Японы Кавагути хотод амьдардаг Рицуко Кенмоку гэдэг эмээ 81 насандаа дунд сургууль төгссөн диплом авч жинхэнэ тууштай амьдарна гэж юу байдгийг дэлхий нийтэд харууллаа. Японд бага, дунд ба ахлах гэсэн сургуулийг дүүргэж байж дунд боловсрол эзэмшсэн гэдэг диплом авдаг. 81 настай Кенмоку гуай энэ удаад дунд сургууль төгссөн гэсэн магадлагааг авсан нь энэ аж. Хамгийн гол нь зөвхөн ингээд зогсохгүй боловсрол эзэмшихээ үргэлжлүүлж, дөрөвдүгээр сараас эхлэн ахлах сургуульд суралцаж эхэлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Рицуко Кенмоку нь тэртээ 1931 онд жижигхэн тосгонд төрсөн бөгөөд хар багаасаа л боловсрол, мэдлэгтэй болохыг хүсдэг байжээ. Гэвч түүнийг дөнгөж наймтай байхад буюу 1939 онд Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн учраас бага сургуульд суралцах боломжгүй болжээ. Дайн дажинтай, хүмүүсийн амьдрал ядуу тарчиг байсан болохоор тариан талбайд ажиллан эцэг, эхдээ туслах ёстой болсон тул сургуулиа аргагүйн эрхэнд орхиж.
Ингэсээр дайн дууссан ч суралцах боломж ахиад л гарсангүй. Учир нь тэрээр нөхөрт гарч ар гэрээ авч явах гурван хүүхдээ өсгөх гэсэн том хариуцлагыг үүрчээ. Гэвч хүүхдүүдээ гэрийн даалгавраа хийхэд нь туслаж чадахгүйдээ ихэд сэтгэл зовдог байсан гэнэ.
Хүүхдүүд нь ч бие дааж бас ч гэж цаг завтай болсноор олон жилийн өмнө орхисон боловсрол эзэмших үйл явцаа үргэлжлүүлэх боломж гарчээ. Гурван жилийн өмнө Рицуко нь ямар ч үнээр хамаагүй дунд сургууль төгссөн диплом авна гэж шийдээд сургуульд орсон байна. Тэндээ гурван жил сурсан бөгөөд суралцана гэдэг маш сонирхолтой байсан гэж өөрөө хэлсэн байна. Дунд сургууль төгссөн дипломыг ачтайгаа нэг өдөр гардан авч энэ талаар “Надад сургуульд сурах их таалагдсан. Би ачтайгаа хамт нэг өдөр диплом авсандаа их баяртай байна” гэжээ.
Эмээгийн сурч байсан ангид гадаадын, өөрөөр хэлбэл япон биш хүүхдүүд олноор сурч байсан аж. Тэрээр сурч байхдаа гадаад хүүхдүүдийн япон хэлний мэдлэгийг сайжруулахад дуртайяа тусласан гэнэ. Эмээ ёс төдий хичээлд суусан болж явсаар төгсч болох байсан ч тэгсэнгүй. Суралцах үйл явцад маш хариуцлагатай хандаж. Тэрээр улирлын ба жилийн амралтын үеэр ч сургууль дээрээ ирж нэмэлт давтлага авч байсан гэнэ. “Охин минь намайг суралцахад хангалттай залуу байна гэж хэлсэн. Би өөрөө ч цаашид хичээнгүйлэн суралцах болно” гэжээ.
Японд дунд боловсрол олгох гурван шаттай сургалтын систем байдаг тухай дээр дурдсан. Бага сургууль нь зургаан жил, дунд сургууль нь гурван жил, ахлах сургууль нь гурван жил сурдаг. Эхний хоёрыг нь заавал дүүргэх ёстой. Гэхдээ япончуудын 94 хувь ахлах сургууль заавал дүүргэдэг.
Дунд боловсрол эзэмшинэ гэдэг зарим хүний бодоод байдаг шиг ёс төдий, хоосон зүйл биш гэдгийг харуулсан энэ мэт жишээ олон.
Жишээлэхэд, АНУ-д Фрэд Батлер гэдэг өвөө 106 настайдаа дунд сургууль төгссөн диплом гардан авч дэлхийн нийтийн анхаарлын төвд орж байсан билээ. Тэрээр таван хүүхдийн эцэг, Дэлхийн хоёрдугаар дайнд армид алба хаасан, хотынхоо ус хангамжийн газар олон жил турш ажилласан хал үзэж хашир суусан хүн. Гэхдээ есдүгээр анги төгсөх жилдээ таван дүүгээ тэжээх амаргүй ажилд ээждээ туслахын тулд сургуулиа орхисон байна. Дайн, ажил, хүүхдээ өсгөх гээд амаргүй ажлын дунд сургуулийн талаар мартаж болох байлаа. Гэвч дунд сургууль төгсч чадаагүй гэсэн бодол санааг нь байнга зовоодог байж. Энэ талаар сонссон хотын удирдлагууд түүний санааг цаашид зовоохгүйн тулд бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэсэн диплом гардуулан өгсөн байдаг. Түүнийг шударга ажил, амьдралаараа бүрэн дунд боловсролын диплом авах эрхтэй болсон гэж хотын мэр нь онцолж байлаа.
Дараагийн жишээ нь мөн л Америкийн Чикаго хотын оршин суугч 90 настай Элеанор Бенц эмээ юм. Тэрээр ажилд орохын тулд дунд сургуулиа тэртээ 1936 онд орхисон аж. “Уг нь төгсөхөд хэдхэн сар үлдээд байсан. Гэхдээ эгчийн минь ажиллаж байсан газар орон тоо гарсан учраас надад диплом биш мөнгө л хэрэгтэй байлаа” гэжээ. Ингэсээр тэрээр 1941 онд нөхөрт гарч 23 жилийн дотор 15 хүүхдийн ээж болоод дунд сургуультай манатай юм болж. Тэрээр 90 нас хүрэхийнхээ өмнө хүүхдүүдтэй ярилцаж байхдаа дунд сургуулиа дүүргэж чадалгүй хаяж явсандаа хамгийн ихээр харамсдаг тухайгаа хэлж л дээ. Түүнийг нь хүүхдүүд нь сонсоод ихэд гайхан тухайн үед сурч байсан сургуулийн удирдлагатай холбогдон 73 жилийн дараа бүрэн дунд боловсролтой гэсэн диплом авч болох эсэхийг асуужээ. Сургуулийн удирдлага архиваа ухаж байгаад болно гэсэн хариулт өгснөөр ийнхүү 91 насандаа дунд сургууль дүүргэсэн тухай баталгааг гардан авсан байна.
Эмээ энэ талаар “Би үнэхээр их баярласан. Миний хүлээн авсан аттестатыг 1936 оны хоёрдугаар сарын 1-нд гаргаж өгсөн бөгөөд тухайн үед захирал байсан Олис Уиндер гэдэг хүний гарын үсэгтэй байсан. Би үнэхээр аз жаргалтай байна. Гэхдээ одоо дунд сургуулийн боловсрол ч хангалтгүй болсон үе. Коллежид сурах шаардлагатай” гэж хэлсэн байна. Элеанор Бенц нь 54 ачтай гэдгийг онцлох хэрэгтэй байх.
Энэ бүхнээс дунд боловсрол гэдэг хүний амьдралд ямар их ач холбогдолтой зүйл байдаг нь тодорхой. Ёс төдий сурсан сураагүйн хооронд “нидрээд” өнгөрч болдог зүйл биш. Амьдралдаа илүүтэй итгэлтэй байх, илүү цалинтай, илүү сайхан амьдралтай байхыг хүссэн хүн болгон заавал дунд сургуулиа давж гарах ёстой байдаг болохоор л тэр. Энэ өвөө эмээ нар үүнийг амьдралаараа туулж мэдэрсэн болохоор ийнхүү олон арван жилийн дараа ч гэлээ дунд сургууль төгссөн гэсэн диплом авахыг нэр төрийн хэрэг гэж үзсэн байна. Дунд сургууль гэдэг тоглоом биш шүү.