Уго Чавесийг өөд болсны дараа Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байгаа Николас Мадуро нь дуулиантай мэдэгдэл хийсээр. Тэрээр ирэх сарын 14-нд болох Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг АНУ нууц арга хэмжээ явуулан тасалдуулахыг санаархаж байна гэж мэдэгдэв. Энэ сонгуульд Мадуро Уго Чавесийн залгамжлагч, үйл хэргийг нь үргэлжлүүлэгч болж эрх баригч намын өмнөөс нэр дэвшиж байгаа. Сөрөг хүчин нь нэгдэж байгаад Энрике Каприлесийг цорын ганц нэр дэвшигчээр тодруулсан. Ингэснээр АНУ-д Ардчилсан ба Бүгд найрамдах гэсэн хоёр нам л голлон өрсөлддөгтэй адил байдал үүсч байгаа юм. Ийм нөхцөлд Венесуэль шиг оронд байдал маш ээдрээтэй болдог. Ялагдсан тал нь ялагчаа элдэв аргаар луйвар хийлээ гэж өөрийн дэмжигчдээ гудамжинд гарган төрийн эрхийг гартаа авах гэх, ялсан гээд байгаа эрх баригч нам нь цэрэг, цагдаа болж улс орон улс төрийн ба эдийн засгийн гүн хямралд ордог. Хамгийн сүүлийн үед явуулсан олон нийтийн санал асуулга нь Мадурог өрсөлдөгчөөсөө хамгийн багадаа 10 хувийн давуутай явж байгааг харуулсан нь байдал ээдрээтэх эхлэл тавигдсаныг гэрчилнэ.
Ийм үед Мадурогийн мэдэгдэж байгаагаар АНУ-ын Ерөнхийлөгч Обама, Америк тивийн орнуудын байгууллагад Америкийн төлөөлж байсан төлөөлөгч Рожер Норьега, Венесуэльд сууж байсан элчин сайд асан Отто Рейх нар ба Америкийн Тагнуулын төв газар, Батлан хамгаалах яамны ажилтнууд нь сөрөг хүчнээс нэр дэвшигч Каприлесийн амийг хөнөөх гэж байгаа гэнэ. Ингэснээр Мадурогийн тал ба Каприлесийн хооронд цуст мөргөлдөөн үүсгэн, улмаар Чавесийн үйл хэргийг үргэлжлүүлж байгаа Мадурогийн нэр хүндийг улс дотоодод төдийгүй дэлхийн хэмжээнд огцом унагах. Цаашлаад сөрөг хүчнээс өөр нэгэн нэр дэвшигч гаргаад дахин ээлжит бус сонгууль зарлаад дүн гарахаас өмнө түүнийг ялсан гэж мэдэгдэх замаар төр эргүүлэх санаархалтай байна гэв. Ингэж мэдэгдсэн Мадуро нь Америкчуудад хандан гэмт санаархлаа орхихыг шаардсан нь ойлгомжтой.
Үүний хариуд АНУ-ын тал мэдэгдэл хийж “Манай улсын төлөөлөгчид Венесуэльд хор хүргэх зорилготой ямар нэг үйлдэлд оролцсон гэхийг бид эрс хатуу үгүйсгэж байна” гэжээ. Үүнийг дагаад Мадуро амь насыг нь хамгаалах гээд байгаа гэх Каприлес мэдэгдэл хийж ихэд хилэгнэлээ. Тэрээр “Хэрэв надтай ямар нэг зүйл тохиолдвол бүх хариуцлагыг Николас Мадуро” хүлээх ёстой гэв. Ингээд ч зогссонгүй өрсөлдөгчдөө хандан “Би авсан саналынхаа тоогоор устгах гэж байна. Дэмжиж байгаа гэх хүмүүс нь үнэндээ зөвхөн Чавестай хамт байсан болохоор л тэгсэн. Түүнээс чамайг хэн ч дэмжихгүй” гэжээ. Үүний дээр Чавесийн эрүүл мэндийн талаар санаатай худал мэдээ тарааж, Үндсэн хууль зөрчин Төрийн эрхийг гартаа авахыг завдсан, ер нь Чавесийн хорт хавдар гэдэг нь өрсөлдөгчдийнх нь санаатайгаар бий болгосон ор үндэсгүй зүйл гэсэн юм.
Энэ сонгуулиар Чавесийн талыг баримтлагчид ялагдвал дэлхийн хэмжээнд ямаршуу байдал үүсч болох талаар бид өмнө нь уншигч танд сонирхуулж байсан билээ.
Венесуэльд сонгуулийн өдөр ойртох тусам байдал улам ээдрээтэй болох нь үүнээс харагдаж байна. Мадуро сонгуулийн пиар хийж байж болох ч үнэндээ АНУ нь дээрх дурдагдсан аргаар өнгийн хувьсгал хийж төр эргүүлэхдээ гаргууд. Украйнд Ющенког гаргаж ирэхийн тулд Мадурогийн хэлээд байгаатай төстэй аргыг ашигласан. Америкчуудаас асар их дэмжлэг авсан Ющенко нь сонгууль дуусаагүй байхад л өөрийгөө ялагчаар зарлаж, эрх баригчид ялсан гэх бүх мэдээ худал гээд дэмжигчдээ гудамж талбайд гаргасан. Үүний дээр сонгуулийн явцад зүв зүгээр байсан царай нь гэнэт аймшигтай болон өөрчлөгдсөн бөгөөд үүнийг эрх баригч намынхан, тэдний ард байгаа Оросууд өөрийг нь хордуулах гэлээ хэмээн мэдэгдсэн юм. Улмаар ингэж хордуулсан гэх бүх баталгаа өөрт нь байгаа, яаралтай арга хэмжээ авсан тулдаа азаар амьд үлдлээ гэсэн. Энэ мэдэгдэл нь хэний төлөө саналаа өгөхөө сайн мэдэхгүй дундыг баримтлаж байсан хүмүүсээр өрөвдүүлж, өөртөө санал өгүүлэх боломж бүрдүүлсэн гэдэг.
Арменид болж өнгөрсөн сонгууль ч Мадурогийн ярьсан ортой гэдгийг харуулсан бас нэгэн жишээ боллоо. Ерөнхийлөгч Саргсяныг ялах нь бараг тодорхой гэдэгтэй бүх л улстөрч, судлаачид санал нийлсэн, сөрөг хүчнээс түүнтэй өрсөлдөх нэр хүндтэй нэг ч хүн үгүй. Ийм байтал сөрөг хүчний нэгэн нэр дэвшигчийн амь насанд халдаж шархадуулсан ноцтой хэрэг гарсан. Шархадсан нэр дэвшигч өөрийг нь алахаар завдасныг сайн мэдэж байгаа гэсэн утгатай мэдэгдэл хийсэн ч яг хэн бэ гэдгийг огт хэлээгүй.
Энэ дуулианыг сөрөг хүчний бусад нэр дэвшигч чадварлагаар ашиглан Саргсян болон түүнийг дэмждэг Оросуудыг буруутган уурлаж, сонгогчдыг Оросын эзэрхийлэлээр айлгаад өөрсдийгөө сонгуульд ялсан гэдгээ урьдчилаад зарлаад эхэлсэн. Гэвч улстөрчдийн урьдчилан таамаглаж байснаар Саргсян ээлжит ялалтаа байгуулж, үүнийг нь АНУ, Европын холбоо, Оросын ажиглагчид зөвшөөрсөн. Гэвч сөрөг хүчнийхэн зөвшөөрсөнгүй өлсгөлөн, суулт зарлаж бүгд өөрсдийгөө шинэ Ерөнхийлөгч гэж мэдэгдэх дээрээ тулсан. Гэхдээ дэлхийн хамгийн нөлөө бүхий орнууд сонгуулийг зөрчилтэй ч гэлээ шударга болсон гээд хэлчихсэн болохоор энэ нь үр дүнд хүрч чадаагүй.
Сая Орост болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Мадурогийн хэлсэнтэй яг адил аргаар өөрийг нь унагах санаатай байгааг Путин өөрөө албан ёсоор мэдэгдэж байсан. Путиний хэлж байснаар сөрөг хүчин сонгуульд гарцаагүй ялагдана, дэмжигчдийнх нь санал яагаад ч хүрэхгүй гэдгийг сайн ойлгож байсан. Иймээс сөрөг хүчнээс нэр дэвшсэн аль нэг нэр дэвшигчийн амийг хөнөөх замаар нийгэмд бухимдал, уур хилэн үүсгэж, түүгээр дамжуулан жагсаал хөдөлгөөн үүсгээд Украйн, Гүрж болон Арабын орнуудад гарч байсантай адил хувьсгал хийж төрийн эргэлт гаргах санаатай байгааг бид олж мэдсэн гэж Путин хэлж байлаа.
Улмаар төрийн эргэлт гаргаж сөрөг хүчин Засгийн эрхийг гартаа авбал Путинийг хэнтэй адил хувь тавилан хүлээж байсан нь ойлгомжтой. Гэвч Оросын сонгогчдын илэрхий олонх нь Путинийг дэмжиж, өндөр орлоготой, бэл бэнчинтэй цөөнх сөрөг хүчнийг дэмжиж байсан болохоор ийм таагүй зүйл тохиолдоогүй.
Энэ мэтээр сонгуульд өрсөлдөж байгаа талуудыг дэмжигч гадаадын болон дотоодын нөлөө бүхий хүчнүүд элдэв арга ашиглан өөрийн хүнээ төрийн эрхэнд гаргаж, эрх ашгаа хамгаалуулах гэсэн тохиолдол цөөнгүй. Тийм ч болохоор АНУ зэрэг том гүрнүүд нь Төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдөж байгаа хүн болгоныг тусгайлан хамгаалалтад авдаг уламжлалтай юм.