Манай улсын цементийн хэрэглээ жил бүр нэмэгдсээр ирсэн. Жилд 1.5 сая тонн цемент хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Ирэх хоёр жилд эл хэрэглээ нь хоёр сая тонн давна хэмээн тооцож буй. Учир нь, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор болон уул уурхайн салбар дагасан бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Түүнчлэн барилгын үйлдвэрлэл сүүлийн 10 жилд 10 дахин өссөн. Иймд зөвхөн цементийн үнэ л гэхэд гурав дахин нэмэгдсэн байна. Гэтэл манай улс жилд ашиглаж байгаа цементийнхээ 90 гаруй хувийг урд хөршөөс авдаг.
Жилд 800 мянгаас нэг сая тонн цемент импортоор авдаг гэсэн тоо бий. Эрээнд нэг тонн цемент 55-60 ам.доллар байдаг аж. Гэвч Улаанбаатарт очихдоо бүх зардал нь шингээд 130 орчим ам.доллар болдог. Тэгэхээр манай улс жилд нэг сая тонн цемент импортоор авлаа гэхэд 60 орчим сая ам.доллар гадагшаа урсч буй гэсэн үг. Үүнээс гадна урин дулаан цаг ирж, барилгын ажил эхлэхээр Замын-Үүд боомтын ачаалал ихэсдэг. Барилгын материал ачсан машины дараалал үүсч, галт тэргэнд ачихад нэлээд хүндрэл гардаг билээ. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улаанбаатар төмөр замын Замын-Үүд дэх шилжүүлэн ачих ангийн ажилтай танилцав. Цементийг вагонд түргэн шуурхай ачихын тулд “Биг маг” буюу хоёр тоннын багтаамжтай уутанд хийж багцлаад оруулж ирэх шаардлага тавих болсон байна. Ингэж оруулж ирсэн цементийг техникээр богино хугацаанд шилжүүлэн ачих боломжтой. Ингэж багцлаагүй бол нэг вагонд цемент ачихад дөрөв, таван залуу 5-6 цаг ажиллана. Харин савалгаатай бол 30-40 минутанд ачих бололцоо бүрдэх ажээ.
Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2016 он гэхэд цементийн хэрэглээгээ өөрсдөө үйлдвэрлэж, бүрэн хангах зорилт тавьсан. Дорноговь аймагт тус бүр нь жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хоёр үйлдвэр байгуулагдаж буй ажээ. Үүнээс гадна Хөтөлийн цементийн үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, жилд нэг сая тонн цемент хуурай аргаар үйлдвэрлэх өргөтгөл байгуулж буй юм. Шинэчлэлийн Засгийн газар цементийн үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын хэрэглээгээ бүрэн хангах зорилт тавьсан. Ерөнхий сайдыг Дорноговь аймагт ажиллах үеэр “Мон цемент” компанийхан барьж буй үйлдвэрээ очиж үзэхийг урив. Ингээд Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа тус төслийн ажлын явцтай танилцав. “Мон цемент” компани тус аймгийн Өрмөн суманд хуурай аргаар жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлж байна. Шохойн чулууны ордын нөөц 249 сая тонн. Нөөц нь цаашид нэмэгдэх бололцоотой бөгөөд хайгуул хийхдээ 100 метрээс доош өрөмдлөг хийгээгүй ажээ. Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа “Манай улсын цемент, арматурын хэрэглээ сүүлийн жилүүдэд өсч байна. Тухайлбал, жилд ашиглах цементээ өөрсдөө үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангаж чадвал байр орон сууцны үнэ хямдрах боломжтой. “Мон цемент” компанийн цементийн үйлдвэрийн эхний ээлж ирэх онд ашиглалтад орно гэж төлөвлөжээ. Одоогоор үйлдвэрийн барилгын сууриа ухаж байна. Барилгын ажлын явцад хятад ажилчид зуун хувь авч ажиллуулна гэсэн. Үүнийгээ төр засгийн байгууллагатай ярьж шийдвэрлэх байх” хэмээв.
Монгол Улсад өнөөдөр дэд бүтцээ хөгжүүлэх шаардлага бий. Үүний тулд зам гүүр, барилга байшин, олон үйлдвэр, нисэх онгоцны буудал, орон сууц зэргийг барих ёстой. Өнөөгийн байдлаар зөвхөн орон сууц л гэхэд 150 мянган айлынхыг барих шаардлага бий гэсэн судалгаа гарсан. Үүнд цемент маш ихээр хэрэгтэй. Тэгэхээр үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхгүй л бол импортоор хангана гэж байхгүй. Нөгөө талаар, өөрсдөө үйлдвэрлэвэл цемент худалдан авах мөнгө нь ч Монголдоо хөрөнгө оруулалт болон үлдэж, улсын эдийн засгаа эргээд тэтгэх төдийгүй орон сууцны талбайн үнэ ч хямдрах боломж бүрдэх юм.