэг зарчмын нэгдсэн ойлголтод хүрсэн. Одоо бол сангаа яаж байгуулах дараагийнхаа алхмыг хийх гэж байна. Энэ хүрээнд хоёр асуудал яригдана. Эхнийх нь ямар эх үүсвэрээс бүрдүүлэх, дараа нь ямар зарчмаар ажиллах вэ гэдгээ тодорхойлно.
-Энэ сангийн удирдлага, ил тод байдлын хувьд ямар байх бол. Бид аливаа зүйлийг улс төрөөс хараат бус байлгана гэдэг. Жишээлбэл, Төрийн банкийг анх байгуулахдаа улс төрөөс хараат бус олон улсын жишгээр байгуулна гэсэн. Гэтэл улс төрийн нөлөөлөл их байна гэдэг шүүмжлэл гардаг. Тэгэхээр “Баялгийн сан” улс төрийн нөлөөллөөс хараат бус байж чадах уу?
-“Баялгийн сан” улс төр, хэсэг бүлэг хүмүүсээс хамааралгүй байх ёстой. Үүнийг л удирдлагын гол зарчим болгоно гэж бодож байгаа. Урьд нь, бид хоёр удаа сан байгуулсан. Дээр хэлсэн, “Монгол Улсыг хөгжүүлэх сан”. Одоо бол “Хүний хөгжлийн сан” ажиллаж байна. Энэ хоёр сан анх хүсэн хүлээж байсан үр дүнг өгөөгүй. Яагаад гэвэл, улс төрийн нөлөөгөөр энэ сангуудын хөрөнгө мөнгө зарцуулагдсан. “Монгол Улсыг хөгжүүлэх сан” бол сонгуулийн өмнөхөн зарцуулагдаж дууссан. Их ажил хийх ёстой гэдэг далбаан дор энэ сангийн хөрөнгийг эрчим хүчний шугам татах, дэд бүтэц бий болгох чиглэлд зарцуулсан юм. “Хүний хөгжил сан” бол байгуулагдахаас эхлээд л улс төрийн нөлөө орсон. Сонгуульд өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд байгуулсан. Энэ сан нь өөрөө орлого бүрдүүлж амжаагүй байж зарлага гаргаж эхэлсэн л дээ. Өнөөдөр энэ сан бараг хоёр их наяд төгрөгийн өртэй байгаа. Дандаа урьдчилгаа төлбөр, урьдчилж авсан зээлээр бүрдүүлээд түүнийгээ бэлэн мөнгө хэлбэрээр ард иргэдэд тараагаад дуусгачихлаа. Тэгэхээр энэ байдлаас бид сургамж авч “Баялгийн сан” дээр дахин давтах ёсгүй. Үүнийг хуулиар зохицуулах учиртай. Хуульдаа сангийн хөрөнгийг зарцуулах зориулалтыг тодорхой зааж өгөх ёстой. Сангаас санхүүжилт гаргах журам, дүрэм маш хатуу байх хэрэгтэй. Энэ сан богинохон хугацаанд, сонгуулийн дөрвөн жилийн давтамж тодорхой улс төрийн хүчний үйл ажиллагаанд бус нийтлэг том эрх ашигт захирагддаг байх механизмийг хуулиар тогтоовол жинхэнэ утгаараа ажиллана. Товчхондоо, улс төрөөс хараат бус сан гэсэн ойлголттой байна.
-Сан байгуулах бэлтгэл ажил хангахад ямар, ямар алхам хийх шаардлага байна вэ?
-Хамгийн эхэнд эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгох учиртай. Дараа нь сангаа бүрдүүлэх зарчмаа тодорхой болгож хуульчлах хэрэгтэй. Гуравт нь, сангийнхаа удирдлагыг оновчтой зөв тогтоож, ил тод хараат бусаар ажиллах нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байна. Үүнийг цаг алдалгүй ойрын үед хэрэгжүүлж эхэлнэ. Засгийн газрын хурлаар ажиллаж байгаа сангуудын үйл ажиллагааг боловсронгуй болох асуудлыг хэлэлцээд ажлын хэсэг томилогдсон. Энэ ажлын хэсгийг Сангийн сайдын хувьд би ахлаж байгаа. Өнөөдөр улсын төсвийн хүрээнд ажиллаж байгаа бүх санг цэгцлэх анхны тодорхой алхам ирэх сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдэгдэнэ.
-Тэгэхээр сангуудаа цэгцэлнэ гэлээ. Одоо байгаа “Хүний хөгжил сан”, “Тогтворжуулалтын сан” байх уу. Ашигт малтмалаас олсон орлогоо яаж хуваарилах юм бол?
-“Нийгмийн даатгалын сан”-гаас эхлээд “Тогтворжуулалын сан”, “Хүний хөгжил сан”, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Байгаль хамгаалах сан”, “Гадаад ажиллаж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах сан” гээд янз бүрийн сан бий. Энэ сангуудыг зориулалт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр ангилж, зөв гольдролд оруулна. Монгол Улсад бий болох “Баялгийн сан” бол дотроо хоёр, гурван дэд сантай байна гэсэн санал нэлээд яригдаж байгаа. Тэгэхээр хоёр дэд сантай “Баялгийн сан” байгуулна гэж үзэхэд нэг нь “Тогтворжуулалтын сан” байна. Дээр хэлсэн эдийн засаг маань тогтвортой өсч байх ёстой учраас. Хоёрт ирээдүйд чиглэсэн сан байна гэсэн нэг загвар бий. Ирээдүйн, Нийгмийн даатгалын сан байх гэсэн ёстой гэсэн хувилбар ч байгаа. Бусад оронд аль аль нь л байна. Үр дүнтэй ажилладаг. Судлаад бидэнд илүү оновчтой хувилбараа л сонгож авна.
-“Баялгийн сан”-гаа арвижуулна гэж байгаа. Үүнийг удирдаж чадах мэргэжилтэн манайд бий. Эрсдэлийг хэрхэн үнэлж байгаа бол. Олон улсын даатгалд хамрагдах уу. Ер нь “Тогтворжуулалтын сан”-д хуримтлагдсан мөнгө хэр байгаа вэ?
-Тогтворжуулалын сан бол нэлээд хатуу хуулийн зохицуулалттай. Хатуу гэдэг нь улсын төсөв алдагдалтай ч Тогтворжуулалтын сангаас өнөөдөр зарлагадахгүй байна шүү дээ. Энэ санд одоо 335 тэрбум төгрөг хуримтлагдсан. Хоёр дахь сан бол “Ирээдүйн хөгжлийн сан” байна. Энэ сан бол тодорхой хэмжээнд гадаад, дотоодын оновчтой зах зээлд хөрөнгө оруулалт хийж, өөрийгөө арвижуулна. Тэгэхээр “Ирээдүйн хөгжлийн сан”-гийн арвижуулах үйл ажиллагааг удирдах боловсон хүчний чадавхи байна уу гэлээ. Би байна гэж нотолж чадахгүй. Гэхдээ байхгүй гэж бас үгүйсгэж чадахгүй. Энэ санг байгуулагдахад, түүний үйл ажиллагааг аваад явчих хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчин хангалттай байгаа. Эдийн засаг, санхүү, банкны чиглэлээр бэлтгэгдсэн залуус олон бий. Манай яаманд ч ийм залуучууд байдаг. Саяхан яамныхаа дотоод бүтэц, зохион байгуулалтыг сайжруулж, санхүүгийн зах зээлд ажиллах өрийн удирдлагын чиглэлийг боловсронгуй болгосон. Энэ хүрээнд “Баялгийн сан”-гийн бие даасан хэлтэс байгуулсан. Уг хэлтэс эрх зүйн зохицуулалт бий болгох, өнөөгийн сангуудыг цэгцлэхээс эхлээд хэтдээ “Баялгийн сан” бий болгох ажлыг гардан хийх юм.
-Тэгэхээр “Баялгийн сан” байгуулагдснаар байгалийн баялгаас ард түмэндээ хувь хишиг тэгш хүртээх юм байна. Энэ хувь хишгийг нь ямар хэлбэрээр өгөх юм бэ?
-“Баялгийн сан” ажилласнаар ард иргэдэд үр өгөөж, хувь хишиг нь очно. Гэхдээ энэ их учиртай. Хэзээ, хэдий хэмжээгээр хүртэх, юунаас очих вэ гэдгийг маш оновчтой зөв тогтоох учиртай юм. Өнөөдрийг хүртэл бид яасан бэ гэхээр нэг сан байгуулаад түүнийгээ хуваагаад тараахыг л хувь хишиг өгч байна гэж ойлгож ирсэн. Тэгвэл “Баялгийн сан”-гаа босговол энэ зарчим үндсээрээ өөрчлөгдөнө. Үзэл санаа нь байдгаараа байна. Тогтвортой байна. Өсч үржинэ. Дэвжинэ. Харин олсон орлогоосоо иргэддээ хувьчлан өгдөг юм. Өөрөөр хэлбэл, бид ярьдаг шүү дээ Төмөр сүргийн зарчим гэж. Энд үндсэн сүрэг маань байж байна. Харин бид үр дүнгээрээ хишиг хүртэж явна. Ингэхийн тулд иргэний, нийгмийн эргэлзээг арилгах ёстой юм. Тодорхой хугацаанд энэ сангаас хувь хишиг хүртэхгүй явна гэдгийг нийтээрээ ойлгох хэрэгтэй. Эхний хэдэн жилд хатуу байж мөнгөө хуримтлуулна. Жишээ нь, Норвегийн сан байгуулагдаад эхний таван жилд мөнгөө хуримтлуулсан. Хувь хишиг хүртээнэ гэдэг асуудлаа ярьснаас хойш бас таван жил өнгөрсөн. Тэгэхээр эхний арван жил хуримтлуулсан байна шүү дээ. Өнөөдөр Норвегийн сан нь 660 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна. Өөрийнхөө ДНБ-ийг 1.5 дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө тэнд хуримтлагдаж. Тэгэхээр энэ улс өнөөдөр хөгжлийн ийм өндөр төвшинд хүрчихсэн, ойрын ирээдүйд 50, 60, 100 жилдээ хөгжил нь ийм өндөр хэмжээнд тогтвортой байна гэсэн баталгаатай болсон байна.
-Тэгэхээр бид энэ улсын туршлагаар явна гэсэн үг үү?
-Бид ийм зарчмаар явна. Үнэндээ хуримтлалын сангаасаа бэлэн мөнгө тараах нь ард түмний амьдралд хэрэгтэй гэж бид төөрөлдөж явсан. Тэгээд хоёр их наяд төгрөгийг тараачихлаа шүү дээ. Гэтэл амьдралд тухайн хүндээ нэмэр багатай. Тэгсэн атлаа төр улсдаа асар их гарзтай. Одоо бид энэ хоёр их наяд төгрөгийн өрийг дарах шаардлагатай шүү дээ. Тэгэхээр энэ бол эдийн засаг, нийгмийнхээ агуулгаар ч үр дүн муутай болсон. Хоёр дахь төөрөгдлөөс сэргийлэх ёстой. Монгол Улс хөгжих ёстой, асар их ажил, бүтээн байгуулалт өрнүүлэх ёстой гэдэг. Тэр бүхнийг ашигт малтмалын орлогоороо хийгээд байя гэсэн нэг ойлголт байгаа. Гэтэл энэ маань бас төөрөгдөл юм байна. Яагаад гэвэл, асар их хэмжээний бүтээн байгуулалт хийхэд эдийн засагт тэр хэмжээгээр мөнгө орж ирнэ. Энэ мөнгө нь эдийн засгийн сөрөг үр дагавар дагуулна. Төгрөгийн ханш чангардаг юм уу эсвэл барааны үнэ ханш өснө. Үүнээс болоод ажилгүйдэл, ядуурал нэмэгдэнэ. Тийм учраас бид энэ төөрөгдлийг дагасан сөрөг үр дагаврыг гаргахгүй байх арга замыг олох ёстой. Үүгээрээ “Баялгийн сан” нь “Хүний хөгжил” сангаас ялгаатай юм.