Хавар цаг айлчлан ирж салхи савир эхэлж байх шив дээ. Хаврын хавсарга, хавирга нэвт үлээж, дээвэр туурга дэрвүүлж эхлэхтэй хамт улс төрийн синдром гэдэг хаврын тэмцэл эхлэх нь. Энэ бол өмнөх Засгийн газрын эхлүүлсэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах гэж өргөдлөө өгөөд, урьдчилгаагаа төлчихсөн айлын иргэд. Одоохондоо нийслэлийн төв талбайд өлсөөд сууж байгаа энэ хүмүүсийг МАН далдуур ихээхэн хатгаж, намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нь эргэж очингоо “Манай намын Засгийн газрын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж чадахгүй бол энэ засгийн газар, Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцор” гэж шаардав.
Үүнийг үл өгүүлэн бичих минь
Уг нь энэ хүмүүсийн худалдаж авахаар амласан орон сууц нь ч аль хэдийнээ ашиглалтад орчихсон юм гэнэ. Хөөрхий хүмүүс ч урьдчилгаа мөнгө төгрөгөө аль хэдийнээ өгчихсөн.
Одоо болохоор энэ 1700 гаруй хүний өмнөөс Төрийн нэрээр зээл олгож барилгын компаниудад мөнгө төлөх Төрийн банк л энэ бүхнийг гацаагаад байна гээд байгаа. Гэтэл Төрийн банкны удирдлагууд болохоор энэ хүмүүсээс 700 нь л зээлийн шаардлага хангаж байгаа гэж нэг хэлээд, ажил явж байгаа энэ 1700 хүн бүгдээрээ хамрагдах боломжтой гэж хэлээд сууж байна.
Хамгийн үнэн нь энэ хөтөлбөрийн зээлийн мөнгийг зөвхөн Төрийн банкнаас өгөхөөр зохицуулсан нь ганцхан энэ банкийг туйлдуулж мэдэх зүйл гэдгийг өөрсдөө хэлж буй.
Юутай ч 2011 онд баяр ёслолын байдалтай эхлүүлж байсан энэ хөтөлбөр өнөөдөр ийнхүү гацаанд орчихоод, хууртагдсан хүмүүс дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж аргагүйн эрхэнд сууна, өлсөнө гээд явж байгаа нь энэ. Барилгын компаниуд нь ч мөнгөө төлөөгүй иргэдэд байрыг нь өгөх хэцүү, өөр хүнд зарах хэцүү, алдагдал хүлээгээд л байж байгаа.
Энэ юу харуулж байна аа. Ердөө манай эрх баригчид өмнө нь алив ажлыг олны төлөө, хүний төлөө, өөрсдийнхөө амны уншлага болгоод байдаг “АРД ТҮМЭН”-ийхээ төлөө хийдэггүй байсныг л харуулж байна. МАН-ын Засгийн газрын эхлүүлсэн энэ сүртэй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр чухамдаа сонгуулийн шоу байсан хэрэг. Тэгээгүйсэн бол хөрөнгө мөнгийг нь гаргаад, хэрхэн яаж хийхийг нь нарийн төлөвлөөд зохицуулчихаж болох байсан. Өнөөдөр барилга ямар хугацаанд яаж хурдан босдогийг мэдэхийн цаагуур мэдэж байгаа хүмүүс энэ бүхнийг нь зохицуулж өгөлгүй, зүгээр л 2012 оны хавар сонгууль болно шүү дээ гэж бодож, тэнгэр харж байгаад баахан сайхан зүйл амлачихсан нь одоо сөхөгдөж байгаа нь энэ. Тэгээд ч энэ хөтөлбөр орон сууцны, барилгын материалын үнэ өсөхөд л гайгүй сайн ташуур өгсөн. Энэ хөтөлбөр гарснаас хойш нэг жилийн хугацаанд орон сууцны үнэ нийслэл хотод дунджаар 17-18 хувь өссөнийг хэвлэлүүд тухайн үед нь бичиж байсан.
Чухамдаа энэ бүхнийг тооцолгүй, худал амласан зүйл нь өнөөдөр өөрсдөд нь хамаагүй болохоор дараагийн Засгийн газраа түлхэн унагаах хэрэгсэл болгож “Заавал хэрэгжүүл. Үгүй бол огцор” гэж чанга хашгираад хохирогсдод суух буйдан, өлсөх гэр авчирч өгөх гээд гүйж байгаа нь энэ л дээ.
Үнэхээр Төрийн банк энэ хүмүүсийн зээлийг зохицуулаад хэл ам удалгүйгээр, өлсч цангахгүйгээр шийдээд өгчихвөл энэ асар том сургамж болж байгаа нь энэ.
Өнөөгийн Засгийн газар үүнээс ч илүү олон зүйлийг амлаж байгаа. Олныг эс нуршаад гэр хорооллын дахин төлөвлөлт гэхэд л хийчихвэл мөн ч сайхан ажил, хийтэл мөн ч их даваа бий шүү дээ.
МАН-ынхан бол нэг шөнө зүүдэлснээ л маргааш нь яриад баталчихдаг, хөрөнгө мөнгө бэрхшээлийг нь огт тооцдоггүй, хийе ч гэж боддоггүй бол АН-ынхан уг нь бүр УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуулиас л ярьж эхэлсэн. Гэхдээ одоо тун олон зүйл олон нийтэд, ялангуяа тэр дахин төлөвлөх гээд байгаа газрынх нь оршин суугчдад ойлгомжгүй байгааг яах вэ. Хаана, ямаршуухан хороолол хот босох юм бол. Тэр нь барилга байшин, гудамж талбай нь ямар юм байх юм. Голоор нь нэг гудамж явуулаад, зэргэлдээ айлууд нь банзан хашаатай, хашаандаа шавар тагзтай байх юм уу. Тэгээд л түүн нь халуун хүйтэн ус оруулаад болоо юу.
Эсвэл нэг загварын байшингийн зураг гаргаад тулгачих юм уу. Хүмүүсийнхээ бэл бэнчинг бодсон юм уу. Тэр бүрийд нь таарсан үнэ ихтэй, үнэ багатай гээд хэд хэдэн янзын загвар, хувилбар гаргаад айл, хүмүүс нь сонгоод авах юм уу. Хашаа хайс нь ямар байх юм, нэг загвар уу, өөр өөр үү. Дахин төлөвлөх тэр газраас нь хэдэн айл нүүлгэх хэрэгтэй болж байгаа юм. Өнөөгийн гэр хорооллыг орчин үеийн европ загварын сууцны хороолол болгож гудамж талбай гаргана гэхэд мөн ч олон айл нүүлгэх хэрэгтэй болно л доо. Энэ бүхнийгээ хэрхэн тооцож байгаа юм, ямар шатандаа явж байгаа юм гээд тун ч олон асуулт байна санж.
Улсын баатар Э.Бат-Үүл, түүний багийг нийслэлийн иргэд ёстой л хоёр гараа өргөн дэмжсэн. Одоо олон хүн дэлхийн, европын олон том хот шиг хувийн орон сууцны тохижсон сайхан хороололд амьдарна гээд итгээд хүлээж байна. Энэ их итгэл найдвар, хүлээлт дээр нь одоо л ёстой түргэн шуурхай ажиллах хэрэгтэй байгаа юм биш үү. Яг ийм итгэл байгаа дээр нь энэ бүхнээ ил тод яривал ядаж хүмүүс хүлээж авч, ажил нь сайн бүтэх биш үү.
Гэтэл хөөрхий Э.Бат-Үүл л өөрөө энд тэнд яриад байдаг, бусад, яг ажил хариуцсан хүмүүс нь таг чиг.
Явж явж яг хийх дээрээ тулаад ирэхээр хөрөнгө мөнгө нь тодорхойгүй, гацаад өмнөх “100 мянган айлын орон сууц” гэдэг шиг араасаа баахан хэл ам дагуулсан, дийлсэн нь дэлдийснээ загнаж, нэг хэсэг нь өлсөнө цангана гэж айлгасан юм болох вий дээ.
Аливаа сайхныг амлах бол амар, хийх хэцүү. Хэцүүг ойлгох хүн ч бий, ойлгохгүй хүн ч бий. Бүр “битгий бүтээсэй” гэж ханцуй дотроо залбираад, жаахан л алдаа гарвал жагсахад бэлэн байгаа хүн, улс төрийн нам ч байж л байна наана чинь.
Нийслэл Улаанбаатар хотыг хот шиг хот болгох олон ажлын нь нэг орон сууцжуулах тухайд л ийм. Гэтэл цаана нь өөр ямар олон ажил бий билээ дээ.
Монгол ардын үлгэрт баранд алгадуулж үхсэн чонын дараа үнэг хамгийн их хоолыг нь баранд өгөөд “Түрүүчийн алгадуулж үхсэн чоноос сургамж авлаа” гэсэн гэдэг. Үүн лүгээ “100 мянган айлан орон сууц” гэдэг үлгэрээс сургамж авмаар л байна шүү.