Монголбанкнаас инфляцыг энэ оны эцэс гэхэд найман хувьд хүргэнэ гэсэн амлалт аваад ажиллаж байгаа. Ямар ч байсан оны эхний хоёр сарын статистик мэдээгээр инфляц буурч байгаа гэдэг дүн гарлаа. Гэвч статистик үзүүлэлтэд тэр бүр итгэхээ байчихсан ард түмний хувьд энэ бол тийм ч бодит мэдээлэл болж сонсогдохгүй байгаа юм.
Статистик мэдээгээр өнгөрсөн оны аравдугаар сард 15 хувьтай байсан инфляц энэ оны хоёрдугаар сарын байдлаар 11,3 хувьтай гарчээ. Үнэмшмээргүй санагдаж байсан ч гэлээ энэ бол алга ташин хүлээж авах мэдээ. Инфляц 5,5 нэг хувиар буурчээ. Гэвч инфляцын дарамт бага орлоготойд 20-30, дунд орлоготой иргэдэд 10-20 хувь байгаа гэнэ. Энэ нь тийм ч бага юм биш. Бага орлоготой нь олсон хэдийнхээ 20-30 хувийг, дунд нь 10-20 хувийг зүгээр л хийсгэчихэж байна гэсэн үг. Гэхдээ хамгийн гол нь инфляцын задаргааг харвал хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт саарчээ. Махны үнэ тогтворжиж, гурил будаа хийгээд импортын бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад тогтвортой байна. Цалингаа тэр бүр нэмж чадахгүй хувийн хэвшлийнхний хувьд энэ бол хамгийн чухал үзүүлэлт. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхийн хэрээр цалин нэмэх асуудал сөхөгддөг нь нэгэнт хууль шахуу болсон зүйл. Гэвч ... Өнөө эдийн засгийн суурь үнэ гэсэн томоохон тодорхойлолт өмнөө зүүчихдэг шатахууны үнэ өчигдрөөс нэмэгджээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хийгээд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын баталснаар Монгол Улс түүхэндээ анх удаа гурван сарын шатахууны нөөцтэй болсон гэж байгаа. Мөн зөвхөн хойд бус урд хөршөөсөө ч шатахуун авч эхэлсэн. Хойд хөршөөс 100 хувь хараат байдлыг 98, дараа нь 91 болтол бууруулсан. Дээрээс нь удахгүй газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар ч ярьж эхэлсэн. Мөн шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой барихын тулд Монголбанк Засгийн газар хамтран дэд хөтөлбөр хэрэгжүүлж, импортлогчдод бага хүүтэй зээл олгосон. Харамсалтай нь, импортлогчид маань жил бүрийн хавраар эхлүүлдэг ээлжит “будлиан”-аа өчигдрөөс эхлүүллээ. Мэдээж хэрвээ өчигдөртөө багтаад шатахуун импортлогч бүх компани үнээ нэмчихвэл Өрсөлдөөний тухай хуулиар үгсэн хуйвалдсан болоод багагүй мөнгөний торгуульд унана. Өмнөх торгуулиа төлөх, төлөхгүй дээрээ тулж шүүх цагдаагаар явж байгаа импортлогчид энэ удаад нухацтай хандахаар шийдсэн бололтой. Өнөөдөр Шунхлай, нөгөөдөр ... Эс тэгвээс бизнесийн алтан зарчмын дагуу хэрэглэгч аль хямд үнэтэй шатахуун санал болгож байгаагаар нь л үйлчлүүлнэ. Мэдээж Шунхлай компани дампуурах гээгүй л юм ганцаарчилсан тоглолт хийнэ гэж хэзээ ч үгүй.
Хоёрхон хоногийн өмнө “Роснефть”-ийн захирлуудын зөвлөлийн хурлаар Монголд нийлүүлэх шатахууны хэмжээг 400 мянган литрээр багасгасан талаар мэдээлэл гарсан. Гэвч энэ бол шатахууны үнэ нэмэх шалтаг биш гэдгийг манай албаныхан батлаад л байсансан. Шунхлай компанийн хувьд энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй хэмээн цааргалж байгаа бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэрвээ үнээ үндэслэлгүй нэмсэн нь батлагдвал хатуу арга хэмжээ авна гэжээ.
Мэдээж, хатуу арга хэмжээ гэдэг нь торгууль. Түүнээс Шунхлайг лацдаад хаачих эрх тэдэнд байгаа бил үү.
Арай гэж зүтгэсээр “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах“ хөтөлбөр хэмээн баталж бизнесийнхнийг яг үнэндээ аргадан байж барьсан инфляцыг аргамжаанаасаа алдчихгүй л байж чадвал өнөөх нэг оронтой тоо руугаа гулгаад орох боломж уг нь харагдсан л юмсан. Харамсалтай нь, хаврын савалгаатай шатахууны үнэ хаашаа зүтгэхээс Засгийн газрын Усан могой жилийн эхний улирлын ажлын үнэлгээ тодрох нь.